Гал зогсоох гэрээний эхний шатанд Хамас бүлэглэлийн зүгээс суллаж явуулахаар болсон барьцааны 33 хүний 8 нь амиа алдсан, 25 нь амьд байгаа талаар даваа гарагт Израилын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дэвид Менсер сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тэрээр мэдэгдэлдээ гэрээний эхний үе шатанд Хамасын талаас суллана гэж мэдэгдсэн 33 хүний нэрсийн жагсаалтаас харахад 25 нь амьд байгаа гэсэн байна. Хамасын барьцаанд ойролцоогоор 90 орчим хүн байгаагаас 30-50 орчим хувь нь дайн байлдааны үед амиа алдсан байж болзошгүй хэмээн Израилын эрх баригчид үзэж байгаа ажээ.
Талуудын хооронд байгуулагдсан гал зогсоох гэрээний эхний үе шат ирэх 3-р сарын эхэн хүртэл үргэлжилж, энэ хооронд Хамасын талаас 33 барьцааны хүнийг суллаж, Израилын тал 2000 орчим палестинчуудыг суллаж буцаах бөгөөд энэ долоо хоногийн пүрэв болон бямба гарагт Хамас бүлэглэл нийт 6 барьцааны хүнийг суллахаар болоод байгаа юм.
Харин хамгийн хүндхэн гэгдэж байгаа хоёр дах үе шатны яриа хэлэлцээ явагдаагүй байгаа ба ирэх даваа гарагаас яриа хэлэлцээг эхлүүлэхээр болсон байна. Хамас бүлэглэлийн зүгээс энэ дайныг өндөрлүүлэх хүртэл үлдсэн барьцааны хүмүүсийг суллахгүй хэмээн мэдэгдээд байгаа бол Израилын тал Хамас бүлэглэлийг устгах хүртэл өөрсдийн довтолгоог зогсоохгүй, хэзээ ч сэргээж болно гэсэн сүрдүүлгийн шинжтэй байр суурийг илэрхийлсээр байгаа юм.
Мөн түүнчлэн сөргөлдөгч талууд Газын зурвасын засаглалын асуудал дээр хараахан тохиролцоонд хүрч амжаагүй хэвээр байгаа. Хамас бүлэглэл удирдлагын байр сууриа тавьж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч мөн ирээдүйд байгуулагдах аливаа нэгэн засгийн газарт өөрсдийн гэсэн тодорхой байр суурьтай байх шаардлагыг тавьж байгаа бол үүнийг нь Израилын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.