Өчигдөр жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдөр байлаа. Ерэн оноос хойших түүх бичлэгт, түүхэн судалгаанд жанжин Д.Сүхбаатарын талаар янз бүрийн шинэ баримт, түүхэн сурвалж, судлаачдын өөр өөрийн шинэ өнцгүүд орж ирсэн. Өнөөдөр ч үргэлилжсээр байна. Монголын ХХ зууны түүхэн дэх хамгийн тод, хурц, бас маргаантай дүр. Судлагдахуун гарцаагүй мөн. Өнөөдөр нэг л үнэн байна, тэр нь юу гэвэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд гарч ирсэн, нэн шинэ түүхэн баримттай “Жанжин Д.Сүхбаатар” гэсэн бүрэн хэмжээний ном, томоохон туурвил, даацтай судалгааны бүтээл хэвлэгдсэнгүй. Түүний талаар “юм” олдохгүй дээ, баримт ховордоо биш юм. Том хүний талаарх судалгаа бүхэн ээдрээ түвэг ихтэй байдгийн л жишээ.
Д.Сүхбаатарыг дагнан судалсан, цөөнгүй жилийн хүч хөдөлмөрөө зарцуулсан судлаачид, эрдэмтэд, түүнийг мэдэх хүмүүсийн ярьж үлдээсэн баримт сэлтээс хамгийн үнэнд ойр, бодитой, тэр болгон хүмүүс мэдэхгүй баримтуудаас төрсөн өдөрт нь зориулж хүргэе.
Ардын хувьсгалын анхны долоо гэсэн нэршил, түүхэн ойлголт нэгэнт бий болсон. Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол, Д.Догсом, Д.Чагдаржав. Энэ эрхмүүдийг “Ардын хувьсгалын анхны долоо” гэж нэгэнт хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус бүрдээ ямар түүхэн үүргээ гүйцэтгэснийг их л бичлээ. Тухайн ХХ зууны эхэн үеэр Монголоор дайран өнгөрөгсөд бишгүй их байсан нь баруунд хэвлэгдсэн янз бүрийн хүмүүсийн дурдатгал номуудаас харж болно. Бодож байснаас харьцангуй их ном, эх сурвалжууд бичигдэж үлджээ. Ялангуяа 1921 оны Ардын хувьсгал өрнөж байсан үеийн Монголын талаар шүү. Тэдгээр номуудын цөөнгүйд нь Д.Бодоотой ойр нь Х.Чойбалсан гэж тэмдэглэгддэг бол Д.Сүхбаатар, С.Данзан хоёрыг хамгийн дотно гэж бичжээ.
“Гэрэл зураг түүх өгүүлнэ” гэдэг бол хамгийн үнэн үг аж. Тухайн цаг үеийг илэрхийлсэн, тэдний дүр төрхийг тод харуулсан гэрэл зургууд цөөнгүй үлдсэн нь маш олзуурхууштай. Ардын хувьсгалд оролцогчдын хэн нь хэн байсныг, тухайн үедээ хувьсгалд ямархуу оролцоотой байсныг, хэр түвшний байр суурьтай байсныг, ер нь дотроо хэн нь ямар эрэмбэтэй байсныг эдгээр гэрэл зургуудаас харж болно. Ардын хувьсгалын анхны долоо дотроо яг тухайн цаг үеийнхээ амьд дүр төрхөөр кино хальсанд үлдсэн нь Д.Сүхбаатар юм. Сүүлд Зөвлөлтийн архиваас олдсон кино хальсанд жанжин Д.Сүхбаатарын тэр үеийн Зөвлөлийн нөхөдтэй дугуй ширээний уулзалтад оролцож байгаа дүрс маш олон зүйлийг илэрхийлдэг. Үнэхээр ч өндөр, горзгор бор залуу байсныг. Тийм нэг шийдэмгий, хурц, тод, өндөр захтай хантааз өмссөн залуу жанжны амьд дүр харагддаг. Гэрэл зургууд дотор хувьсгалд оролцогчид бөөнөөрөө авахуулсан агшнууд олон бий. Хамгийн сонирхолтой нь бүх гэрэл зургийн голд Д.Сүхбаатар зогссон, эсвэл суусан байдаг. Өнөөдрийн үнэлмжээр ч тэр, зургийн голд хамгийн хүндтэй, голлох үүрэг рольтой хүн л байраа эзэлдэг шүүдээ. Та бүхэн тэр үеийн бүх фото зургуудийг дахин үзээрэй, Д.Сүхбаатар ганц удаа ч захад зогссон агшин байхгүй. Харин өнөө гол хүмүүс гэж яригддаг С.Данзан, Д.Бодоо эд нар нь захад зогссон нь олонтой. Энэ бол жижиг ажиглалт, жижигхэн дүгнэлт огтхон ч биш. Яагаад ч биш. Бодит дүр зураг. Бодит хандлага. Бодит илэрхийлэл юм.
Яг үнэндээ тухайн үеийн Ардын хувьсгалын анхны долоо дотроо Д.Сүхбаатар шиг дайн байлдаан оролцож, байлдаж тулалдаж, БААТАР цолыг Богд хаант Монгол Улсын Засгийн газраас авсан хүн өөр байгаагүй. Үүнийг ямар ч түүхч, судлаач үгүйсгэхгүй. Д.Сүхбаатар бол хорь орчим настайдаа “Таван замын байлдаан”д тартал тулалдаж, хар цэрэг нухаж, сумны өөдөөс явсан хүн. Д.Сүхбаатарыг түүхэнд 200 орчим тулалдаанд оролцсон гэж албан ёсоор тэмдэглэсэн. Тэгвэл домогт Хатанбаатар Магсаржавын дайтаж байлдсан тоо “70 орчим тулалдаанд оролцсон” гэж албан ёсоор бүртгэгджээ. Тэгэхээр Д.Сүхбаатар бол дайнч хүн. Ингэж үхлийн өөдөөс явсан цэргийн дарга бол яах аргагүй хувьсгалчдын оройд нь залагддаг ёстой. Хувьсгал, нийгмийн цоо шинэ өөрчлөлтийг дайн байлдаангүйгээр хийдэггүй цаг үе өнөөдөр ч үргэлжилсээр байна. Тухайн цаг үед Ардын хувьсгалыг зөвхөн зэвсэгт тэмцлээр л хийсэн. Тэрхүү зэвсэгт хувьсгалын манлайд лам Бодоо, наймааны ухаантай Данзан, тив дэлхийгээр хэсч, соёлыг гайхаж үзсэн Чагдаржав, хуварга гарвалтай Лосол, Догсом нарын хэн нь ч буу сэлэм агсаж гол дүрд давхиагүй нь тодорхойгүй. Зэвсэгт тэмцэл нэгэнт өрнөс ний дараа эдгээр нөхөд хүс сэн хүсээгүй маузер агсаж, цэргийн хувцас өмсөхөөс өөр аргагүйд хүрсэн. Яагаад гэвэл хувьсгал өөрөө үүнийг тэдэнд тулгасан юм. Харин зөнгөрдүүхэн амьдрал дунд өссөн Х.Чойбалсан бол Д.Сүхбаатараас цэрэг дайны баахан сургамж, мэдээлэлтэй болж авсан хүн гэдэг. Ардын журамт цэрэгт ирсэн эрчүүдэд цэргийн бэлтгэлийг үнэндээ Д.Сүхбаатар, Сумьяа бэйс… нарын дайн тулаанд орж, хүн рүү буу шагайгаад үзчихсэн хэдхэн хүн л зааж сургаж байсан нь түүхэн үнэн билээ.
Хувь хүнийхээ хувьд бол Д.Сүхбаатар эр хүн шиг эр хүн байсныг олон баримт гэрчилдэг. Ардын хувьсгал ялж, анхны долоо бүгд байр байраа олсон хойно хоорондоо зөрчилдөж эхэлсэн. Энэ ээдрээтэй цаг үед Д.Сүхбаатар хувьсгалд мөр зэрэгцэж явсан үеийн ганц найз Х.Чойбалсангийнхаа амийг аварсан нь түүхэнд бага үлджээ. Мэдээж хой ноос гар хөл оролцсоныг түүхээс уншсан биз. Түүнийг давталгүйгээр Д.Сүхбаатарын эргэн тойронд юу болж байсныг бичье. Д.Бодоотой ойр дотно Х.Чойбалсан түүнийг Ерөнхий сайдаас буугаад Төв аймагт хөдөөлөх маягтай байх үед сэмхэн очиж уулзаж байжээ. Д.Бодоогоо зайлуулсан С.Данзан бүх эрх мэдлийг авсан. Түүнтэй ойр дотно Д.Сүхбаатар мэдээж Бүх цэргийн жанжин хэвээр үлдсэн. Ах нар дотроо анхнаасаа хамгийн бага залуу нь байсан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан хоёр нь үе насныхан гэдгээр маш дотно үерхэж байжээ. Д.Бодоо, Д.Чагдаржав, С.Баваасан нарыг буудан хороох хүртэл тэр ээдрээтэй аймшигтай цаг үед Х.Чойбалсан хэдүйн Нийслэл хүрээнээс явсан байлаа. Тухайн үедээ Зөвлөлт Орос улс руу нэг жил орчим хугацаатай явсан түүхэн баримт бий. Хэрэвзээ Х.Чойбалсан Монголд байсан бол Бодоо, Чагдаржав, Баваасан, Чойбалсан… гэсэн нэрс жалганд буудуулах байсныг түүхчид өдгөө бичих болсон.
Үүнээс сэргийлж, Д.Бодоогийн хэрэг явдлаас Х.Чойбалсанг бултуулах ажлыг Д.Сүхбаатар зохион байгуулсан гэж түүхчид үзэж буй. Энэ хэмжээлшгүй ач тусынх нь эцсийн хариу нь Д.Сүхбаатарыг нас барсны дараа үлдсэн эхнэр хүүхдийг нь Х.Чойбалсан сайхан авч явснаар батлагддаг. Д.Сүхбаатарын гэргий Янжмаа нь амьдралынхаа эцсийн мөч хүртлээ Монголын дээд удирдлагад, дээгүүр зиндаанд амьдарсныг монголчууд мэднэ. Д.Бодоогийнхныг устгаж дуустал Х.Чойбалсан Зөвлөлт Орост байсан байдаг. Ингээд нэг жил орчим болоод ирэхээс өөр аргагүй болжээ. Ирэхэд нь мэдээж түүнийг Бодоогийн хүн гэдгээр Данзангийнхан харсан. Оролдож эхэлсэн. Энэ үеэр Бүх цэргийн жанжин, Монголын төрийн хамгийн эрх мэдэл, нөлөө бүхий хүн Д.Сүхбаатар түүнийг даруй түүний нутаг зүг болох Зүүн хязгаарт Дотоодын хамгаалахын төлөөний түшмэл маягаар явуулсан. Анхаарлаас гадуур, хэн ч биш нэг түшмэл төдийхнөөр нутагт нь нуусан хэрэг. Ингэж байж С.Данзангийнхны цаг үед Х.Чойбалсан амь гарсан байдаг. Үүнийг Д.Сүхбаатараас өөрөөр хийж чадах бяртай хүн байгаагүй гэж шинэ түүх үздэг.
1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Зөвлөлт Орос улсын хамгийн үнэ хүндтэй шагнал Улаан тугийн одонгоор Монголын хувьсгалч гурван хүнийг онцолж шагнасан юм. Д.Сүхбаатар, Хатанбаатар Магсаржав, Х.Чойбалсан гурвыг. Бусдыг нь яагаад шагнаагүй гэж. Ардын хувьсгалыг дайн байлдаанаар л хийснийг баталж байгаа нь энэ. Хатанбаатар Магсаржав бол тодорхой дайнч хүн. Хувьсгалын үйл хэрэгт цэрэг удирдсан хүн. Нэгэн цагт Д.Сүхбаатар түүний цэрэг явсан. Түүнд өгөхгүй гээд өөр хэнд өгөх билээ. Х.Чойбалсан бол ёстой нөгөө шүлэгт гардагаар “Суртлын талаар цэргийг номлох ажлыг суут Чойбалсан өөрөө удирдаж байлаа…” гэж үзэл сурталддаг шиг Х.Чойбалсан өөрөө Ардын журамт цэргийг Сэлэнгэ, Хяраан харуул орчим, Булган аймгийн нутгуудаар явж элсүүлэх ажилд идэвхтэй байсан нь бодит үнэн. Харин Д.Сүхбаатар бол Ардын журамт цэргийг шууд удирдсан, манлайд нь дайтсан. Маш товчхондоо түүний цус хөлс, эр зоригоор байлдаж олсон Ардын хувьсгал гэж болно. Түүнд биеэ гамнах, залуу насаа хайрлах тухай ойлголт байгаагүй. Тиймдээ ч тэр 33 хан насандаа хатгаагаар нас барсан. Хэвтэрт ортлоо тэр Бүх цэргийн жанжин байж, Нийслэл хүрээний гудамж талбай бүрт шөнө өдөргүй комендатын үүрэг гүцэтгэж явсаар гэнэт нэг л шөнө амьсгалах аргагүй болтлоо өндөр халуурсаар амьсгал хураасан. Тэр цаг мөчид яг дэргэд нь байсан комиссар, морин жолооч нь явсан партизанууд, жишээ нь партизан Дарьзав гуайгаас… эхлээд олон хүн эцсийн мөчийнх нь талаар ярьж, Монголын радиогийн фондод хадгалуулсан гэдэг. Тухайн нийгэмдээ тааруулан партизануудын яриаг монтажлан нэвтрүүлэг болгосон. Харин тэдний яриаг яг бохироор нь, монтажгүй хар яриагаар нь сонсвол жанжин Д.Сүхбаатарын талаарх бидний мэдэхгүй маш олон сонирхолтой үнэнийг сонсох болно. Тэдгээр партизан нэг бүртээ уулзаж, ярилцлага авч радиод хадгалуулж явсан радиогийн сэтгүүлч, нэрт яруу найрагч Зундуйн Доржийн гэрчилдгээр бол 1921 оны Ардын хувьсгалын удирдагч нь Дамдины Сүхбаатар мөн гэдгийг олонтаа хэлжээ. Жанжин Д.Сүхбаатарын түүхийг өнө холын гэж өдгөө бодож байна уу, нэг талаасаа тийм биш шүү. Ардын хувьсгалын партизануудын хамгийн сүүлийн амьд гэрч болох партизан, генерал Цолмон гуай дөнгөж саяхан 1997 онд л нас барсан. Энэ хүн жанжин Д.Сүхбаатарын удирдлагад явсан, түүнтэй хамт гамин цэрэгтэй тулалдсан ардын журамт цэргийн партизан хүн. Түүх ийм ойрхон байгаа. Тэгэхээр Д.Сүхбаатар жанжны бодит түүх ч мөн тэр хэрээр ойрхон гэсэн үг.
Б.Нямаа