horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Хотынхоо хогийг цахилгаан, дулаан болгож чадах нь уу?

post-img

Хотынхоо хогийг цахилгаан, дулаан болгохоор Х.Нямбаатар төлөвлөв. Түүний төлөвлөгөө биелэх үү, мөрөөдөл болох уу гэдэг нь одоохондоо тодорхойгүй. Улаанбаатар хот хогны 3 цэгтэй. Одоохондоо эдгээр цэгт авчирсан хог хаягдлын 11.4%-ийг дахин боловсруулж, 88.6%-ийг булж байна. Хогийг газарт булахад их хэмжээний метан хий ялгаруулж, хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөө үзүүлдэг. Хог ил байхдаа ч, газар доор орсон хойноо ч хүн, байгальд муугаар нөлөөлсөөр байдаг ажээ.

Тиймээс 2028 оноос эхлэн, Улаанбаатар хот хогоо булахаа больж, шатаан эрчим хүч, дулаан гаргаж авахаар болж байна. Үнсээр нь явган хүний замын хавтан хийнэ. Хогноос аль болохоор юм үлдээхгүйгээр бүгдийг нь ашиглах юм байна л даа.

Гэвч нийслэлд ийм үйлдвэр барих мөнгө байхгүй. Тиймээс хувийн компаниудтай түншлэхээр хотын дарга гадаад, дотоодгүй түнш хайж явна.

Хотын хогны 1 цэгт өдөр бүр 3000-3500 тн хог авчирдаг. Үүний 1000 тн-ыг нь шатаах хүчин чадалтай байхаар үйлдвэрээ төлөвлөжээ. Үйлдвэрийг 2025 оноос барьж эхлэн, 2028 онд ашиглалтад оруулна. Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогны цэгт тус бүрт нь жилд дунджаар 300-400 мянган тонн хог шатааж, 24 МВт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэр байгуулах юм гэнэ.

Гэр, байшинд амьдардаг өрхийн 2%, нийтийн орон сууцны айлын 5%, таун хаусны айлын 7% нь хуванцар сав хаядаг гэсэн судалгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2023 онд танилцуулж байв. Тэгвэл гэр болон байшинд амьдардаг айлуудын 1%, нийтийн орон сууцны айлын 4%, таун хаусны айлын 3% нь HDP, LDPE, PVC тэмдэглэгээтэй хатуу хуванцар хаягдаг байна. Тухайн оны байдлаар нийт хатуу хог хаягдлын 71.4%-ийг ландфиллд булж, 8.6%-ийг шатаасан бол 11.7%-ийг байгальд шууд хаяжээ.

Манай улс хатуу хаягдлыг дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэхээр Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран, төсөл хэрэгжүүлж байгаа юм. Улаанчулуутын хогны цэг буюу Нарангийн энгэрт хий шатаах байгууламж барихаар БНСУ-тай хэлэлцээ хийж байна.

Хог шатааж, эрчим хүч, дулаан гаргаж авах ажил айлуудаас хог цуглуулахаас эхэлнэ. Айл бүр хогоо хаяхын өмнө ангилан ялгах шаардлагатай. Тиймээс саальтайгаа зэрэгцүүлэн, саваа бэлдэх гэнэ. 2025 оноос эхлэн, Улаанбаатарын айлуудыг хогоо ангилан ялгахад сургах аж.

Морингийн даваа, Яармаг, Толгойт, Дэнжийнмянга, Шархаданд хатуу түлш шатаан, дулаан гаргаж авах станц барьж, дулааны ачаалал багатай үед төвлөрсөн шугам сүлжээтэй хослуулан ажиллуулахаар нийслэлийн ЗДТГ төлөвлөжээ. Ийм 5 станцыг шинэ технологиор барина. Үүний 2 нь буюу Шархад, Морингийн даваанд барих станц нь хог шатаан, дулаан үйлдвэрлэх юм. Эдгээр станц бүгд шинэ технологи ашиглах ёстой гэсэн шаардлагыг нийслэлийн ЗДТГ тавьж байна.

Хатуу түлш түлэх дулааны станц:

  • 1. Морингийн даваа дулааны станц /21 МВт/
  • 2. Залуус дулааны станц /93 МВт/
  • 3. Яармаг дулааны станц /93 МВт/
  • 4. Дэнжийн мянга дулааны станц /93 МВт/
  • 5. Шархад дулааны станц /121 МВт/

Улаанбаатар хот 2040 он гэхэд 667.400 айлтай, 2 сая 89 мянган хүнтэй болно.  Үүний 74%-ийг төвлөрсөн дулаанаар хангахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба тооцож байна. Үүнд 6985.8 Гкал/ц дулаан хэрэгтэй.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дулааны 3 станц байгуулахаар Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн сонгожээ. Энэ хавьд сүүлийн жилүүдэд олон барилга, орон сууц барьж байгаа тул дулаан, цахилгааны их хэмжээний ачаалал үүсэж байна. Яваандаа энэ хавь урагш өргөжин тэлсээр, Шинэ Зуунмод хоттой хаяа нийлнэ. Иймд энд 5 станцынхаа 3-ыг нь байгуулахаар сонгосон аж. Хатуу түлшээр ажилладаг, дэвшилтэт технологи бүхий 1 станц өвлийн оргил ачааллын үед төвлөрсөн дулаан хангамжаас 24.07 Гкал/ц ачааллыг хуваалцана. ДЦС-4-ийн ачааллаас ойролцоогоор 376 тн ус чөлөөлөх боломжтой.

Улаанбаатар хотын дулааны асуудлыг яаралтай шийдэхгүй бол одоо ажиллаж буй 4 том станц ачааллаа дийлэхээ байлаа. “Амгалан” дулаан станцад 2024.12.04-нд гэмтэл гарч, тус станцаас дулаанаа авдаг хэрэглэгчдийн халаалт доголдлоо. Тус станцынхан гэмтлийг 6 минутад зассан ч энэ хооронд шугам сүлжээн доторх 110 хэмийн халуун ус 60 хэм болж, хөрчээ. Үүний нөлөөгөөр шугам сүлжээнд гэмтэл гарсан байна. Гэмтлийг засаж, дулааныг хэвийн горимд оруултал 3-4 хоног зарцууллаа.

Нийслэлийн “Зүмбэрорд-Өргөө” ОСНААК-ын харьяа ус, дулаан дамжуулах ЦТП-ын насос шатаж, “Нарт” хотхоны байруудад 2024.12.12-нд халаалт доголдов. Хятадаас 75 кВт-ын хүчин чадалтай насос захиалан авчирч солин, халаалтыг жигдлэх явцад узельд шугам хагарч, дахин халаалт доголджээ. Өвөл дуусах яагаа ч үгүй байна. 5-р сарын 15 хүртэл дулаанаар хангах шаардлагатай хүйтэн газарт бид амьдардаг. Дахиад иймэрхүү гэмтэл гарахыг үгүй гэх газаргүй. Учир нь ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станцаас гарсан, дулаан дамжуулах нийт 9 сүлжээ бий. Үүний 6 сүлжээний дамжуулах шугамын ачаалал нь нэвтрүүлэх чадвараасаа 60% орчим хувиар хэт ачаалагдаж, хүчин чадал нь хүрэлцэхгүй болжээ.  

0/1000