horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

А.Лукашенко 86.8 хувийн саналаар Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа

post-img

Ням гарагт явагдсан Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын одоогийн төрийн тэргүүн Александр Лукашенко ялалт байгуулсан нь тодорхой болоод байна.

Ийнхүү А.Лукашенко долоо дах удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, төрийн тэргүүнээр сонгогдож байгаа бол ЕХ-ны удирдагчдын зүгээс энэ удаагийн сонгуулийн үр дүнг “ичгүүртэй үйл явдал” хэмээн тодорхойлоод байна.

Сонгуулийн санал тооллогын урьдчилсан дүнгээр А.Лукашенко нийт саналын 86.8 хувийг дангаараа цуглуулж, үнэмлэхүй ялалт байгуулаад байгааг тус улсын Сонгуулийн төв хорооны зүгээс даваа гарагт зарлан мэдэгдээд байна.

Түүний хамгийн гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байсан Сергей Сыранков 3.2%-ийн санал авсан бол Олег Гайдукевич 2.02%, Анна Канопатская 1.86%, Александр Хижняк 1.74%-ийн саналыг тус тус цуглуулжээ. Беларусийн Дотоод хэргийн яамнаас сонгуулийн өдөр санал авах байруудад ямар нэгэн зөрчил илрээгүй гэдгийг Телеграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Харин ЕХ-ны зүгээс энэ удаагийн сонгуулийг Лукашенкогийн өөрийгөө төрийн тэргүүний албанд томилох ээлжит хуурамч арга хэмжээ болсныг онцолж, чөлөөт, шударга, ардчилсан сонгууль болоогүй бөгөөд бид Беларусийн дарангуйллын дэглэм болон Украины эсрэг түрэмгийлсэн Оросын дайнд оролцож байгаа явдлыг нь шүүмжилсэн хэвээрээ байх болно, энэ бүгдийн эсрэг хориг арга хэмжээ авах болно гэдгээ онцлон мэдэгджээ.

ЕХ-ны Парламентын дарга Роберта Метсолла, Европын Комиссын дэд ерөнхийлөгч Каяа Каллас, АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлалтай Freedom House хэмээх зөвлөх үйлчилгээ болон өмгөөллийн групп, Литва улсын улс төрийн сөрөг хүчний тэргүүн Светлана Цыханоуская зэрэг олон байгууллага, удирдах албан тушаалтнууд 2025 оны Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийг шударга бус сонгууль болсон талаар шүүмжлээд байгаа бол эсрэгээрээ А.Лукашенко барууны шүүмжлэлийг няцааж, “энэ удаагийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх үгүй нь тэдний л асуудал, надад ямар ч хамаа байхгүй, барууныхан юу гэж бодох нь хэнд ч хамаагүй, миний хувьд хамгийн чухал зүйл бол Беларусийн ард түмэн л сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх явдал” хэмээн ням гарагт Минск хотноо зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.  

Беларусийн Сонгуулийн төв хорооны зүгээс ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 85.7 хувьтай гарсныг мэдээлсэн байна. Мөн Сонгуулийн төв хорооны зүгээс журмын дагуу сонгуулийн эцсийн албан ёсны дүнг 10 хоногийн дараа буюу ирэх сарын 5-ны өдөр гарган танилцуулахаар болжээ.

0/1000