horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Ураны зах зээлийн шинэ тоглогч “Монгол”

post-img

Ураныг 1989 онд хамгийн анх нээж илрүүлжээ

Нийтлэлийн эхэнд уран гэж юу вэ гэдгийг уншигчдадаа товч тайлбарлахыг тулд түүх сөхье. 1789 онд өнөөгийн Чеа Улсын нутагт орших Йоахимс хэмээх мөнгөний уурхайд Германы химич М.Х.Клапрот нь ураныг анх нээж илрүүлсэн байдаг. Уран нь U гэсэн химийн тэмдэглэгээтэй, атомын дугаараараа үелэх системийн 92 дугаарт байрлах бөгөөд байгалийн цацраг идэвхт элемент юм. Монголчуудын дийлэнх хувь нь ураныг гамшгийн түвшинд хүргэх аюултай, “стратегийн” түүхий эд гэсэн андуу ойлголттой явж ирсэн. Угтаа бол уран нь байгаль дээр өргөн тархалттай металл юм. Дэлхийн царцдас бүрхүүлийн хэмжээнд алтнаас 400 дахин, мөнгөнөөс 20 дахин их тархалттай учир бидний хүрээлэн буй орчин алхаж буй газарт ч тодорхой хэмжээгээр байж л байдаг. Гагцхүү олборлох хэмжээний их үү үгүй гэдэг нь сонин. Хамгийн гайхалтай нь тахианы өндөгний хэмжээтэй ураны түлш нь 88 тонн нүүрс шатааж гаргах цахилгаан эрчим хүчтэй тэнцүү эрчим хүч ялгаруулах чадалтай. Иймээс л ураныг газрын хэвлийн “шар тос” гээд байгаа юм.

Ураны нөөц баялагтай орнууд дэлхийн зах зээлд “Цахиур” хагалах боломжтой

Ураны эрэлт зах зээлд нэмэгдэж, энэ төрлийн газрын ховор элементийн баялагтай орнууд дэлхийн анхаарлын төвд орж эхлээд байна. Зах зээлийн эрэлт нэмэгдэж, олон улсад хэрэгцээ нь өсөж байгаатай холбоотойгоор ураны үнэ сүүлийн дөрвөн жилд нэг нугаларч, ханшийн өсөлт нь одоо ч үргэлжилсээр байгаа.

Тухайлбал, 2019 оны тавдугаар сарын байдлаар кг нь 24 ам.долларын үнэтэй байсан уран 70 ам.доллар болж өссөн. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар дэлхийн орнууд сэргээгдэх эрчим хүч, цөмийн энергийг сонирхож эхэлсэн нь ураны эрэлтийг өсгөсөн бөгөөд цаашид ч ханшийн өсөлт нь үргэлжилж, эрэлт нэмэгдэх учир ураны нөөц баялагтай орнууд дэлхийн зах зээлд “цахиур” хагалах боломжтой гэсэн үг. Тэгвэл уншигч танд XXI зуун гарснаас хойш дэлхийн ураны олборлолтын салбарыг атгаж байгаа гурван орныг танилцуулъя.

Казахстан

Улс төрийн нөхцөл байдал, дотоод хагарлын улмаас сайн нэртэй байдаггүй ч Казахстан Төв Азидаа хамгийн баян орон төдийгүй дэлхийд ураны олборлолтоо тэргүүлэгч орон. 2022 оны судалгаагаар Казахстан дангаараа дэлхийн нийт ураны олборлолтын 43 хувийг бүрдүүлсэн бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд жилд дор хаяж 20 мянга гаруй тонн уран олборлосон байдаг.

Канад

Дэлхийн газрын тосны томоохон тоглогч гэдгээрээ алдартай Канад мөн ураны гол олборлогчдын нэг.  2022 оны судалгаагаар Канад ураны олборлолтоороо Казахстаны дараа буюу хоёрдугаарт, дэлхийн нийт ураны олборлолтын 15 хувийг бүрдүүлжээ.

Австрали

Австрали улсад идэвхтэй олборлолт хийж байгаа хоёр уурхай байгаа нь Австралийн хойд нутагт орших Рейнжер, өмнөд нутагт орших Олимпын далан юм. Австрали уг хоёр уурхайгаасаа 10 гаруй жил идэвхтэй олборлолт хийж байгаа бөгөөд олборлолтын тоо хэмжээгээ жилд 4000-6000 тоннд барьдаг аж.

Монгол улсад 19.2 мянган тонн ураны нөөц бүртгэлтэй

Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 гэхэд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцооллыг гаргасан юм. Монгол Улсад 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэгдсэн нь дэлхийн ураны нөөцийн гурван хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд аравдугаарт эрэмбэлэгдэж байна. Монгол Улс ураны салбарт балчирдахгүй. Бид аль 60 гаруй жилийн өмнөөс Орос, Хятад, Франц гэсэн хэд хэдэн орны том компаниудтай хамтарч, ураны хайгуул, судалгаа, шинжлэлийн ажил хийж байсан цацраг идэвхийн салбарт 60 жилийн туршлагатай гэж болно.  1940-өөд оны сүүлчээр Зөвлөлт, Хятадын хайгуулын баг анх Монголын нутаг дэвсгэрт цацраг идэвхт бодисын геологийн судалгаа эхлүүлсэн байдаг. Зөвлөлт, Хятад, Монгол хамтарсан ураны геологийн судалгааны ажил 1990 он хүртэл үргэлжилсэн бөгөөд Монголын нийт газар нутгийн 70 орчим хувьд хайгуул, судалгаа хийжээ. Харин энэ салбарын хайгуул, шинжлэлийн ажил 2010 оны үед дахин “цэцэглэж” эхэлсэн бөгөөд “Камеко”, “Арева”, “Денисон майнз” зэрэг дэлхийн ураны гол тоглогчдын хөрөнгө оруулсан төсөл идэвхтэй хэрэгжсэн юм.

Монгол дахь ураны 13 орд газрыг танилцуулж байна

Зөөвч овоо орд

Өдгөө Монгол Улсын Засгийн газрын харьяа “Эрдэнэс монгол” групп, Францын Засгийн газрын харьяа “Орано” групп хамтран байгуулсан “Бадрах энержи” ураны төслийн Зөөвч-Овоо ордыг анх мөн л гаднын хөрөнгө оруулалтаар хайгуул хийж, нээн илрүүлсэн байдаг. Тус ордыг 2013 оны гуравдугаар сарын 20-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаанаар 57 мянган тонн нөөцтэй гэж тооцож, Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэсэн. Зөөвч-Овоо орд нь дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох орд бөгөөд жилд 2050 тонн хүртэлх уран олборлох хүчин чадалтай.

Дулаан-Уул орд

“Бадрах энержи” ХХК хайгуул хийж Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт буюу Зөөвч-Овоо ордын ойролцоогоос Дулаан-Уул ураны ордыг илрүүлсэн байдаг. Тус орд нь 7000 тонн ураны нөөцтэй. Дулаан-Уул ордыг Зөөвч-Овоо ордын хамт ашиглах бөгөөд уг хоёр ордын нөөц нийлээд 64 мянган тонн болж байгаа. Энэ хэмжээний уранаар дэлхийн ураны 20 орчим жилийн хэрэгцээг хангах боломжтой талаар гаднын мэргэжилтнүүд, судалгааны байгууллагууд мэдэгдэж байв.

Мардай орд

Мардай ураны ордыг анх зөвлөлтийн хайгуулчид илрүүлж, Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс бүртгэж авсан байдаг. Уг ордыг ил уурхайн зориулалтаар ашиглаж, уран олборлохоор Эрдэс сууринг байгуулж, гүний усны цооног, өндөр хүчдэлийн шугам татаж, бүр ачаа ачих, буулгах, зөөх зорилгоор ашиглах төмөр зам барихаар төлөвлөж байв. Гэсэн ч ураныг ил уурхайд олборлох нь хүрээлэн буй орчинд нэн хор хөнөөлтэй гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор Мардай голын ил уурхайг 1997 онд хаасан байдаг. Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших тус уурхайг 10 сая гаруй рублиэр нарийвчилсан судалгаа хийсэн хайгуулын баг 0.100 агуулгатай 2300 тонн ураны нөөцтэй гэж батлуулжээ.

Хайрхан орд

“Гурвансайхан” ХХК-ийн судалгаа, хайгуулын ажил хийж, нээн илрүүлсэн дөрвөн ордын нэг нь Хайрханы ураны орд. Тус ордыг 2009 оны есдүгээр сарын 16-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, 8400 тонн ураны нөөцтэй гэж Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэжээ.

Хараат орд

Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын нутгаас Хайрханы ордтой ижил зэрэглэлийн ураны агуулгатай Хараатын ураны ордыг илрүүлсэн байдаг. Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэснээр тус орд нь 7200 тонн ураны нөөцтэй аж. 

Гурвансайхан орд

Канадын “Денисон майнз” группийн хөрөнгө оруулалттай “Гурвансайхан” ХХК Дундговь аймгийн Өлзийт суманд өрөмдлөгө хийж, Гурвансайхан ордыг нээн илрүүлсэн байдаг. Тус ордыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс “С” зэрэглэлийн гэж тооцон 4500 тонн ураны нөөцтэй хэмээн бүртгэсэн байдаг. 

Өлзийт орд

“Гурвансайхан” ХХК-ийн 245 мянган метр өрөмдлөгө хийж, нээн илрүүлсэн дөрвөн ордын нэг нь  Өлзийтийн ураны орд. Өлзийт ордын зэрэглэлийг “С” гэж Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэсэн байдаг бөгөөд 3000 тонн ураны нөөцтэй юм байна.

Дорнод орд

Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутагт оршдог Дорнод ордыг анх Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс бүртгэж авсан байдаг аж. Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс Дорнод орд “С1+С2” зэрэглэлийн үнэлгээ өгч, нөөцийг нь 28 мянган тонн гэж баталсан байна. Мөн Дорнод ордыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн чухал ач холбогдолтой гэж тодотгосон байдаг. 

Гурванбулаг орд

Гурванбулаг ордыг “Эмээлт майнз” ХХК нээн илрүүлж, анхны нарийвчилсан хайгуулын ажлыг хийж байсан. Тус компанийн хайгуулын дүнгээр 13 мянган тонн ураны нөөцтэй гэж баталсан байна. Харин хайгуулын дүнг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэж, батлахдаа Гурванбулаг ордын уран вулканоген гаралтай, далд аргаар олборлох боломжтой ч олборлолтын зардал өндөр гэж тооцсон байдаг аж. 

Нэмэр орд

Нэмэрийн ураны ордыг Мардай, Дорнод ордын адил Зөвлөлтийн Ашигт малтмалын нөөцийн комисс бүртгэж авчээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг нь “Адас майнинг” ХХК эзэмшдэг бөгөөд хайгуулаар Нэмэр орд нь 5900 тонн ураны нөөцтэй гэж бүртгэсэн байна. 

Улаан орд

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны ураны орд нь полиметалл, ураны хүдрийн холимог орд. Анх тус ордод улсын төсвөөр хайгуул хийж, 1989 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолоор 0.145 хувь агуулгатай 270 тонн ураны нөөцтэй гэж бүртгэж авсан гэдэг. Ордыг “Шинь шинь” ХХК, “Хунбоо” ХХК хамтран эзэмшдэг бөгөөд ураны таамаг нөөц нь 8400 тонн гэнэ.

Далт орд

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт орших Далтын ураны ордод “Нуклер энержи монголиа” ХХК хайгуулын ажил хийн 0.032 агуулгатай хүдрээр 51 мянга, металлаар 15 мянган тоннын нөөцтэй гэж баталж, 2018 онд Ашигт малтмалын нөөцийн санд бүртгэж авчээ. Гэсэн ч тус ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар орон нутгийн иргэд эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн учир эдийн засгийн эргэлтэд оруулаагүй байна. 

Энгэр ар орд

“Лукрий” ХХК-ийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн Энгэр ар ураны орд Төв аймгийн Баян сумын нутагт оршдог. Тус ордыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 0.05 хувь агуулгатай 52 тонн нөөцтэй гэж баталсан байдаг аж.

Монгол улсад уран олборлох гарц нээгдэв

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж Монгол Улсын эдийн засгийн хувьд түүхэн өдөр болсон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэд, хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэхдээ “Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ,  түүхэн ач холбогдолтой” гэдгийг тэмдэглэсэн.

Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарлснаас  гурав дахь мега төслөө хөдөлгөж байна. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлт авчрах эхлэл цэг болох учиртай.
Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн уран үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхмыг хийлээ.

Монгол Улс төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг төвлөрүүлнэ

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжсэнээр…

  • Улс, орон нутгийн төсөвт жилд ₮520 тэрбум
  • Төслийн нийт хугацаанд ₮17,1 их наяд
  • Үндэсний баялгийн санд жилд ₮61,5 тэрбум Төслийн нийт хугацаанд ₮2 их наядыг төвлөрүүлнэ.

Мөн 1600 орчим ажлын байр шинээр бий болж, шинэ технологи нутагшиж, дэд бүтцийн болон хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэх юм. Ингэснээр манай улс олон жил бугшсан агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг толгойны өвчин болсон томоохон асуудлаасаа салж эрүүл мэнд, боловсролын салбарт дорвитой өөрчлөлт шинэчлэлт авчрах бүрэн боломж нээгдэж байна.

А.Азжаргал

0/1000