horoscope
horoscope
horoscope
userАДМИН

Ө.Аюушмаа: Өвлийн улиралд малгайгүй явбал сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрөлт мууддаг

Хүйтэн сэрүүний улиралд хүүхдүүд малгай өмсөхгүй явах нь ямар эрсдэл бий болдог талаар “Зинт клиник”-ийн хүүхдийн эмч Ө.Аюушмаагаас тодрууллаа.

————————————————————————–

– Хүйтэн сэрүүний улиралд малгайгүй явах нь эрүүл мэндэд ямар эрсдэлтэй вэ?

-Юуны өмнө малгайгүй явснаар маш их даарч, улмаар осгоно гэдгийг хүүхдэдээ ойлгуулаарай. Учир нь хүүхэд толгойгоороо биеийн дулааныхаа 30 хувийг алддаг. Ялангуяа үсээ угаагаад бүрэн хатаагүй байхад дулаан алдагдал хэд дахин их байх болно. Дулаан алдагдлыг багасгахын тулд бие махбодын хамгаалах механизмууд ажилладаг. Энэ нь толгой, хүзүү, нүүр, тархины судаснууд огцом нарийсна гэсэн үг. Ингэснээр хөдөлгөөн удааширч сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрөлт мууддаг. Энэ нь унаж бэртэх, тэр бүү хэл зам тээврийн осолд ч хүргэж болзошгүйг анхаарууштай. Нүүр даарсны улмаас гурвалсан мэдрэл мөн харааны мэдрэл үрэвсэж болно. Гурвалсан мэдрэлийн үрэвсэл нь маш хүчтэй өвдөлтөөр илэрнэ. Харин хүүхэд нүдээ хөдөлгөхөд өвдөх, нүдэнд нь тод гэрэл, ялангуяа улаан гэрэл харагдаж байвал харааны мэдрэл үрэвссэний шинж юм. Ингэснээр цаашид хараагаа алдах ч эрсдэлтэй.

-Наад зах нь хөлдөх эрсдэл бий шүү дээ?

-Тийм ээ. Дараагийн эрсдэл бол чих хөлдөх. Ер нь гар, хөлийн хуруунууд хөлдөх эрсдэл хамгийн өндөр байдаг бол дараа нь чих хөлдөх эрсдэл ордог. Хөлдөнө гэдэг нь эс доторх шингэн хөлдөнө гэсэн үг. Хөлдөлтийг гурван зэрэгт хуваах ба гүн хөлдсөн эрхтнийг тайрахаас өөр аргагүй болдог. Даарах, хөлдөх нь салхитайд илүү тохиолдоно. Мөн нас бага байх, тураалтай эсвэл туранхай, үе мөчний өвчтэй, бамбайн дутагдал, чихрийн шижинтэй бол даарах, хөлдөх эрсдэл өндөр. Мөн малгай, ороолтгүй явснаас хүзүүний тунгалгийн булчирхай цочиж болно. Түүнчлэн үс хуурайшиж амархан хугарч, унадаг болох нь гоо сайханд сөргөөр нөлөөлнө гэдгийг хүүхдүүддээ хэлж өгөөрэй. Тиймээс эцэг эхчүүд маань өвлийн хүйтэнд малгайгаа өмсөж хэвших нь чухал г эдгийг хүүхдүүддээ ойлгуулаарай.

Г.Балгармаа

0/1000