Шүүгдэгч М.Б Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг Чулуут гэх газарт 2023 оны 01 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед “Тоёота приус 30“ маркийн машин жолоодон явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчсөний улмаас Г.Г-ын жолоодон явсан “Тоёота королла фейлдэр” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
Түүнтэй мөргөлдсөн жолооч Г.Г-д тус аймгийн Прокурорын газар Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч ….чиг өөрчлөх… дөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас М.Б-ийн жолоодон явсан “Тоёота приус 30”-тай мөргөлдөж, хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
М.Б, Г.Г нарын энэ хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025.01.31-нд хэлэлцэв. Шүүх хавтаст хэрэгт цугларсан “Хөдөлгөөний соёл” ТББ-ын шинжээчийн 2023.07.04-ний өдрийн 13 дугаартай дүгнэлт, 2023.08.28-ны өдрийн 14 дугаартай нэмэлт дүгнэлт, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын техникийн шинжээчийн 2023.10.10-ны өдрийн 06/71 дугаартай дүгнэлт, 2024.10.09-ний өдрийн 08/05 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Г, М.Б нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Г, М.Б нарт торгох ял оногдуулж, хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэлээ гэж Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал мэдээллээ.