Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг өнгөрсөн 12-р сард цэргийн онц байдал зарлахыг оролдсоны дараагаар иргэдийн дунд үймээн самуун дэгдээсэн хэрэгт буруутган, Юн Сок Ёлын хэргийн дараагийн шийдвэрлэх ажиллагааны төлөвлөгөөг авч хэлэлцсэн байна.
Өнгөрсөн бямба гарагт Сөүлийн шүүхээс Юн Сок Ёлыг цагдан хорих хугацааг үргэлжлүүлэн сунгах хүсэлтэд татгалзсан юм. Тэгвэл прокурорууд ням гарагт ерөнхийлөгч Юн Сок Ёлыг төрийн эсрэг бослого, үймээн самуунд турхирч дэгдээсэн хэрэгт буруутган ял тулгажээ.
Ийнхүү тэрээр БНСУ-ын түүхэнд цагдан хоригдож байх хугацаандаа ял тулгуулсан анхны ерөнхийлөгч болоод байна.
Прокуроруудын зүгээс түүнийг Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хюн болон бусад төр засгийн албаны хүмүүстэй хамтарч, ямарваа нэгэн дайн байлдаан, зэвсэгт зөрчил мөргөлдөөн болон үүнтэй дүйцэхүйц үндэсний хэмжээний хямралын нөхцөл байдал үүсээгүй үед үндсэн хууль зөрчин, хууль бусаар онц байдал зарлаж, улмаар төрийн эсрэг бослого гаргаж, үндэсний хэмжээнд эмх замбараагүй байдал үүсгэхэд турхирсан хэрэгт буруутгалаа.
БНСУ-ын хуулиар төрийн эсрэг үймээн самуун дэгдээсэн хэрэгт бүх насаар нь хорих болон цаазын ял оноодог ч тус улсад сүүлийн хэдэн арван жилийн турш цаазын ял гүйцэтгээгүй байгаа юм.
Мөн түүнийг цэргийн онц байдлыг цуцлах асуудлаар санал хураах гэж байсан парламенты хуралдаанд саад үзүүлэхийн тулд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг парламентын ордонд дайчилсан явдалд болон Үндэсний Ассамблейн спикер Ү Вон Шик, сөрөг хүчний намын удирдагч нар болон сонгуулийн хяналтын байгууллагын албаныхан зэрэг өөрийнх нь эсрэг зогсч болзошгүй голлох улс төрчдийг баривчилж саатуулахаар төлөвлөсөн хэргүүдэд буруутгасан байна.
Ийнхүү хуулийн дагуу ерөнхийлөгчийг цагдан хорих хугацаа дуусахаас өмнө дээрх хэргүүдээр түүнд ял тулгаснаар түүнийг суллаж явуулахаас сэргийлж чадсан ч хэрвээ прокурорууд өнөөдөртөө багтаан шүүхэд түүнийг буруутай гэдгийг батлаж чадахгүй бол Юн Сок Ёлыг хуулийн дагуу суллах юм.
Ерөнхийлөгчийн албаны зүгээс прокуроруудын гаргасан дээрх үйлдлийг хууль бус гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бол эрх баригч “Ард түмний хүч” намын зүгээс ч мөн үүнтэй ижил өнгө аястай мэдэгдлийг хийжээ. Харин сөрөг хүчний Ардчилсан намын зүгээс Юн Сок Ёлыг ипмичментийн шүүх хурлын үйл ажиллагаанд бүрэн гүйцэд оролцохыг уриалаад байна.
Үндсэн хуулийн шүүх 180 хоногийн хугацаанд багтаж Юн Сок Ёлыг импичментээр огцруулах эсэх шийдвэрийг гаргах ёстой бөгөөд хэрвээ түүнийг албан тушаалаас нь огцруулсан тохиолдолд ерөнхийлөгчийн сонгуулийг 60 хоногийн дотор багтаан явуулах ёстой юм.