horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

Хуурамч мэдээлэл тарааж, бусдыг төөрөгдүүлэх нь гэмт хэрэг

post-img

Монгол Улсад хоёр хоног тутам нэг эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас барж байна. (БОДИТ МЭДЭЭЛЭЛ)

Вакцин ямар ч хэрэггүй, вакцин бол шинжлэх ухаан нэртэй биозэвсэг, вакцинаас болж 10 хүүхэд тутмын 4 нь аутизмтай болж байна, вакцин хүүхдийн унаган дархлааг сүйрүүлнэ. (ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ)

Монгол Улсын Засгийн газар 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоороо “Дархлаажуулалтын үндэсний товлол”-ыг шинэчлэн баталсан. Товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдийг хүний папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулахаар болсон билээ.

Папиллома вирусийн эсрэг тарилга хийнэ гэсэн мэдээлэл гарснаас хойш өнөөдрийг хүртэл олон нийтийн сүлжээнд уг вакцины эсрэг иргэдийн мэдэх, эрүүл байх эрхэд ноцтой халдсан хуурамч мэдээлэл гарсаар байна. Вакцин эсэргүүцэгчид ямар байдлаар хуурамч мэдээлэл түгээж байгаа талаар энэхүү бичвэртээ онцолж байна.

Папиллома вирусийн эсрэг вакциныг эсэргүүцэгчид шинжлэх ухааны ажилтан, эрдэмтэн, эмнэлгийн ажилтнуудын дүр төрхийг дуурайн, ОХУ-ын баталгаагүй эх сурвалжаас хуурамч мэдээлэл тарааж байна

   Хуурамч мэдээлэл тарааж буй хүмүүс эрүүл мэндийн ажилтан гэж харагдахуйц, хүмүүсийг төөрөгдүүлэхээр эрүүл мэндийн ажилтны хувцас өмсөж, шууд дамжуулалт хийж (live) байгаа нь өндөр хандалт авч, нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байна. Ингэхдээ баталгаагаагүй, эх сурвалжгүй тоо дурдаж, санаатайгаар зохиосон мэдээллээ олон нийтэд түгээж байгаа юм.

Тухайлбал: Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч цэнхэр өнгийн хувцастайгаар “Бидний үр хүүхэд туршилтын харх биш !!!” гэсэн лайв видеог 2024.11.23-нд хийсэн. Уг мэдээллийг хийх үеэрээ Бадарч Бямбадулам “Вакцинд байдаг формальдегид системчилсэн хор, Битопроликтан химийн хорт бодис, хорт хавдар үүсгэгч. Хөнгөнцагааны гидроксид хөнгөнцагааны давс. Удаан хугацаанд тархины үрэвсэл, хавагнах, альцгеймер, аутизм үүсгэх эрсдэлтэй. Энэ нь тархинд нэвтэрч, хязгааргүй хэвээр үлддэг” гэсэн агуулгатай мэдээлэл олон нийтэд түгээсэн.     

  Энэ мэдээлэлд хуурамч мэдээллийн эсрэг “factcheck.mn” талбар дүн шинжилгээ хийж, нягталжээ. Ингэхэд тухайн иргэний видеонд дурдсан өвчнүүдтэй хүний папиллома вирусийн эсрэг “Гардасил” вакцин нь холбоотой гэсэн нотолгоо, үндэслэл байхгүй. Харин уг вакцины аюулгүй байдал, үр дүнг ДЭМБ болон олон улсад хийсэн судалгаа харуулж байгаа талаар дурдсан байдаг.

Хуурамч мэдээллийн хор уршиг

Хуурамч мэдээллийн хор уршиг нь маш аюултайг хуурамч мэдээллийн эсрэг factcheck.mn талбарын үүсгэн байгуулагч Ц.Тамир дурдлаа. Тэрээр “Аравдугаар сараас эхэлсэн папиллома вирусийн вакцины эсрэг хуурамч мэдээллүүд газар авсан. Улмаар бусад товлолт вакциныг ч эсэргүүцэж эхлээд байна. Тухайлбал: “Томууг хүн өөрийн дархлаагаар давж ирсэн”, “Вакцин ямар ч хэрэггүй”, “Вакцин бол шинжлэх ухаан нэртэй биозэвсэг”,” Вакцинаас болж 10 хүүхэд тутмын 4 нь аутизмтай болж байна”, “Вакцин хүүхдийн унаган дархлааг сүйрүүлнэ” гэх зэргээр товлолт вакцины эсрэг хуурамч мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь нийгэмд маш хор хөнөөлтэй. Өндөр хөгжилтэй орнууд олон улсад хүлээн зөвшөөрөгдчихсөн папиллома вирусийн эсрэг вакцинаар умайн хүзүүний хорт хавдраас салж байхад, манай улсад хуурамч мэдээлэл тараасан хүмүүсийн уршгаар 11 настай бүтэн нэг үеийнхэн вакцинд хамрагдаагүй байна. Хуурамч мэдээ тараах нь гэмт хэрэг” гэлээ.

Ийн хуурамч мэдээллийн улмаас зарим эцэг эх хүүхдүүддээ папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэхгүй байхаар шийджээ.

    Нөгөө талаас иргэдийн мэдээллийн боловсрол, үнэн худлыг дэнслэх чадвар муу, харанхуй байна. Тиймээс хэн нэгний хэлсэн үгэнд нийтээрээ итгэж, тархиа угаалгаж байна. Жишээ дурдахад, сая амралтын өдөр дуучин Эрка өөрийн цахим хуудастаа “Өнөөдөр хуурай дүүгийн маань 9-хөн настай охин өөд болжээ. Гадуур цахилгаан менингитийн халдвар тархаад байгаа юм байна шүү” хэмээн нийтэлсэн. Энэхүү нийтлэл 5.7к лайк цуглуулж, 2.6 мянган хүн хуваалцсан. Гэвч Эрүүл мэндийн яам энэхүү мэдээллийг няцаав. Олны танил, алдартай хүмүүсийн хэлсэн үг, эсвэл хэн нэгэн эрдэмтний нэрийг барьж ямар нэг зүйл мэдээлэхэд, шууд итгэн үнэмших, цааш нь түгээх хүн олон байх юм.

Хуурамч мэдээллийг хэрхэн таних вэ?

Ковидоос үүдэлтэй цар тахлын үеэр “Цар тахлын шинэ давлагаа үүслээ”, “Вакцин хийх, бүүстэр тун хийхээр боллоо” гэсэн үйл явдлыг дагаад хуурамч мэдээлэл ихсэж байсан. “Sinovac” буюу Хятад вакцин муу”, “Спутник” (ОХУ) сайн” гэсэн хуурамч мэдээлэл олширсон. Эдгээр мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд, түгээж байсан хүмүүсийн дийлэнх нь орос хэл дээрх мэдээллийг эх сурвалж болгосон байдаг. Тэд баталгаагүй эх сурвалжийн мэдээллийг нягтлалгүйгээр, шууд олон нийтэд түгээдэг.  

    Хуурамч мэдээлэл нийгэмд болж буй үйл явдлыг дагаад олширч байдаг. Ямар нэг хуурамч мэдээлэл байгаа бол цаана нь ямар нэг үйл явдал өрнөж байгаа гэсэн үг. Эсвэл ямар нэг үйл явдал болж байгаа бол хуурамч мэдээлэл ихэсдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс мэдээлэл авахдаа шүүлтүүртэй хандаж, баримт нотолгоо бий юү гэдгийг шалгаж үзэж, өөрсдөө хэрсүү байх шаардлагатай байна.

0/1000