АНУ-ын Тагнуулын төв газрын зүгээс ковидын вирусийн халдвар тархалтын эх үүсвэрийн талаарх шинэ таамаглал бүхий дүгнэлтийг дэвшүүлжээ.
Өнгөрсөн бямба гарагт ТТГ-ын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр ковидын вирус амьтнаас хүнд халдварласан гэхээс илүүтэйгээр энэхүү вирусийн халдвар тархалт лабораториос алдсантай холбоотой байх магадлалтай гэжээ. Гэхдээ Америкийн тагнуулын агентлагаас мөн энэхүү таамаглал нь магадлал багатай гэдгийг тодотгосон байна.
ТТГ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын вирусийн гарал үүсэл нь байгалиас гэхээсээ илүү судалгаа, шинжилгээнээс үүдэлтэй гэх магадлал байгааг онцолжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын нэр дэвшүүлсэн Жон Ратклифф өнгөрсөн пүрэв гарагт ТТГ-ын даргын албанд томилогдсоны дараа ийнхүү ковидын эх үүсвэрийн талаарх АНУ-ын байр суурь өөрчлөгдөөд байна.
Д.Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд АНУ-ын Үндэсний тагнуулын албаны даргаар ажиллаж байсан Жон Ратклифф ковидын вирус лабораториос алдагдсан, Уханийн Вирус судлалын институтийн туршилтын лабораториос ковидын вирус алдагдсан байх магадлал өндөр гэдгийг анхнаасаа ярьсаар ирсэн. Харин тухайн судалгааны институт нь ковидын халдварын анхны кластер гэгдэх Хуанань далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний захаас 40 минут явах зайд оршдог юм.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэвлэгдсэн Breitbart News сонинд өгсөн ярилцлагадаа Ж.Ратклифф ТТГ-ын ковидын эх сурвалжийн тал дээрх дундыг баримталсан байр суурийг өөрчлөхийг хүсэж байгаагаа хэлсэн байна.
Гэхдээ ТТГ-ын зүгээс энэхүү шинэ таамаг дүгнэлт нь Трампын засаг захиргаанаас ч өмнө байсан таамаг гэдгийг тодотгож, Байдены засаг захиргааны сүүлчийн долоо хоногуудад тушаал нь гарч, хийгдсэн дүгнэлт болохыг, мөн “магадлал багатай, баримт нотолгоогүй, зөрчилдсөн” таамаг дүгнэлт болохыг онцолсон байна.
Одоог хүртэл ковидын цар тахлын эх үүсвэрийн талаарх эцэслэн тогтоосон дүгнэлт гараагүй байсаар байгаа юм. Байгалиас гаралтай, лабораторийн гаралтай гэсэн хоёр үндсэн таамаг байдаг ч аль аль нь батлагдаагүй бөгөөд БНХАУ-ын зүгээс лабораториос гаралтай гэх таамгийг Вашингтоны “улс төрийн шинжтэй төөрөгдүүлэлт” хэмээн няцаасаар ирсэн билээ.