horoscope
horoscope
horoscope
userР. Цэцэгбаяр

“Б”: Хагалгаанд орохоор явахад зарим хүн “Эргэж ирэх юм уу” гэж байсан

post-img

Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдраар өдөрт 1 хүн нас барьж, энэхүү өвчнөөр Дэлхийд тэргүүлж байна. Иймд бид умайн хүзүүний хорт хавдраас хэрхэн сэргийлэх, хэрхэн даван туулах талаар хорт хавдраа ялан дийлсэн нэгэн эмэгтэйг урьж ярилцлаа. 2023 онд тэр умайн хүзүүний хорт хавдартай гэх онош сонссон ч бууж өгөлгүй тэмцсээр ард нь гарчээ. Тэрээр нэрээ нууцлахыг хүссэн юм.


Хүн өөрийгөө хорт хавдартай нүүр тулна гэдгийг мэдэхгүй шүү дээ. Таны хувьд умайн хүзүүний хорт хавдартай гэдэг оношийг хэзээ сонссон бэ?

Эгч нь 44 настай. Эрхзүйч мэргэжилтэй хүн. Анх 2023 оны 5-р сард эрт илрүүлгийн шинжилгээгээр хавдартай гэдгээ мэдсэн. Урьд өмнө нь ямар ч шинж тэмдэг илрээгүй. Эрүүл хүн шиг л байсан. Зүгээр л шинжилгээ өгчхөөд хавдартай гэдэг хариулт авах аймшигтай байсан. Ёстой л “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг нь болдог юм билээ. Хэсэг шооконд орсон. Тэгээд 2023 оны 6-р сард ХӨСҮТ-д хагалгаанд орсон. Ямар ч байсан ард нь гарчихсан, ингээд сууж байна.

Эрүүл, саруул ажлаа хийгээд явж байсан хүн хавдартай гэдгээ сонсоод хэцүү байсан байх. Энэ үеэ хэрхэн даван туулав?

“Ээ бурхан минь. Ингээд үхдэг юм байж дээ” л гэж бодсон. Хамгийн түрүүнд хүүхдүүд маань л бодогддог юм билээ. Би чинь дөрвөн сайхан хүүхэдтэй хүн. Хамгийн чухал нь сэтгэлийн хаттай байх. Ерөөсөө сэтгэлээ л өөдрөг байлгах хэрэгтэй.

Би хагалгаанд ороод гараад ирэхдээ ерөөсөө айгаагүй, сэтгэлээр унаагүй. Хажууд хамт хэвтэж байсан хүмүүс сэтгэлээр унаад л, “Ийм өвчин тусаад умайн хүзүүгээ тэр чигт нь авхуулчихлаа” гээд л. Мэдээж хэцүү. Умайн хүзүү, саваа бүгдийг нь авахуулна. Гэхдээ би их өөдрөг байсан. Эрүүл болж байгаа гэж бодоод.
Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг манай улс хийж эхэлсэн. Гэтэл хүмүүс эсэргүүцээд байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Хийлгэх хэрэгтэй шүү дээ. Намайг хүүхэд байхад ийм вакцин байгаагүй. Байсан бол хийлгэчихсэн байгаа. Яг цаг хугацаанд нь хийлгэчихвэл энэ өвчнөөс сэргийлэх боломжтой байх гэж бодож байна.
Өвдөх үед хүний чанар танигддаг гэж ярьдаг. Энэ үг хэр үнэн гэж бодож байна. Хүмүүсийн чанар танигдав уу?

Үнэн. Энэ бол ялт ч үгүй үнэн. Зарим хүн намайг хорт хавдар тусаад өвдөөд явчихлаа гэхэд бараг “Буцаж ирэх юм уу, үгүй юү” гэж ярьж байсан. Гэхдээ олон найз нөхөд, ажлын хамт олон минь сайн хүн байсан болохоор тэгтлээ хэцүүдсэнгүй ээ, эгч нь.
Хүүхдүүд, гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

Манай аав 80 хүрч яваа хүн. Хүүхдүүддээ, аавдаа хэлээгүй байсан. Хагалгаанд ороод гарч ирснийхээ дараа хэлсэн. Тэгсэн “Одоо яана аа” гээд л. Олон хүний урмын үг, сэтгэлийн дэмээр эрүүл болсон доо эгч нь.
Хүмүүс нэг л өдөр хорт хавдартай болчихсон гээд л яриад байдаг. Хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

Өөрийгөө хайрлаж байх хэрэгтэй. Эрүүл мэнд бол хамгаас чухал гэдгийг ойлгосон. Эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж байгаарай л гэж хэлье.
Хорт хавдраа даван туулсны дараа юу бодогдож байна?

Хүний амьдрал богинохон юм байна гэдгийг хамгийн их ухаарсан. Ийм зүйлтэй нүүр тулахаас өмнө ажил, ажил гээд л гүйдэг байсан. Одоо бол “Хүүхдүүдтэйгээ хамт аялалд явж байя. Гэр бүлдээ аль болох их цаг зарцуулж байя” гэж боддог. Хүний амьдралд нэг их их юм хэрэггүй шүү дээ. Амар амгалан, элэг бүтэн л байвал боллоо.
Энэ ярилцлагыг уншиж байгаа хэн нэгэн хорт хавдраа ялан дийлэх гээд тэмцэж байж магадгүй. Түүнд та юу хэлэх вэ?

Энэ вирус ганцхан өнөөдөр гарч ирж байгаа зүйл биш. Дэлхий даяар тархчихсан байна. Хүн өөрөө хүсээд, өвчин тусдаггүй. Тэгэхээр тэр умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг хийлгэх хэрэгтэй. Хэрвээ нэгэнт хорт хавдраар өвчилсөн, надтай адилхан даван туулах гээд хичээж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, “Сэтгэл санаагаар битгий унаарай. Аль болох өөрийгөө завгүй байлгаарай. Эдгэрдэг өвчин шүү” л гэж хэлье.
Ярилцсанд баярлалаа.

Танай хамт олонд ч гэсэн баярлалаа. Та нартаа эрүүл энхийг хүсье!

0/1000
Zaza

Erchuud ni boovo ugaahgui tolgoiniih ni arisand hatuu chuluu boltloo huragdsan ylgadas emegtei huniig uvchluhud hurgej baigamda