horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Дани улс Хойд туйлын бүс нутгийн аюулгүй байдлын төсвийг нэмэгдүүлэхээр болжээ

post-img

Дани улс Арктикийн бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд 14.6 тэрбум кронер буюу 2 тэрбум гаруй ам.долларын төсвийг зарцуулж, үүндээ тус улсын газар нутгийн бүрэлдэхүүнд багтдаг автономит засаглал бүхий Гренланд болон Фарогийн арлуудтай хамтран ажиллахаар болсон байна.

“Бид Хойд туйлын болон Атлантын далайн хойд хэсгийн бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт гарч ирж буй ноцтой сорилтуудтай нүүр тулгарах шаардлага үүсээд байна” хэмээн Данийн батлан хамгаалахын сайд Трөлс Лунд Поулсен мэдэгджээ. Уг аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээнд хойд мөсөн далайд зорчих зориулалт бүхий 3 шинэ усан онгоц, өндөр нягтаршилтай зураг, бичлэг дамжуулах хүчин чадалтай, холын зай туулах чадвартай дронууд худалдаж авах асуудлууд багтжээ.

Аюулгүй байдлын энэхүү шинэ гэрээ нь өнгөрсөн 12-р сард Данийн засгийн газраас Гренландын батлан хамгаалах салбарт зарцуулахаар болсон 1.2 тэрбум фунт стерлингийн төсөв бүхий хөтөлбөрөөс тусдаа өөр санхүүжилт юм.

Дани улсын засгийн газрын энэхүү шийдвэр нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын удаа дараа хийсэн Гренланд арлыг эзэмшинэ гэсэн мэдэгдэлтэй холбоотойгоор гараад байна. Асар том талбай бүхий Гренланд арал нь дэлхийн хамгийн сийрэг суурьшилтай газар нутгаар нэрлэгддэг бөгөөд нутгийн уугуул инуит иргэдийн тоо хэмжээ нь 56000 ажээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ Гренланд арлын аюулгүй байдлыг хамгаалж байсан түүхтэй хийгээд тус арал нь Хойд Америкийг Европтой холбодог хамгийн богино зам болдог тул стратегийн хувьд АНУ-д чухал ач холбогдолтой, түшиц газар нутаг юм. Сүүлийн жилүүдэд мөн Гренланд арлын байгалийн нөөц баялаг, ялангуяа газрын ховор элементүүд, уран болон төмрийн ордууд нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж болсон билээ.

Бүс нутгийн аюулгүй байдлын шинэ төсөв, зардлын талаар мөн Гренландын Тусгаар тогтнол, гадаад хэргийн сайд Вивиан Мотцфельдт мэдэгдэл хийж, Гренланд арал болон түүний ойр орчмын аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд хийгдэж байгаа энэхүү хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсанд туйлын баяртай байгаагаа хэлсэн байна. Энэ оны эхний хагас жилдээ багтаан дараагийн санхүүжилтийн талаарх мэдэгдэлийг мөн хийхээр болсон байна.

0/1000