horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Керчийн хоолойд газрын тос асгарсны улмаас экологийн гамшиг нүүрлээд байна

post-img

Одоогоос сарын өмнө Хар тэнгист газрын тос тээвэрлэгч хоёр усан онгоц осолдож гэмтэн, их хэмжээний газрын тос асгарсны улмаас ОХУ болон Крымын бүсийг дундуур нь заагладаг Керчийн хоолойд экологийн гамшиг нүүрлээд байна.

Өнгөрсөн оны 12-р сарын 15-ны өдөр Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан ОХУ-ын Волгонефть-239, Волгонефть-212 усан онгоцууд далайн шуурганы улмаас осолдож, Волгонефть-212 усан онгоц живсэн юм. Ослын улмаас 5000 тонн газрын тос тэнгисийн усанд асгарч, Хар тэнгис болон Азовын тэнгисийн усанд М100 төрлийн хүнд газрын тос буюу мазут тархаж, тухайн хэсэгт экологийн гамшигт байдал үүсээд байгааг эрдэмтэн мэргэжилтнүүд мэдээллээ.

ОХУ-ын ШУА-ийн гишүүн Виктор Данилов-Данильян орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа “тухайн бүсэд түлшний зориулалттай газрын тос анх удаагаа ийм их хэмжээгээр асгарсан нь энэ бөгөөд Оросын 21 дүгээр зууны түүхэн дэх хамгийн их хөнөөлтэй хүрээлэн буй орчны гамшиг болоод байна” хэмээн ярьсан байна. Тэрээр энэ сарын сүүл гэхэд усан доор асгарсан газрын тос Украины өмнөд хэсэгт хүрч, цаашлаад Румын, Болгар, Турк зэрэг улсуудын эргийн бүсэд хүрч очихыг үгүйсгэх боломжгүй юм гэжээ.

Энэ сарын 10-ны өдөр хиймэл дагуулаас авсан өндөр нягтаршилтай зургуудаас харахад асгарсан газрын тос Керчийн хоолойн доогуур 25 км урт газрыг хамарч байгаа нэг хэсэг, 5.7 орчим км урт газрыг хамарч байгаа өөр нэг хэсэг илэрчээ. Greenpeace байгууллагын төлөөлөгч BBC агентлагт өгсөн ярилцлагадаа тухайн хэсэгт асгарсан газрын тос нийт 400 км шоо дөрвөлжин талбай бүхий тэнгисийн усыг хамраад байгааг тооцоолсон гэжээ. Харин Украины Хүрээлэн буй орчны яамны зүгээс энэ удаагийн асгарсан газрын тосыг цэвэрлэх ажилд ОХУ-д 14 тэрбум ам.доллар шаардагдана гэдгийг тооцоолон гаргаснаа мэдээлсэн байна.

Байгал орчны эксперт мэргэжилтнүүд их хэмжээний газрын тос асгарсны улмаас далай тэнгисийн амьтан ургамал, экологийн шүтэлцээнд сөргөөр нөлөөлөхийг анхааруулаад байгаа юм. Газрын тос болсон шувууд олноороо ажиглагдаж эхэлсэн бөгөөд хичнээн тооны амьтдад энэхүү гамшигт байдал нөлөөлөөд байгаа нь тодорхойгүй байна. ОХУ-ын албаныхны зүгээс 6000 орчим шувууг нөхөн сэргээх төвүүдэд хүргээд байгааг мэдээлсэн бол Ставрополь хот дахь шувуу үржүүлгийн газрын мэдэгдсэнээр 1051 шувуу газрын тосны бохирдолд өртсөнийг тогтоож, 63 хувь нь үрэгдсэн байна. Харин Greenpeace байгууллагын зүгээс 2007 оны ижил төрлийн гамшгийн үеэр 13 мянга орчим шувуу үрэгдэж байсан бол энэ удаад дээрхээс хоёр дахин их хэмжээний газрын тос асгарсан тул үхэж үрэгдэх амьтдын тоо хамаагүй их байх болно гэдгийг тодотгожээ.

0/1000