horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Алдарт “NHK World” суваг монгол охин М.Энхцэлмэгийг онцоллоо

post-img

Япон улсын Осака хотын Фүсэкита ахлах сургуулийн сурагч Мөнхбатын Энхцэлмэгийг Дэлхийн 160 оронд гардаг, нэр хүндтэй “NHK World” суваг онцоллоо. Түүнийг “Rene and me” (Рүнэ бид хоёр) нэвтрүүлэгт урьж, түүнд зориулан цор ганц ном бүтээж бэлэглэсэн байна. М.Энхцэлмэг энэ жил сургуулиа төгсөнө. Одоо Японы дээд сургуульд орохоор шамдан суралцаж байна. Тэр Монголд байхдаа ч, Японд очсон хойноо ч хичээлдээ амжилттай суралцаж, Фүсэкита ахлах сургуулийнхаа шилдэг сурагчаар шалгарчээ.

“Рүнэ бид хоёр” нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Ёко Ишикава Токиогоос Осакад очин, М.Энхцэлмэгийн аав Ц.Мөнхбат, ээж В.Сарантуяа хоёртой биечлэн уулзаж, нэвтрүүлэг бэлтгэх зөвшөөрөл авсан байна. Уг нэвтрүүлгийг бэлтгэхэд 3 сар зарцуулжээ. Нэвтрүүлгийн хөтлөгч Рүнэ Хошино Камерун улсад төрж, 4 настайгаасаа Японд амьдарч байгаа хүн. Түүний нэвтрүүлэг нь Японд ажиллаж, амьдарч, суралцаж байгаа залууст урам зориг өгдгөөс гадна тухайн улс орны зан заншил, амьдралын онцлогийг олон нийтэд таниулдаг.

Тэрээр нэвтрүүлгийнхээ гол дүрд зориулан, ганцхан хувь ном бүтээж, эзэнд нь бэлэглэдэг уламжлалтай. М.Энхцэлмэгт зориулсан комик номоо бүтээхийн тулд охины өдрийн тэмдэглэлийг нэгбүрчлэн уншиж, гол агуулгаа түүвэрлэн авчээ.
Фүсэкита ахлах сургууль гадаад сурагчаар эх орных нь тухай эссэ бичүүлдэг аж. М.Энхцэлмэг эссэ бичлэгтээ төрсөн хот Улаанбаатарынхаа болон хүсэл мөрөөдлийнхөө тухай бичсэн байна. Монголын нийслэлийн утаа, түгжрэлийн талаар тодорхой бичсэн түүний эссэг япон багш нар анхааралдаа авч, шилдэг эссэгээр шалгаруулжээ.
Түүнээс хойш япон багш нар нь Монголын талаар олон зүйл асууж тодруулан, Улаанбаатарын агаарын бохирдол, түгжрэлийг шийдэх шийдлийн талаар М.Энхцэлмэгтэй илэн далангүй ярилцаж, түүнийг хот төлөвлөлт, инженерийн чиглэлд түлхүү суралцан, эх орныхоо асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахыг санал болгосон байна. Япончууд өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй хүүхдийг бодлогын түвшинд их дэмждэг аж.

“NHK World” сувгаар нэвтрүүлэг үзэх холбоос https://www3.nhk.or.jp/nhkworld/en/shows/3025156

0/1000
Оюунцэцэг

МУНДАГ ОХИНД АМЖИЛТ ХҮСЪЕ

8989

Ямар хөөрхөн юм бэ?
Баяр хүргье хөөрхөн охинд болон ээж аавд нь.