АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурсан анхны зарилгуудын дунд багтсан, ирэх сараас хүчин төгөлдөр болох АНУ-д төрсөн хүүхдэд шууд иргэншил олгохыг хязгаарлах тухай тушаалд Сиэттл хотын шүүгч түр хориг тавьсан байна. АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгох зарчим тус улсын Үндсэн хуульд тусгагдсан байдаг учраас Д.Трампын зарлигаар шууд цуцлах боломжгүй гэдгийг эрхзүйн салбарын мэргэжилтнүүд хэлж байсан.
АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгох зарчмыг тус улсын Үндсэн хуульд 1868 онд оруулсан 14-р нэмэлт өөрчлөлтийн эхний өгүүлбэрт “АНУ-д болон түүний харьяа нутагт төрсөн бүх хүүхэд АНУ-ын болон оршин суугаа тухайн муж улсын иргэн мөн” хэмээн багтааж, зааж өгсөн байдаг юм.
Д.Трампын дээрх зарлигийн эсрэг Вашингтон, Аризона, Иллинойс, Орегон гэсэн дөрвөн муж улсаас тойргийн шүүхэд хандан хориглох хүсэлт гаргасныг авч үзсэний үндсэн дээр Сиэтлл хотын тойргийн шүүгч Жон Кохэнур ерөнхийлөгчийн зарлигийг “Үндсэн хуулийг илт зөрчсөн” хэмээн тодорхойлж, түр хориг тавьжээ. Ерөнхийлөгчийн зарлигт түр хориг тавьснаар зарлигийн хэрэгжилтийг дараагийн шатны шүүх ажиллагаа хүртэл 14 хоногийн хугацаанд түр хойшлуулах ажээ. Тойргийн шүүгчийн шийдвэр гарсны дараа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп давж заалдах бодолтой байгаагаа сэтгүүлчдэд мэдэгджээ.