Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

УИХ-ын намрын чуулган ажлын 81 өдөр хуралдаад, өнгөрсөн баасан гарагт өндөрлөлөө. Нийт 52 хууль, УИХ-ын 57 тогтоол хэлэлцэн баталсан аж. Үүнд бие даасан найм, нэмэлт, өөрчлөлт оруулсан 29 хууль байжээ. 126 гишүүнтэй парламентын хувьд энэ бол анхны намрын чуулган байсан юм.

Үндсэндээ хоёр гол асуудалд анхаарсан чуулган болж өнгөрчээ. Юуны өмнө хуульд заасан үүргийн дагуу намрын чуулганаар ирэх оны улсын төсвийг баталдаг. Гэвч манай шинэ парламент энэ удаа нэлээд будилж байж, арванхоёрдугаар сарын дундуур төсвийг арай гэж гараас гаргасан юм. Нийт хугацааны дөрөвний нэгийг төсөв хэлэлцэх, алдаагаа засаж, залруулахад зарцуулсан байна. УИХ-ын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон, туршлага муутай гэдэг нь ч нөлөөлсөн байж болох. Нөгөө талаар ажилдаа хурдтай суралцах, асуудлаа уншиж судлан УИХ-ын гишүүний үүргээ чамбай гүйцэтгэх нь тэдний хариуцлага. Тэгэхээр Засгийн газраас өргөн барьсан 2025 оны улсын төсвийн эхний хувилбарыг сайн хянах, засаж залруулах үүргээ УИХ хангалттай гүйцэтгээгүй гэж үзэж болно. Тиймээс л үрэлгэн зардал их, алдагдалтай төсвийг шууд баталж орхисон. Улмаар Ерөнхийлөгч үүнд нь хориг тавьж, парламент анх удаа хүлээн авснаар ийнхүү хоёр удаа эхнээс нь хэлэлцэх нөхцөл үүссэн хэрэг. Төсөвт бүхэлд нь хориг тавьсан, түүнийг УИХ хүлээж авсан үед асуудлыг ямар журмаар хэлэлцэх тухай зохицуулалт манай хуульд байсангүй. Тиймээс үүний учрыг олох гэж хэсэг юм болов. Ингээд цаашид энэ тохиолдолд тусгай дэг гаргаж зохицуулах туршлагатай болж авлаа. Ерөнхийлөгч хориг тавьж, чиглэл өгсний хүчинд УИХ өмнөх алдаагаа засаж, үрэлгэн зардлыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулсан, алдагдалгүй төсөв баталсан юм. УИХ-ын дарга намрын чуулганыг хааж үг хэлэхдээ “126 гишүүнтэй парламент намрын чуулганаар төсөв хэлэлцдэг хэвшмэл жишгийг өөрчилж чадсан” хэмээн дүгнэнэ лээ. Алдаагаа ингэж эергээр тайлбарлах нь бас сайн талын “авьяас” ч байж болох.

Удаах нь 30 гаруй жил гацсан, гадаад, дотоодын хүчин зүйлсийн нөлөөтэйгөөр хэрэгжилгүй удсан төслүүдээс хөдөлгөсөн явдал байв. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж буй. Үүнээс эхний гурав нь ямартай ч гараанаас гарах нөхцөлийг эл намрын чуулганаар бүрдүүлсэн нь амжилттай алхам байв. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоол болон Монгол-Францын уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар баталсан. “Засгийн газар огцор” жагсаал Сүхбаатарын талбайд 13 өдөр үргэлжлэхэд нэг ч тайлбар хийгээгүй Ерөнхий сайд Төрийн ордон дотор бас зарим нэг чухал ажил амжуулж суусан байх нь. Учир нь энэ сарын 17-нд Монгол-Францын Уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд талууд гарын үсэг зурж, улмаар УИХ үүнийг баталсан юм. Уран ашиглахыг эсэргүүцсэн жагсаалийг хэсэг иргэн хийгээд ч үр дүнд хүрээгүй. Айж суусаар аливаа бүхнээс хоцорч ханаснаа УИХ, Засгийн газар ийнхүү харуулав. Энэ бол ахиц. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулах нөхцөлийг бүрдүүллээ. Эдгээр төслийг урагшлуулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний танхим яриад байдаг өнөөх зоригоо гаргасан гэж үзэж болох юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганыг хаахдаа “Эдгээр төсөл Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх төдийгүй, улс төр, геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн улсын гуравтай нь эдийн засгийн салбарт нягт хамтын ажиллагаа өрнүүлэх нь Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой” гэжээ.

Алдаж, оносоор УИХ-ын намрын чуулганаар ийм гол хоёр асуудлыг шийдвэрлэжээ. Мөн эрчим хүчний үнэ чөлөөлөх шийдвэр ч гаргасан. Үндсэн хуулийн 100 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн чуулганыг ч зохион байгуулав. Энэ зуурт УИХ-ын гишүүдийн ажилдаа хандах байдал, ирц байнга шүүмжлэл дагуулсаар ирлээ.

Ажлаа хамгийн олон цаг тасалсан гишүүнээр Х.Баттулга, С.Лүндэг тэргүүтэн тодроод байна. Бүх ард түмний элч, төлөөлөгч байж, тэдний эрх ашгийн төлөө ажиллах үүргээ үл ухамсарласан иймэрхүү гишүүдийг эгүүлэн татах хуулийн зохицуулалт хэрэгтэй.

Олуулаа болсон ч хариуцлагагүй, хайнга байсаар байвал үр дүн бага гарна. Тэгэхээр дараагийн чуулган дээр гишүүдийн ирцийг сайжруулах бодит алхам хийх хэрэгтэй байгаа юм.

Ийнхүү намрын чуулган өндөрлөлөө. Гэхдээ Засгийн газраас ээлжит бус чуулган хийх санал хүргүүлсэн тухай мэдээлэл бий. Тиймээс хаврын чуулганаас өмнө ээлжит бус зарлаж болзошгүй нь.

- Шинэ
- Хандалттай