horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Морьтны соёл музейд үлдэх юм биш биз?!

post-img

“Монголын балчир хүүхдүүд хоёр, гуравтайгаасаа л морь унаж, давхиж эхэлдэг бөгөөд биеийн галбирт нь тохируулж нум өгнө”. Энэ бол Италийн нэрт аялагч, санваартан Плано Карпини 1240-өөд оны тэмдэглэлдээ бичиж үлдээсэн мөр. Монголчууд бидний дунд “Морьгүй хүн, далавчгүй шувуутай адил” гэдэг хэлц үг бий нь Карпинигийн тэмдэглэж үлдээснээс ч урт байж таарах нь. Гэтэл бид яал аа, 780 орчим жилийн дараа өвөл, хаврын цагт хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон. Бүр байтлаа “No Naadam” гэж мессежний хэлээр галиглаад соёл болсон наадмаа ч ад үзэж буй.

Монголчууд ашигт малтмалаараа цөм баяживдаа, 2011 онд. Яг энэ цаг мөчөөс барууны хөрөнгө оруулалт монголыг чиглэх болсон үетэй давхацдаг. Энэ давхцлын нөлөөнд монгол соёл нэн түрүүнд өртсөн нь морин уралдаан. Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн юм. Бага насны хүүхдийг “бараг зэрлэг” шахуу моринд суулгаад уралдуулах нь гадна талд хачин харагдах нь мэдээж. Тэгээд ч  НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтоор овоо хэдэн мөнгө авах гэтэл хүүхдүүдээ морин дээр суулгаад уралдуулаад байдаг. Ингээд барууны соёлын нөлөөгөөр хэт барууны үзэл баримтлалтай хэд нь хүүхдийн эрх ярьж эхэлсэн.

Үүтгэл ийм байсан. Гүйцэтгэл нь харин хурдан байсан даа. Аливаа гаднын соёл, тухайн үндэстний уламжлалд хүч түрэн ортлоо хэдэн арван жил шаарддаг бол манайд ердөө таван жил л хангалттай байж. Ингээд 2016 онд тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд А/36 тоот тушаалаар 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд ямар нэгэн морин уралдаан, үсэргээ, сунгаа хийхийг хориглосон тушаал гаргаж байв. Үүнээс яг гурван жилийн дараа  2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр, Засгийн Газрын 57-р тогтоол гарч, гурван жилийн өмнө зоосон сайдын огноогоор хориглосон юм. Аливаа зүйлийг тас хориглож, буулган нураагаад нурман дээр нь шинэ соёл тогтоох коммунист үзэл амь бөхтэй байгаагийн гол илрэл нь энэ. Хориглоод дараа нь яах билээ. Нууц хэлбэрт шилжинэ.  Нууц учраас Засгийн бодож олсон стандарт мөрдөхгүй. Мөрдөхгүй учраас айгаад байсан “эрсдэл” гээч нь нэмэгдэнэ. Тэгээд ч НТӨ 2000 жилийн тэртээгээс монгол нутагт адуу адгуулж ирсэн соёлыг том даргын “мэргэн ухаан” амархан дарчих нь юу л бол.

“Морь унасан монгол хүнийг харах бахдам сайхан. Монгол хүний хүч чадал, хурдан шаламгай байдал ямар ч балетчнаас илүү”. Карпинигийн хэлсэн үг эрт баларынх мэт байвал энэ үг арай орчин үеийнх. Данийн зохиолч, антропологич Хеннинг Хаслунд 1934 онд ийн тэмдэглэж байжээ.

Морьтой монгол бахдам сайхан, хүч чадлын илэрхийлэмж юм бол багаасаа бэлтгэгдэх нь зүй. Тиймээс ч жилийн дөрвөн улирлын алинд нь ч бэлтгэлжилттэй байж таарна. Хар ухаанаар бодоход бэлтгэлтэй байж гэмээж нь давхил хурдан, хараа цэлмэг, жавхаа төгөлдөр болно. Өвөл, хавар халтирч, хайрагдана гэж айгаад байсан бол монгол хүн морин дэл дээр дэлхийн талыг хураах байсан нь юу л бол.

Тэгээд ч энэ талаар 2020 онд тухайн үеийн ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар хэлэхдээ “Зун болгон болдог монгол үндэсний наадам гэж байгаа цагт, уяачид зуныхаа уралдаанд бэлтгээд хавар морины ажил хийж, морьдоо онгойлгодог. Тэгэхээр төрөөс хорьсон ч морины ажил далд хэлбэрээр хийгдэж, тэр нь ямар ч зохион байгуулалтгүй болох муу талаа дагуулсаар байх болно” гэж байв.

Эцэст нь, морьтны соёл архивын тоосонд дарагдах уу, цагийн өнгөтэй сүлэлдүүлээд зүрхэндээ тээгээд үлдэх үү гэдэг нь өнөө цагийн та, биднээс шалтгаална…

0/1000