ХӨСҮТ халдварт менингококкын асуудлаар цаг үеийн мэдээлэл өглөө
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: Өнгөрсөн оны сүүлчээр менингококкт халдварын таван сэжигтэй тохиолдол байсан ч шинжилгээ хийхэд хоёр нь батлагдсан. Эмчлэгдээд, эдгэрч гарсан. Он гарсаар нийтдээ 3 сэжигтэй тохиолдлоос нэг нь батлагдаж, нас баралт бүртгэгдсэн.
Одоогоор хоёр сэжигтэй тохиолдолд эмгэг төрөгч илрүүлэх шинжилгээ хийгдэж байна. Тодруулбал Баянгол, Баянзүрх дүүрэгт гарсан дээрх хоёр тохиолдол албан ёсоор батлагдаагүй байгаа. Хоёрдугаар сарын дөрвөн болон зургааны өдрүүдэд хариу гарна. Нэг хүүхэд нь 2024.12.18-аас хойш хичээлдээ яваагүй байсан байна. Ханиадыг гэрээрээ эмчлүүлж байгаад 2025.01.31-ны өдөр эмнэлэгт хандсан тул гэр бүлийн хүрээнд тандалт хийгдэж байна. Баянзүрх дүүргийн 311 дүгээр цэцэрлэг нь шинэ цэцэрлэг учраас тухайн ангид нь сэжигтэй тохиолдолтой нийлээд 9 хүүхэд байсан. Тэднийг гэрээр нь тусгаарлаж ажиглаж байгаа. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна.