horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Өнгөрсөн долоо хоногт 4 барьцааны хүн сулласан “Хамас” бүлэглэл дахин 6 хүнийг суллана

post-img

Израилтай гал зогсоох гэрээ байгуулсан “Хамас” бүлэглэл өнгөрсөн долоо хоногт 4 барьцааны хүн суллаад байгаа бол энэ долоо хоногт ахин 6 барьцааны хүн суллахаар болсон байна.

Энэ талаар Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху мэдэгдсэн бөгөөд тэрээр “Хамас” бүлэглэл энэ долоо хоногт 6 барьцааны хүн суллах бол Израилын талаас даваа гарагаас эхлээд Газын зурвасын хойд хэсгээр палестинчуудыг орон гэрт нь буцааж эхлэхээр болсныг мэдэгджээ. Орон гэргүй болж, нутгаасаа дүрвэн гарсан олон арван мянган палестинчууд Газын хойд хэсгийн 7 км урт Нетзарим коридороор дамжин нутаг буцахаар хүлээж байна.

“Хамас” бүлэглэл өнгөрсөн бямба гарагт 4 барьцааны хүнийг суллаж, Израилын талд хүлээлгэн өгсөн юм. Энэ сарын 19-нөөс хэрэгжиж эхэлсэн гал зогсоох гэрээний дагуу одоогийн байдлаар талууд хоёр удаа солилцоо хийж, “Хамас” бүлэглэл нийт 7 барьцааны хүнийг сулласан бол хариуд нь Израилын тал 200 гаруй хоригдлыг суллаад байна.

Энэ долоо хоногт “Хамас” бүлэглэл нийт 6 хүнийг суллахаас баасан гарагт 3 хүн, бямба гарагт 3 хүнийг суллана гэдгийг Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяху болон гал зогсоох гэрээний зуучлагч Катар улсын ГХЯ мэдэгджээ.

2023 оны 10 сарын эхээр “Хамас”-ын гэнэтийн довтолгооны улмаас эхэлсэн Израил-“Хамас”-ын дайн 15 сарын хугацаанд үргэлжилсний эцэст энэ сарын 19-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн гал зогсоох гэрээний дагуу зогсоод байгаа. Өнгөрсөн хугацаанд Газын зурваст 47200 хүн (дийлэнх нь энгийн иргэд) амь үрэгдсэнийг Газын зурвасын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

0/1000