Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаар бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэлт сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол болж байна.
Өнөөдрийн сонсголд “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх)-ийн талаар нэг дэх хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар танилцуулав.
Агаарын бохирдол нь
- Уушгины хатгалгааны 18%
- Уушгины архаг бөглөрөлт өвчний 13%
- Тархины судасны өвчний 31%
- Зүрхний ишемит өвчний 32 хувьд нөлөөлж байгаа талаар тэрээр онцоллоо. Мөн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж, ураг зулбах, үр хөврөл бүрэлдэхэд сөргөөр нөлөөлж байгааг дурдав. Тодруулбал түүхий нүүрсний хэрэглээний үед агаарын чанарын найрлага дахь PM10, PM2.5, CO, SO2 хэмжээ нэмэгдэхэд ураг зулбалтын давтамж нэмэгдэж, үр хөврөл бүрэлдэх байдал буурчээ.
PM10, PM2.5 Хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна
Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ Улаанбаатар хотын гадаад болон дотоод орчны агаар дахь PM10, PM2.5-ын агууламжийг бууруулсан боловч хүн амын эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөөр байна. Эрдэмтэд PM2.5 тоосонцрыг хавдар үүсгэх хүчин зүйлд оруулж үздэг. Утааны бохирдлыг бууруулахгүй бол багтраа өвчнөөр 100 мянга тутам 6 хүүхэд оношлогддог байсан бол энэ тоо 2027 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, 0-5 насны хүүхдүүд багтраа өвчнөөр өвчлөх нь ихэснэ гэсэн тооцоо гарчээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 16.2-д “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2-д “Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй эрүүл мэндээрээ хохирч, утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаа талаар онцоллоо.