Өнөөдрөөс буюу 2-р сарын 4-ний өдрөөс эхлэн Мексик болон Канадын импортод ногдуулахаар болоод байсан нэмэлт 25 хувийн тарифын нэмэгдлийг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа нэг сараар хойшлуулахаар боллоо.
Д.Трамп орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө Мексик улсын эсрэг ногдуулахаар болоод байсан 25 хувийн татварын нэмэгдлийг түр зогсоох тохиролцоонд хүрч, зөвшөөрсөн байна. Хариуд нь Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум Мексик-Америкийн хилд 10,000 цэрэг илгээнэ гэдгээ мэдэгджээ. Тэрээр Д.Трамптай харилцан биенээ хүндэтгэсэн, “сайн” хэлэлцээ явуулснаа тодотгохын сацуу мөн Хойд Америкийн орнуудын хооронд хүчин төгөлдөр үйлчилж байгаа худалдааны гэрээг сайшаасан байр сууриа илэрхийлсан байна. Д.Трамп импортын тарифын нэмэгдлийг түр зогсоох шийдвэрээ танилцуулах үеэрээ мөн хилийн бүс нутаг хууль бус хар тамхи, мансууруулах бодисын наймаа, цагаачдаас хамгаалагдсан байх ёстой гэдгийг ахин тодотгож, шаардсан байна.
Орон нутгийн цагаар даваа гарагийн орой Д.Трамп Канадын ерөнхий сайд Ж.Трюдотой утсаар ярилцаж, хоёр улсын удирдагчид Канадын импортын тарифын нэмэгдлийг мөн 30 хоногийн хугацаанд түр зогсоохоор тохиролцсон байна. Канадын ерөнхий сайд энэ талаараа өөрийн Х хуудсандаа мэдээлжээ. Ж.Трюдо мөн АНУ-д импортлогдон орж ирсээр байгаа фентанилын урсгалыг зогсоож, хилийн аюулгүй байдлыг чангатгах зорилгоор 1.3 тэрбум ам.долларын хилийн аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болсныг зарласөн байна.
Тэрээр энэхүү төлөвлөгөөний дагуу шинэ нисдэг тэргүүд, аюулгүй байдлын хамгаалалтын технологиудыг худалдан авч, хил гаалийн хүн хүчийг 10,000 албан хаагчаар нэмэгдүүлж, фентанилын эсрэг тэмцлийг удирдах албан тушаалтныг томилж, хар тамхины картелиудыг террорист байгууллага гэж үзэн томьёолж, хилийн 24 цагийн хараа хяналтыг чангатгаж, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл, фентанил, мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэх Канад-Америкийн хамтарсан цохилт үзүүлэх тусгай багийг байгуулан ажиллах болно гэжээ.
Урд, хойд хоёр хөршөө импортын тарифын нэмэгдлээр сүрдүүлэн тохиролцоонд хүрсэн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт мөн 24 цагийн дотор БНХАУ-тай тарифын яриа хэлэлцээ явуулна гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр Хятадын импортод 10 хувийн татвар нэмж тавина гэдгээ энэ сарын эхээр мэдэгдсэн юм.