Өнгөрөгч сард Муан хотын олон улсын нисэх онгоцны буудалд осолдсон Чэжү Эйр компанийн онгоцны ослын урьдчилсан дүгнэлт бүхий тайланг БНСУ-ын Нөөц баялаг, зам тээврийн яамны харьяа Агаарын тээвэр, төмөр замын ослыг шалгах хорооны зүгээс даваа гарагт нийтлэн танилцуулсан байна.
Уг тайланд Өмнөд Солонгост өвлийн улиралд түгээмэл байдаг нүүдлийн шувуу болох байгалийн нугас зорчигч тээврийн онгоцны хоёр талын хөдөлгүүрт орсон таамаглалыг дэвшүүлж, дээрх хөдөлгүүрүүдийн дотроос шувууны өд болон цусны толбо олдсон гэжээ.
Мөрдөн шалгах багийнхан онгоцны нислэгийн болон нисгэгчийн бүхээгийн хар хайрцгуудыг шалгаж үзээд, осол болж дэлбэрэхээс яг 4 минутын өмнө дуу хураагуурын бичлэг зогссон болохыг өмнө нь тогтоогоод байсан юм. Тэгвэл энэхүү тайланд газардахаас 2 км-ийн өндөрт, доошилж байхад бичлэг зогссон болохыг тогтоосноо мэдээлсэн байна.
Хар хайрцаг бичлэг хийхээ больсноос зургаан секундын дараа нисгэгч яаралтай тусламж хүссэн дохио илгээхийн зэрэгцээ өндрөө нэмээд дахин ниссэн ба дараагаар нь газардах төхөөрөмжийг нээж амжилгүй элгээрээ газардаж, нисэх онгоцны буудлын бетон байгууламжид мөргөн, дэлбэрч шатсан тухай тайланд тэмдэглэсэн боловч газардах төхөөрөмж яагаад нээгдээгүй талаар тайлбарлаагүй байна. Түүнчлэн мөрдөн шалгах багийнхан яг хэзээ хөдөлгүүрт шувуу орсон гэдэг дээр эргэлзэж байгаа бөгөөд хар хайрцагны бичлэгийн мэдээлэл хангалтгүй байгаа учраас ослын шалтгааныг олж тогтооход илүү их цаг хугацаа шаардагдана гэдгийг тодотгожээ.
Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр осолдсон онгоц болон хөдөлгүүрийг нь үйлдвэрлэсэн АНУ, Франц улсуудад, мөн иргэд нь ослоор амиа алдсан Тайланд улсад уг тайланг хүргүүлсэн байна.
Чежү Эйр компанийн Бангкок-Муан чиглэлийн 7С2216 дугаартай онгоц өнгөрсөн оны 12-р сарын 29-ний өдөр, орон нутгийн цагаар 09:07 цагийн үед БНСУ-ын Жолла мужийн Муан нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдож, онгоцонд 175 зорчигч, нислэгийн багийн 6 ажилтан байснаас онгоцны 2 үйлчлэгч амьд гарч, бусад 179 хүн нь амиа алдсан билээ.