Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр зохион байгууллаа. Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд УИХ-ын гишүүдээс гадна нийт 104 оролцогч бүртгүүлснээс төрийн байгууллагаас 64, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 46, мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож байгаа аж.
———————————————————————————
Сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэсэн.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Үндсэн хууль үндсэн эрх болон иргэний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж заналхийлж, үндэсний аюулгүй байдалд хүрсэн утааны асуудал нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж үндэсний ирээдүйг сүйрүүлж аюул болно гэдгийг энэхүү хэлэлцүүлгээр тодорхойлж гаргана.
Орчны эрүүл мэндийн судлаач, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд:
-Уг дүгнэлтэд агаарын бохирдол үндэсний стандарт болон ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнд хүртэл буураагүй тул хүний эрүүл мэнд, амь насанд сөргөөр нөлөөлсөөр байгаа. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2-т заасан хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах эрх тус тус хангагдахгүй байна. Мөн бүх бохирдуулагчдыг бууруулахад анхаарч цогц арга хэмжээ авах, Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлын судалгааг давтан хийх шаардлагагүй.
Харин хийж буй арга хэмжээг үнэлэх, бодлогын өртөг, үр ашгийг тооцоолох, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд санхүүжилт, хүний нөөцийг бэлтгэх хэрэгтэй байна. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа хатуу түлшний хэрэглээг халах, төрийн байгууллагын хүний нөөц, лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх, хууль, стандарт, журмыг сахиулах, хяналтын байгууллагуудыг хяналт хийх багаж, тоног төхөөрөмжөөр нэн тэргүүнд хангахад анхаарч үйлдэлд чиглэсэн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-Сайжруулсан түлш нь агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан арга хэмжээ байсан гэдэг нь эрдэмтэн, судлаачдын тайлангаас харагдаж байгаа тул цаашид бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж салбарын мэргэжилтнүүд болон бусад албаныхны өгч байгаа мэдээлэлд дурдагдсан хагас кокосжсон түлш үйлдвэрлэх, автомашины бохирдлыг бууруулах чиглэлээр нийтийн тээврийг хөгжүүлэх, хийн түлш рүү шилжүүлэх, Дулааны цахилгаан станцын шүүлтүүрийг солих, шинэчлэх замаар үнс, тоосонцрын хэмжээг бууруулах, хагас кокосжсон нүүрсний эрчим хүчний үйлдвэр барих, барилга, дэд бүтцийг сайжруулж дагуул хотуудыг хөгжүүлэн хэт төвлөрлийг сааруулах зэрэг арга хэмжээ авахад анхаарах хэрэгтэй. Энэ ажилд УИХ, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бүгд хамтарч ажиллах нь чухал.
Шинжлэх ухааны доктор Ж.Нарангэрэл:
-Сайжруулсан шахмал түлшний түүхий эд нь Тавантолгойн нүүрс байдаг. Энэ нь манай орны хамгийн сайн судлагдсан нүүрс. Хүн, байгаль орчинд хортой элементүүд маш бага болох нь олон байгууллагын судалгаагаар батлагдсан. Уг түлшний үндсэн түүхий эд болох мидлинг нь Багануурын түүхий нүүрстэй харьцуулбал чийглэг болон дэгдэмхий бодисын агуулга бага, илчлэг өндөр давуу шинж чанаруудтай боловч үнслэг болон хүхэр харьцангуй ихээр агуулдаг дутагдалтай. Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийн шинжилгээ 2019-2024 онуудад Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэнд олон удаа хийсэн. Хүн, хүрээлэн байгаа орчинд хортой бодис илрээгүй. Барьцалдуулагч нь шатаалтын явцад аливаа хорт бодис ялгаруулахгүй, түлшний бат бэх чанарыг хангах, хүхрийн давхар ислийг үнсэнд барих гол үүрэгтэй. “Тавантолгой түлш” компанийн баримталж буй барьцалдуулагчийн стандарт нь хэтэрхий ерөнхий, ялангуяа эрдэс бүрэлдэхүүний найрлагыг тодорхой зааж өгөөгүй байгаа тул шинжилгээний үр дүнгээр түүний чанарыг үнэлэхэд хүндрэлтэй байна.
Дараа нь сонсголд оролцогчдын мэдээлэл, танилцуулгаар үргэлжилсэн. Нийт 24 иргэн асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Иргэдийн зүгээс эрчим хүч, цаг уур орчны шинжилгээ, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх салбарууд болон салбар хоорондын уялдааг хангаж, Засгийн газар нэн тэргүүний түвшинд алдаагаа хүлээн зөвшөөрч ажиллавал асуудлыг шийдвэрлэж чадна. Өмнөх хэлэлцүүлгийн үеэр байгаль орчны агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын эрдэмтэн, судлаачид хэмнэлтийн дулаалгын асуудлуудыг нэн тэргүүнд тавибал ирэх өвөл агаарын бохирдлыг 45-50 хувь хүртэл бууруулах боломжтой гэж ярьж байгааг анхаарах шаардлагатай гэж байлаа.
Мөн шахмал түлшнээс болж иргэд угаартаж нас барж буй тул эл түлшийг хэрэглэхээ болих, хуучирсан автомашинуудад шүүлтүүр тавих, утааг бууруулах гарц гаргалгааг шийдвэртэй хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ хариуцлагыг сайжруулж, иргэдийн төлөөллийг оролцуулсан хяналтын механизм бий болгох шаардлагатай талаар санал хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Төрийн албанд хариуцлагагүйн зуд нүүрлэж байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын үйл ажиллагааг өргөтгөн үргэлжлүүлж, Хянан шалгах түр хороо байгуулах, яндангаа буулгасан айлуудад урамшуулал олгох, дулаалгын шинэ технологи нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдийн дунд чөлөөт өрсөлдөөн бий болгох шаардлагатай.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг байгаль орчны салбар бус эрчим хүчний яаманд хариуцуулж, хариуцлагыг нь тооцдог байх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
-Өнөөдрийн сонсголд агаарын бохирдлыг бууруулахад шийдвэр г аргасан, гаргаж буй холбогдох албан тушаалтнуудыг бүгдийг дуудаж оролцуулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Замира:
-Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр, нүүрс түлэхийг цаашид зогсоох шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Агаарын бохирдлын улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирч, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдээс уучлалт хүсэхийг шаардаж байна. Дулаалгын технологид нэгдсэн стандартыг яаралтай баталж, хэрэгжүүлэх нь чухал.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:
-Асуудлыг шийдвэрлэх гол байгууллага УИХ тул эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Хянан шалгах түр хороо байгуулах, хяналт тавих, төсөв батлах эрх мэдлийнхээ хүрээнд томоохон шинэчлэл хийх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Ж.Чинбүрэн:
-Эхний өдрийн ерөнхий сонсголоор нэлээдгүй асуудал хөндсөн. Ялангуяа иргэд хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлуудын талаар бодитой шийдэл хайж ярилаа. Мөн асуудлыг хариуцах эзэнтэй байлгах, цаашид УИХ-ын гишүүд санаачилга гарган гарын үсэг зурж, эл асуудлаар үргэлжлүүлэн Хянан шалгах түр хороо байгуулах санаачилгатай санал нэг байгаагаа хэлье гэв.
Өнөөдрийн сонсголоор “Утааны асуудал Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага”-ын талаар УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, “Зуух, түлшний технологийн шийдлүүд” цуврал хэлэлцүүл гийн талаар УИХ-ын гишүүн, Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нар мэдээлэл хийж, холбогдох шинжээчдийн дүгнэлтийг сонсоно.
Э.Мөнхтүвшин