Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын засаг дарга захирамж гарган, цаа бугыг арилжааны зорилгоор худалдахыг хориглолоо. Цаа буга үржүүлэх, цаатны ёс заншил, өв соёлыг хадгалах, цаа бугыг мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цаатан иргэд цаа бугыг арилжааны зорилгоор өөр бүс нутагт худалдан борлуулахгүй, сумын нутаг дэвсгэрээс удаан хугацаагаар гаргахгүй байхаар болов.
Төр засгаас цаан сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, цаатан иргэдийн амьдралыг дэмжих зорилгоор тэтгэмж олгодог.. Засаг даргын захирамжийг зөрчсөн иргэдэд уг тэтгэмжийг олгохгүй байх хүртэл хариуцлага тооцох аж.
2023 онд Хөсгөл аймаг 2931 цаатай байсан бол өнгөрсөн жил 2765 цаа тоолуулж, 5,7 хувь буюу 166 толгойгоор цөөрсөн байна.
Тус аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тайгад 123 өрхийн 189 цаатан иргэд цаа маллан амьдардаг.