Австралийн хойд нутгийн Куинслэнд мужид зогсолтгүй бороо орсны улмаас үерлэж, олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг аваад байна. Энэхүү үерийн улмаас нэг эмэгтэй амиа алдаад байгааг мөн эх сурвалжууд мэдээллээ.
Эрх баригчдын зүгээс үерийн усны хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, оршин суугчдын амь насанд аюултай хэмжээнд хүрч болзошгүй байгааг анхааруулаад байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн орж эхэлсэн хур бороо өнөөдрийг хүртэл зогсолтгүй үргэлжилж байгаа бөгөөд Куинслэнд мужийн зарим хэсгээр үерийн усны хэмжээ 1000 мм буюу 1 метрийг даваад байгааг тус мужийн захирагч Дэвид Крисафулли мэдээлжээ.
Цаг уурчдын зүгээс энэ удаагийн үерийг тухайн бүс нутагт сүүлийн 60 жилд тохиогоогүй, хамгийн их гарз хохирол учруулахуйц гамшиг болж байгаа талаар онцлоод байна.
Амиа алдсан эмэгтэй нь Куинслэнд мужийн баруун хойд хэсгийн Ингам хэмээх жижиг хотод мод мөргөж живсэн онцгой байдлын албаны аврагчдын жижиг завинд сууж явсан эмэгтэй байсан ажээ. Түүнтэй хамт жижиг завин дээр явсан бусад 5 хүн амьд үлджээ. Амиа алдсан эмэгтэйн үхлийн шалтгааныг олж тогтоох мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн байна.
Үерт автаад байгаа Таунсвилль хотын 1700 гаруй байшин барилгын нэг давхар тэр чигтээ, зарим барилгын хоёр давхар усанд автаад байгаа гэнэ. Эрх баригчдын зүгээс Таунсвилль хотын олон мянган иргэдийг ням гарагийн үд гэхэд орон гэрээ орхиж, нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдахыг үүрэгдсэн ч одоогийн байдлаар нийт оршин суугчдын 10 хувь нь гэртээ үлдсэн гэх мэдээ байна.
Тус хотын нисэх онгоцны буудлыг даваа гарагийн өглөө хүртэл хааснаас гадна олон зуун айл өрх цахилгаангүй болж, дэлгүүр супермаркетуудын хүнсний бараа дуусаад байгаа ажээ. Түүнчлэн орон гэртээ үлдсэн хүмүүст үерийн усан дотор матар байх аюултайг анхааруулан сэрэмжлүүлээд байгаа юм.