Даваа гарагт ОХУ-ын нийслэл Москва хотын баруун хойд хэсгийн орон сууцны байрны ойролцоо дэлбэрэлт болж, уг дэлбэрэлтийн улмаас Зүүн Украины бүс нутагт Оросын талыг баримтлагч хагас цэрэгжсэн “Арбат” хэмээх бүлэглэлийг үүсгэн байгуулагч Армен Саркисян амь үрэгдсэн байна.
Түүнийг орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө тэрхүү орон сууцны барилгын үүдээр орох үед дэлбэрэлт болсон ажээ.
Оросын эрх баригчдын зүгээс энэхүү дэлбэрэлтийг зохион байгуулалттай, урьдчилан төлөвлөсөн аллага байх боломжтой гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр дэлбэрэлтэд өртсөн Армен Саркисяныг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэж, сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн ч шархаа даалгүй нас барсан байна.
Дэлбэрэлтийн улмаас мөн түүний бие хамгаалагч амиа алдаж, өөр гурван хүн шархджээ.
Армен Саркисян нь Украины эрх баригчдын эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтанд 2014 оноос хойш байсаар ирсэн боловч түүний үхэлтэй Украин улс ямар нэгэн байдлаар холбоотой, оролцоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Мөн Украин улсын зүгээс одоогоор энэхүү хэрэг явдалтай холбоотой ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна. Өнгөрсөн оны 12-р сард Украины аюулгүй байдлын албаны зүгээс “гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч” Саркисяныг Украины дайнд Оросын төлөө дайтах шоронгийн хоригдлуудыг цэрэгт татах ажлыг гүйцэтгэж байсан хэрэгт сэжиглэн буруутгаж байсан юм.
Армен Саркисян нь Украины Донецкийн бүсийн Горловка хотод төрж байсан бөгөөд тухайн хотын дарга Иван Приходько түүний үхэлтэй холбогдуулан Телеграм хуудсандаа “Саркисяны хийж бүтээсэн хамгийн гол үйл хэрэг нь салан тусгаарлах тусгай хүчний батальоныг үүсгэн байгуулсан явдал байсан” хэмээн бичжээ.
Өнгөрсөн оны 12-р сард мөн Оросын генерал, доод тушаалын цэргийн албан хаагчийн хамт мөн л нийслэл Москва хотын нэгэн орон сууцны барилгын гадна дэлбэрэлтэд өртөж амиа алдсан хэрэг гарсан бөгөөд Оросын эрх баригчдын зүгээс уг хэрэгтэй холбогдуулан баривчилсан сэжигтэн эрэгтэйг Украины тусгай албаныхнаас үүрэг даалгавар авч, үйлдсэн хэмээн мэдээлсэн юм.