Одоогоор Монгол Улсын Ерөнхий сайд нараас хамгийн удаан засагласан нь Н.Энхбаяр. 1990 оноос хойших Ерөнхий сайд нарын тухайд шүү дээ. Засгийн газрыг 4 жил 25 хоног тэргүүлсэн түүний амжилтыг одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ давж, рекорд тогтоох нь тодорхой боллоо. Тэр 2021.01.27-ноос өнөөдрийг хүртэл 4 жил 1 хоног засаглаж байна. 26 хоног ч юүхэн байх вэ дээ. Цагаан сар гэхэд тэр Монгол Улсын хамгийн олон жил ажилласан Ерөнхий сайд болно. Тэр энэ хугацаанд юу хийв? Хийсэн ажлаараа ч рекорд тогтоох нь хамтдаа эргэцүүлье!
Хөгжлийн бодлогыг анх удаа урт хугацаатай төлөвлөв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах ажлын хэсгийг ахлан, 2020.05.13-нд УИХ-аар батлуулсан юм. “Алсын хараа-2050” бол 1500 гаруй эрдэмтэн оролцсон, 567 салангид баримт бичгийг нэгтгэсэн, Монгол Улсыг 2050 онд бүс нутгийн тэргүүлэгч улс болгох зорилт тавьсан төлөвлөгөө.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоны дараа 2021 оны 12 дугаар сард “Алсын хараа-2050”-ыг хэрэгжүүлэхийн тулд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлуулав. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийг сайжруулах бодлогоо ийн анх удаа урт хугацаанд төлөвлөв. Эдгээр бодлого одоо Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн тулгуур хөтөлбөр болж байна.
2021 онд ДНБ 43.6 их наяд төгрөг байсан бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр 2024 онд 82.4 их наяд төгрөг боллоо. 1 хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657$ байсан бол 2024 онд 7,000$-т хүрэв. Экспортын орлого 9.2 тэрбум$ байсан бол 2024 онд 15.9 тэрбум$ болсон. Төсвийн орлого 2021 онд 14.3 их наяд төгрөг байсан бол 2024 онд 31.3 их наяд төгрөг болж нэмэгдлээ.

Боломж нээх боомтууд
Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, тээвэр ложистикийн асуудлыг шийдэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтыг сэргээхээр нийт 6 багц (43 төсөл) хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ингэснээр 2021-2024 онд төмөр замын 5 шинэ гарцтай боллоо.
Боомтын сэргэлтийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалт:
- Тавантолгой-Зүүнбаян 416 км төмөр зам
- Тавантолгой-Гашуунсухайт 233.6 км төмөр зам
- Шивээхүрэн-Сэхэ 7 км төмөр зам
- Зүүнбаян-Ханги 226 км төмөр зам
- БНХАУ болон ОХУ-ыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто зам
- Шивээхүрэн, Бичигт боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ачаа тээвэр, чингэлэг тээвэр, шилжүүлэн ачих терминал
Боомтын боомийг тайлснаар Монгол Улс 2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд амжилт тогтоогоод байна.

Эрчим хүчний реформ
Эрчим хүчний салбарт ДЦС-4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэв. Амгалан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар, Чойбалсан ДЦС-ынхыг 50 МВт-аар өргөтгөжээ.
2023 онд 80 МВт-ын том оврын батарей хуримтлуур суурилуулж, 220/110/35кВ-ын Сонгино дэд станцад холбов. Мөн 2024 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг ашиглалтад оруулж, Багануурын 50МВт-ын батарей хуримтлуурын станцыг төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон байна.
Засгийн газарт орсон намуудын төлөөлөл бүхий Эрчим хүчний үндэсний хороо байгуулж, эрчим хүчний салбарын бүтцийг задалж, зах зээлийн харилцаанд оруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг бүрдүүлж, эдийн засгийн хувьд орлогожсон салбарыг бий болгох реформыг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хүрээнд ирэх 4 жилд эрчим хүчний салбарын боомийг тайлна. Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүт, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил дуншсан төслүүдийг хэрэгжүүлнэ.
Хөдөөг сэргээх төсөл
Хөдөөг хөгжүүлбэл хотын олон асуудал шийдэгдэнэ. Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрт “Хот, хөдөөгийн сэргэлт” төсөл тусгасан.
Анх удаа орон сууц худалдаж авах гэж буй иргэдэд 6%-ийн хүүтэй зээл олгодог. Тэгвэл Улаанбаатараас хөдөө шилжин суурьшсан хүмүүст 3% хүүтэй зээл олгож, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг нь Зээлийн батлан даалтын сан батлан дааж байна.
Хөдөөг зоригсдод үзүүлэх хөнгөлөлт үүгээр зогсохгүй. Орон нутагт ажилласны нэмэгдлийг нэмлээ. Сум, тосгонд ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар бодож, сар бүр олгож байна. Хөдөөгийнхөн башийж, хотынхон санааширч эхэллээ.
Цахим үндэстэн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia системийг санаачлан эхлүүлэв. Энэ систем 2024 оны эцсийн байдлаар:
- 1.95 сая хэрэглэгчтэй
- 87 Байгууллага,1263 үйлчилгээтэй болж,
- 65 сая удаа үйлчилгээ үзүүлж
- Лавлагаа, тодорхойлолтыг дунджаар 5 секундэд өгч байна.
- 2020-2024 онд “E-Mongolia”-г ашигласнаар Монгол Улсын иргэд нийт 1.3 их наяд төгрөг хэмнэсэн байна. Үүнийг ангилбал:
- Төрийн үйлчилгээний байгууллага руу очих, буцах тээврийн хэрэгслийн зардал 81 тэрбум төгрөг
- Төрийн үйлчилгээ авах хугацаанаас үүдэлтэй зардал 1.22 тэрбум төгрөг
- Цаасан бичиг баримтын зардал 5.8 тэрбум төгрөг
НҮБ-аас 2 жил тутам шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2020 онд 193 орноос 92 дугаарт, 2022 онд 74 дүгээрт орсон бол 2024 онд 46 дугаарт орж, 28 байраар урагшилжээ.
Иргэдийн цахим оролцооны индексээр 2024 онд 20 байраар урагшилж, 193 орноос 37 дугаарт эрэмбэлэгдэж байна. Ингэснээрээ Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагтаа цахим шилжилтийн хамгийн эрчимтэй өсөлттийг үзүүлж буй улс болж байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийн луйврыг зогсоов
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын нэг гол ажил нь авлигатай тэмцэх, шударга ёсны төлөөх тэмцэл байж ирсэн. Өнгөрсөн хугацаанд авлига, шударга ёсны төлөө 5Ш ажиллагаа хэрэгжүүлж, цахим ил тод байдлыг ханган, Эрдэнэтийн 49 хувь, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөг, Дубайн гэрээ, Хөгжлийн банк, Тавантолгойн нүүрсний ордыг тойрсон хулгай луйврын схемийг илчилж, Төрийн хэмнэлтийн хууль, Авлигын ялын бодлогыг чангатгах зэрэг олон ажлыг хийж, зохих үр дүн гаргаад байна.
2016 оны 6-р сард сонгуулийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийг хувьчлахдаа УИХ-аар хэлэлцүүдэлгүйгээр төрийн өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн хуудуудтай луйврын схемийг илрүүлсэн. Луйврын “эзэд” зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-ээр тогтохгүй “Монголросцветмет”, Багануур, Шивээ-Овоогийн уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохойн үйлдвэр” зэрэг төрийн өмчит томоохон компаниудыг хүртэл концессын гэрээ нэрийн дор хууль бусаар луйвардаж авсныг хууль, хяналтынхан олж тогтоосон юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд авах Засгийн газрын шийдвэр гарснаар тус үйлдвэр 2016 онд 145 тэрбум төгрөг татварт төлж байсан бол 2023 онд 2 их наяд төгрөг татварт төлж 11 дахин нэмэгдэв.

Нүүрсний хулгайг илчлэв
“Эрдэнэс Тавантолгой” компани 2023 онд анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого олж, 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар, Үндэсний баялгийн сан бодитоор бүрдэх эхлэл тавигдав. Иргэд 1072 хувьцаа үүгээр “амь орж”, ногдол ашиг хүртэж эхлэв. 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгийн орлого олж, улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төлж, 4.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.
Хөгжлийн банкийг дампуурлаас гаргав
Дефолтын эрсдэлд орсон “Хөгжлийн банкны чанаргүй зээлийн хэрэг”-ийг илчилж, ил тод болгосноор Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдсөн юм. “Евро” бондын 500 сая ам ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс салав.
Засгийн газар “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Хуралдай” бонд болон гадаад зээлийн төлбөрийг төлөхөд, 13.3 их наяд төгрөг зарцуулав.
Тусгай сангуудын тусгай эрхийг халав
Мөн Засгийн газрын дэргэдэх 24 тусгай сангийн өр, зээл, үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгосон юм. Боловсролын зээлийн сан, Нийгмийн халамжийн сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зэрэг олон санг улс төрд нөлөө бүхий этгээдүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүс ашигладаг байсан нь ил болов. Мөн нНийслэлийн хэмжээнд сүүлийн 20 жилд олгосон газрын мэдээллийг ил болгосон. Тусгай сангуудын мэдээллийг ил болгосноор 11 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгджээ.
Дубайн гэрээг цуцлав
Оюутолгой ордтой холбогдох Дубайн гэрээг цуцлахаар Засгийн газар хэлэлцээр хийж, Монголын талд хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэв. Ингэснээр ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн дарамтаас гарсан юм.
1.4 сая иргэнээ эрт илрүүлэгт хамруулав
Хүн амаа эмчийн үзлэг, оношилгоонд хамруулж, аливаа өвчнийг эрт илрүүлэн эмчлэх ажлыг 2022.05.01-нээс эхлүүлсэн. Үүнд одоогийн байдлаар 1,482,402 хүн буюу нийт хүн амын 42.7% нь хамрагдаад байна. Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 77.1%-д нь өвчний сэжиг илэрч, хорт хавдартай 371 хүнийг бүртгэсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан энэ арга хэмжээг ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсээс сайн туршлага, инновац хэмээн тодорхойлжээ.

Цэцэрлэгийн сугалаанд цэг тавив
Улсын хэмжээнд 2020-2024 онд нийт 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад орууллаа. 2019 онд Улаанбаатарт 47, хөдөө 20 сургууль 3 ээлжээр хичээллэж байсныг үүний үр дүнд 2 ээлжид шилжсэн юм.
Улаанбаатар хотын 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулсан байна. Цэцэрлэгийн сугалааг халж, хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж бүрдээд байна.
Go Mongolia
2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Welcome to Mongolia” уриа дэвшүүлэв. Үүний үр дүнд 2023 онд анх удаа 600 мянга орчим жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого оллоо.
Үүний зэрэгцээ Дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, Facebook, TikTok, YouTube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлсэн нь 155 сая орчим хүнд хүрчээ. CNN, Netflix, HBO, “National Geography” зэрэг Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарснаар Монголын талаарх эерэг ойлголт 38 хувиар өссөн байна.
2024 онд Засгийн газар “Монголд зочлох жил”аяныг үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүрэн илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндээр өргөжүүлж, 810 мянган жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, энэ салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрлээ.
Агаарын тээврийг либералчилснаар 2022 онд 10 улсын 26 чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цэгт, 2024 онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдүүллээ.
Үндсэн хуульд хуульд нэмэлт өөрчлөлт оруулав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувьд манлайлж, улс төрийн намуудтэй зөвшилцөн, 2022, 2023 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. 2022 оны өөрчлөлтөөр Засгийн газар тогтвортой ажиллах суурийг баталгаажуулсан бол 2023 оны өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгов. Үндсэн хуультай уялдуулан шинэчилсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийн нэр дэвшүүлэлтэд жендерийн 1:1 бодлого нэвтрүүлснээр Монгол Улс энэ бодлогыг нэвтрүүлсэн Ази тивийн анхны улс боллоо.
Засгийн газраас санаачлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сонгуулийн реформ хийсэн нь сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлж, цаашид намууд хамтарч тогтвортой засаглах эрх зүйн орчныг бүрдүүлж, Засгийн газар тогтвортой, үр бүтээлтэй ажиллах эхлэл боллоо.

21 аймаг, 100 сумыг засмал замаар холбов
2022.06.27-нд Загастайн давааны хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой 7,000 гаруй км урт хатуу хучилттай авто замаар бүрэн холболоо. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлд 204,1 км авто зам тавилаа. Өнөөдрийн байдлаар нийт 21 аймаг, 100 гаруй сумыг хатуу хучилттай авто замаар холбоод байна.
2021-2023 онд тавьсан авто зам
- Ашиглалтад оруулсан авто зам 775 км
- Ашиглалтад оруулсан гүүр 1789 метр
- Шинээр ашиглалтад оруулсан авто зам 560 км
- Зассан авто зам 14.000 км