1 сая жуулчин. Энэ тоог сүүлийн хэдэн жил бид мөрөөдөв дөө. Ингэж мөрөөдөхөө больчихвол аялал жуулчлалын салбарынхны амьдрал утгагүй болчих гээд байх шиг. 2023 онд 1 сая жуулчин авна гээд бараагүй. 651 мянга л ирсэн. Ноднин бас л тэгж мөрөөдөөд, 809 мянгыг авчирлаа. Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлал хөгжүүлэх үндэсний хороо байгуулаад ч барсангүй. Мөрөөдөл үргэлжилсээр … 2025 онд бас л тэрийгөө мөрөөдөж сууна. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш, мөрөөдөж л байхаас даа.
Мөрөөдөж суутал түүнээс илүү маш чухал боломжоо алдчихсанаа харин анзаарахгүй байх шиг. Анзаарсан ч ашиглаж чадахгүй байгаа юм уу, учраа олохгүй байгаа ч юм уу. Бүү мэд ээ.
Гадаадаас 808 мянган жуулчин, дотоодоос 3.4 сая аялагч
Өнгөрсөн жил гадаадаас Монголд 808.956 жуулчин ирсэн бол зөрөөд Монгол Улсын 3.4 сая иргэн гадаадад аялжээ. 3.5 сая хүнтэй Монголын 3.4 сая нь аялна гэж юу байсан юм гэж мэтгэлцэх гэж байгаа бол түр азнаарай!
Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, МУБИС-ийн багш Д.Батболдын мэдээллээр 10 монгол хүний 7-8 нь гадаад руу аялж байна. Түүн дунд Өмнөд Солонгост очиж эмчилгээ хийлгэсэн, Хятад орж наймаа хийсэн, Японд очиж машин авчирсан, Манжуурт очиж булган дээл авсан хүний тоо ч багтсан. Эмчилгээний, арилжааны, спортын, урлагийн гээд аяллын олон хэлбэр байдаг. Саудын Арабад очиж “Дакар ралли”-д уралдсан П.Мөрөн ч жуулчин. Сингапурын “Марина Бэй Сэндс” цогцолборт “Монгол хаан” жүжиг тоглосон жүжигчид ч жуулчин. Тэгэхээр 3.4 сая монгол гадаадад аялсан гэх тоог нэг их гайхах хэрэггүй.
Гадаадад аялсан монголчуудын тоо:
- 2020 он – 268.930 аялагч,
- 2021 он – 121.188 аялагч,
- 2022 он – 324.467 аялагч,
- 2023 он – 1.382.097 аялагч,
- 2024 он – 3.498.718 аялагч
Жуулчлалын визээр гадаадад очоод, тэндээ харлан үлдэж байгаа монголчуудын тоо ч үүнд багтсан. Тиймээс үүнээс эмчилгээ, арилжаа, спорт, урлаг гэх мэт зорилгуудыг хасъя. Монгол Улсын хилээр гарахдаа Хил хамгаалах газарт зорилгоо зөвхөн жуулчлал гэж мэдүүлсэн монголчуудын тоог харъя.
Гадаадад жуулчилсан монголчуудын тоо:
- 2015 он – 104.253 жуулчин
- 2016 он – 80.926 жуулчин
- 2017 он – 104.076 жуулчин
- 2018 он – 131.504 жуулчин
- 2019 он – 150.795 жуулчин
- 2020 он – 17.864 жуулчин
- 2021 он – 7126 жуулчин
- 2022 он – 83.802 жуулчин
- 2023 он – 230.316 жуулчин
- 2024 он – 351.315 жуулчин
Үүнээс үзвэл нүүдэлчин монголчууд гадагшаа ямар нэг зорилгоор нүүж байна. Ажиллах, сурах, ач, зээгээ асрах, эмчлүүлэх гээд ямар нэг зорилгоор харийг зорих монголчууд илт олширлоо. Үүний зэрэгцээ үнэхээр аялж, амарч зугаалж яваад ирж байгаа монголчууд ч зөндөө. “Тэрэлжид амарснаас Турк нисэх нь хямд”, “Таванбогд явахаас Тайвань орох нь хялбар” гэсэн үг ч гарлаа. Энэ өвөл Фукуок яваагүй хүн би л байх шив.

Фукуокт 1 аялагч хэдэн төгрөг үрсэн бэ?
Эх орондоо аялал жуулчлал хөгжүүлэхийн, гадаадын жуулчдыг Монголд урихын гол зорилго бол гадаадаас валют олж ирэх юм. Гэтэл манайхан гадагшаа валют авч гараад байна. Гадаадын жуулчдыг авчрах, ирсэн хойно нь аль болох их мөнгө үрүүлэх гэж Засгийн газар хичээж, жуулчны компаниуд зүтгэж байхад, зөрөөд манайхан өөрсдөө дотоодынхоо валютыг гадаадад авч очиж үрээд байна. Тавантолгойн нүүрсийг говийн гүний усаар угааж, Хятадад зараад, олж ирсэн валютыг нь иргэд гадаад руу авч нисээд байна. Эдийн засгийн ийм алдагдалтай аялал жуулчлалыг Монгол Улс хөгжүүлээд байна.
Тоо бодоцгооё! Вьетнам улсын Хошимин хотоор дайран, Фукуок арлаар аялах 8 шөнө, 7 өдрийн аялал том хүн 4.990.000, 12 хүртэлх насны хүүхэд 3.990.000 төгрөг. Сурагчдын II улирлын амралт, Шинэ жилийн баяраар том хүн 5.690.000-5.790.000, хүүхэд 4.190.000-4.290.000 төгрөг болж нэмэгддэг. Үүний хэд нь Монголд үлдэж, хэд нь гадаад руу гарч байгааг харцгаая!
МИАТ, “Вьетнам-Эйрлаинс” компани Улаанбаатар-Фукуок чиглэлд хамтарсан нислэг хийж байна. Энэ онгоцоор Фукуок арал дээр очиж амраад, буцаж ирэх 2 талын нислэгийн үнэ том хүн 2.236.900, хүүхэд 1.797.350 төгрөг. Тэгвэл МИАТ-аар зөвхөн Хошиминд очоод, буцаж ирэх том хүний тийз хамгийн хямддаа 1.312.600 төгрөг. Энэ мөнгө Монголд үлдэнэ гэсэн үг. Хошиминээс цааш “Вьетнам-Эйрлаинс”-аар нисэх төлбөр 924.300 төгрөг болж байна. Энэ мөнгө манайхаас гарч, Вьетнамд очно.
Аяллын нийт зардлаас онгоцны зардлыг хасвал 2.753.100 төгрөг үлдэнэ. Аяллын компани үүнээс зочид буудал, өглөөний цай, өдөр, оройн хоолны зардлыг Вьетнамын компанид төлөөд, үлдсэнийг нь өөртөө үлдээнэ. 50%-ийг нь авч, 50%-ийг нь Вьетнамд төлдөг гэж тооцъё. Ингээд харвал, Фукуок аялахдаа 1 монгол хүн хамгийн багадаа 2.7 сая төгрөгийг дотоодын компаниудад өгч, 2.3 сая төгрөг гадаадын компаниудад төлдөг байх нь.
Үүн дээр аялагчдын халаасны мөнгө гэж овоо юм бий. Түүнээсээ сохор зоос ч үлдээлгүй үрчхээд ирдэг. Багадаа 400 мянган төгрөгөөр бэлэг, дурсгал худалдаж авна гэж бодвол 1 аялагчийн дотоод, гадаадын компанид төлөх мөнгө тэнцэж байна.

Утайн лам “Төвхөн”-д мөргөхийг мөрөөдөж суухад
Монголчууд юм үзэж, нүд тайлж байгаа нь зөв л дөө. “Аавын буйд хүнтэй танилц, агтны буйд газар үз” гэдэг ард түмэн юм чинь. Гэхдээ “Юманд учир бий. Нуманд гичир бий” гэдэг. Гадаад явж, газар үзэж буй аялагчдыг буруутгаж чадахгүй ч иргэдээ дотооддоо авч үлдэж чадахгүй, гадагшаа алдаад байгаа яамыг, аялал жуулчлалын компаниудыг буруутгаж чадна.
Аялах асар их хүсэлтэй энэ ард түмнээ дотоодоор аялуулахад анхаарвал уг нь хэн хэндээ хэрэгтэй юм сан. Утайд очсон монголчуудаас тэндхийн лам нар “Төвхөн”-дөө мөргөсөн үү?” гэж асуудаг. Утайгаас илүү “Төвхөн” хийд асар их эрчимтэй газар газар учраас тэр. Тэндхийн лам нар Монголд ирж, “Төвхөн”-д мөргөн, Дүрслэх урлагийн музейд очин, Занарбазарын бурхдыг бишрэхийг мөрөөдөж суудаг бол монголчууд “Төвхөн”-дөө мөргөөгүй, Дүрслэх урлагийн музейд очоогүй байтлаа Утай, Гүмбэнг зорьдог. Ийм л байна. Байгаагаа голж, байхгүйгээ хүсдэг хүн гээч амьтны муухай зан ийм юм уу? Учрыг нь мэдэхгүй, утгыг нь ухаагүйгээс үүдэлтэй ч юм уу? Аль аль нь ч байж мэднэ.
Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосон. Одоо “Монголчууд дотоодоороо аялах жил” гэж зарлая л даа. Өвөл ажиллах боломжтой, цахилгааны хөнгөлөлт эдэлдэг, дулаахан байртай 145 бааз байна. Гэтэл 2023 онд ердөө 55 нь л ажиллажээ. Хятад улс гадаадын жуулчдыг горьдолгүй, дотоодынхоо жуулчдаас хангалттай мөнгө олж болоод байхад бид арайхийж олсон мөнгөө бүгдийг нь валют болгож аваад, гадаадад аваачиж өгөөд байж болохгүй биз дээ. Эх орноо гэх сэтгэл ийм л юмнаас эхэлдэг юм шүү дээ.
2025-02-03 04:08:24
манай жуулчны газрууд үнээ буулга. бас үйлчилгээндээ анхаарах ,тэгвэл заавал гадагшаа гэхгүй шүүдээ.