horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Ажилгүйдлийн даатгалын сан хоосорчээ

post-img

Ажил хийж, цалин авдаг хүн бүрийн цалингаас төр сар бүр Ажилгүйдлийн даатгалын санд 0.5%-ийн шимтгэл хурааж авдаг. Үүн дээр ажил олгогч 0.2%-ийн шимтгэл нэмж төлдөг. Тэр хүнийг ажилгүй болсон үед нь ажилд ортол нь амьжиргаагаа залгуулаг гэж тэр шүү дээ.

Гэвч энэ сан хоосорчээ. 2024 онд ажилгүй болсон олон хүн энэ сангаас тэтгэмж авч чадаагүй байна. Энэ талаар иргэд “Ажилгүй болсон үедээ авах гэж АДС-д тэтгэмж төлсөн. Гэтэл тэтгэмж өгсөнгүй”, “2024 оны 11-р сарын тэтгэмж 12-р сарын 30-нд орсон. 60 хоногийн дараа өгсөн. Энэ хугацаанд яаж амьдар гэж ингэж хоцроож байгаа юм бэ”, “Сан хоосон гээд хүмүүсийн авах ёстой мөнгийг өгөхгүй, хэзээ өгөх нь ч тодорхой бус тайлбар тавиад сууж болдог юм уу”, “Хариуцсан сайд, удирдлагууд нь яагаад тодорхой тайлбар өгдөггүй юм бэ. Ийм байвал бид цаашдаа шимтгэл төлж, төрийн боловсон дээрэмд өртмөөргүй байна” хэмээн эсэргүүцэж байна. Тус санд аудит оруулах санал гаргаж, Petition.mn-ээр гарын үсэг цуглуулах уриалга ч гарлаа.  

Нийслэлийн Багахангайгаас бусад 8 дүүргийн 3705 хүн 2024 оны 11, 12-р сарын ажилгүйдлийн даатгалын тэтгэмжээ авч чадаагүй аж. Уг санд 1-р сарын 13-ны байдлаар 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүгээр 1786 хүний ажилгүйдлийн тэтгэмжийг олгосон бол үлдсэн 1919 хүний тэтгэмжийг Нийгмийн даатгалын ерөнхий газар энэ сард багтааж олгох юм байна. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх нь л дээ.

Ажилгүйдлийн тэтгэмж авагчийн тоо

  • 2020 он – 21.386
  • 2021 он – 26.156
  • 2022 он – 30.516
  • 2023 он – 30.088
  • 2024 он – 28.433

Үүний өмнө Эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон. Одоо Ажилгүйдлийн даатгалын сан хоосорч байна. Үүнд Засгийн газар буруутай. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийг мөнгийг арилжааны банкуудад байршуулаад алдчихсан. “Капитал”, “Чингис хаан” банкнаас 160 тэрбум төгрөгийн авлагатай. “Чингис хаан” банкнаас авах 103 тэрбум 57 сая төгрөгийн авлагаас 8 тэрбум 64 сая төгрөгийг нөхөн төлүүлж, Ажилгүйдлийн даатгалын сан, Тэтгэмжийн даатгалын санд хуваарилж байгаа аж. Одоо “Чингис хаан” банкнаас 94 тэрбум 95 сая төгрөг авах үлджээ. “Капитал” банкнаас 104.2 тэрбум төгрөг авна. Үүнээс 13 тэрбумыг нь мөнгө хэлбэрээр авч, 25 тэрбумын өрийг эд хөрөнгө хэлбэрээр барагдуулаад байна.

Ажилгүйдлийн даатгалын сан хоосорсонд нөгөө талаас ажил олгогч буруутай. Учир нь даатгуулагчийн цалингаас ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажил олгогч шууд суутган авч, өөрийн нэмж төлөх хувийг нэмээд, НДЕГ-т тушаах үүрэгтэй. Гэвч ажил олгогчид энэ үүргээ тэр бүр биелүүлэхгүй байгаа аж. 2024 оны эцсийн байдлаар 37 мянган ажил олгогч Ажилгүйдлийн даатгалын санд 510 тэрбум төгрөгийн өртэй байна. Тэд ажиллагсдаасаа суутгасан мөнгөө НДЕГ-т тушаахгүй байна гэсэн үг.

Тэднээр уг шимтгэлийг төлүүлэх, олж авах нь НДЕГ-ын үүрэг. Үүнд ажилчид буюу даатгуулагч ямар ч хамаагүй. Даатгуулагч шимтгэлээ төлсөн л бол тэтгэмж авах эрхтэй. 2024 онд ажилгүй болсон 30.8 мянган даатгуулагчид Ажилгүйдлийн даатгалын сангаас 137 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ. Өнгөрсөн жилийн эхний 10 сард уг тэтгэмжийг асуудалгүй олгосон ч 11-р сараас Ажилгүйдлийн даатгалын сан хоосорч, Шинэ жилийн баяраар, он солигдохын даваан дээр 11-р сарын тэтгэмжийг арайхийж тавьсан байна. Одоо 12-р сарын тэтгэмжийг олгох ёстой. 1-р сард ажилгүй бологсод тэтгэмж авахаар араас нь дугаарлана. 2025 онд ажилгүй болох даатгуулагчдад зориулан, Ажилгүйдлийн даатгалын санд 143 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулсан мөнгө, төгрөгөөр

  • 2020 он – 50 тэрбум 226 сая 200 мянга
  • 2021 он – 56 тэрбум 995 сая 200 мянга
  • 2022 он – 78 тэрбум 682 сая 500 мняга
  • 2023 он – 110 тэрбум 171 сая
  • 2024 он – 128 тэрбум 757 сая

Тэтгэмж авахын тулд даатгуулагч Ажилгүйдлийн даатгалын санд хамгийн багадаа нийт 24 сар шимтгэл төлсөн байх ёстой. Үүний сүүлийн 9 сард нь шимтгэлээ таслаагүй байх шаардлагатай. Даатгуулагчид олгох тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо сүүлийн 3 сарын цалингаас ажлын 1 өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг бодон, ажлын 76 өдрөөр үржүүлдэг. Авах тэтгэмжийн хэмжээ нь ажилласан жилээс нь хамаарна. 2 жил ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хүн гэхэд нийт цалингийнхаа 45%-тай тэнцэх мөнгийг л тэтгэмж болгож авдаг.

Тэтгэмж бодох аргачлал

 Шимтгэл төлсөн хугацаа Тэтгэмж бодох хувь
 5 хүртэл жил 45%
 5-10 жил 50%
 10-15 жил 60%
 15 ба түүнээс дээш жил 70%

Даатгуулагч өмнө нь хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогын 0.4 хувиар шимтгэл төлдөг байв. Yүнийг ажилчин, ажил олгогч эн тэнцүү хувааж төлдөг байсан юм. УИХ 2023.07.07-нд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг батлан, 2024.01.01-нээс мөрдүүлж эхэлсэн. 1994 оны Нийгмийн даатгалын тухай хууль үүгээр хүчингүй болж, оронд нь энэ хууль үйлчилж байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын хувь хэмжээг уг хуулиар багасгаж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хэмжээг ихэсгэсэн.

Үүний дагуу одоо 0.7% шимтгэл авч байна. Ажил олгогчоос авах шимтгэлийн хэмжээг 0.2% хэвээр нь үлдээсэн бол ажилчнаас авах шимтгэлийг 0.3%-иар нэмж, 0.5% болгосон. Ингэж авахдаа уургын морь шиг загнадаг атлаа өгөхдөө ургаа хад шиг аашилж болохгүй. АДС хоосорсон гэдэг үг НДЕГ буюу төрөөс гарах ёсгүй. Ажилгүйдлийн тэтгэмжийг төрөөс зүгээр авах гээгүй. Хураалгасан юмаа л авах гэж байгаа шүү дээ!

0/1000