Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар иргэн Б.Мөнгөнхишиг нарын цахим системд байршуулсан өргөдлийг Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.2-т заасан тоонд хүрсэн тул уг асуудлыг Монгол Улсын Их Хурал болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хорооны хурлаар авч хэлэлцэн, хяналтын сонсгол явуулахаар болсон билээ.
Ингээд уг сонсгол Даваа гаргаас эхлэн хоёр дахь өдрөө үргэлжлж байна. Сонсголд УИХ-ын гишүүн болон иргэдийн төлөөлөл, холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаач, шинжээчид болон бусад хүн оролцож буй. Тэгвэл үе үеийн хотын дарга нар энэ сонсголд оролцсонгүй. Өдгөө хотын даргаар ажиллаж буй Х.Нямбаатар ч байсангүй.

Манай улс 2008-2023 оны хооронд утааны эсрэг 1.7 их наяд төгрөг зарцуулсан гэсэн тоо баримтыг хяналтын сонсголын үеэр мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 11 мянган хүн угаарын хийн хордлогод өртөж, 103 хүн нас барсан гэх мэдээг Эрүүл мэндийн яам өгсөн. Гэтэл угаартаж нас барсан хүмүүсийн тоог худлаа гэж индэр дээрээс хэд хэдэн хүн шүүмжлэв.
Утааны улмаас амиа алдсан иргэдээс гадна Монгол Улсын иргэн болох ёстой ураг хүртэл хэвлийдээ эндэж байгааг мөн энд дурдав.
Утаа иргэдийн эрүүл, амьд явах эрхэд хэрхэн нөлөөлж байна вэ?
- Уушгины хатгалгааны 18%
- Уушгины архаг бөглөрөлт өвчний 13%
- Тархины судасны өвчний 31%
- Зүрхний ишеми өвчний 32 хувьд нөлөөлж байгаа талаар анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд онцолсон.
Мөн түүхий нүүрсний хэрэглээний үед агаарын чанарын найрлага дахь PM10, PM2.5, CO, SO2 хэмжээ нэмэгдэхэд ураг зулбах давтамж нэмэгдэж, үр хөврөл бүрэлдэх боломж буурчээ.
Тэгвэл нөгөө талд сайжруулсан шахмал түлштэй холбоотой тайлбар, дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах үеэр доктор Ж.Нарангэрэл “Сайжруулсан шахмал түлшний найрлагаас хортой бодис илрээгүй” хэмээн мэдэгдсэн.
Төрөөс хэдэн их наядаар нь утааны эсрэг зарцуулсан ч ямар ч үр дүнгүй байгааг өнөөдрийн Улаанбаатарын утаа арилаагүйгээрээ илхэн харуулж буй. Гэвч дээр дурдсан өндөр дүнтэй мөнгийг хэрхэн зарцуулсан талаар бид асууж, хянах ёстой. Тиймдээ иргэд хяналтын сонсгол хийе гэж гарын үсэг зурсан, нийтээрээ нэгдэн талбай дээр жагссан билээ.
ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин: Энэ жил 20 мянган айлыг орон сууцжуулахаар болсон. Тендэрээ өнөө, маргаашгүй зарлана. Мөн Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн ажилд анхаарч байна.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Сайжруулсан түлшний ард тээврийн бизнес явчихсан юм билээ. Хүнээ бодсон түлшний стандарт гэж алга. Зөвхөн мидлингэд зориулсан стандарт гаргасан байна.
Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хатуу түлшний хэрэглээг даруй халаач! Үүнийг бид бүгд харж, хянамаар байна. Хамгийн гол нь ямар нэг судалгаа хийж, бичиг баримт хөөцөлдөх биш үйлдэл рүү хандсан үйл ажиллагаа хэрэгжүүлээч гэж хүсэж байна.
Иргэн: 2009-2025 он хүртэл 163 хүн нас барсан гэж хэлж байх юм. Тийм биш шүү дээ. Бид мэдэж байгаа. Би өнгөрсөн жил шүүхийн шинжилгээний статистикийн бүх дүн шинжилгээг үзсэн. 2017 оноос 2025 оны нэгдүгээр сарын 1 хүртэл Монгол Улсад угаарын хийн хордлогоор 794 хүн нас барсан байна. 2017 онд 74 хүн нас барсан байна. Шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2018 оноос хойш 720 хүн нас барсан. Гэтэл бүхэл бүтэн улс, үндэстний өмнө 163 хүн нас барсан гэж хэлж, хэлүүлж байхаасаа та нар ичээч.
Өнөөдөр утааны асуудал улсын зовлон болчхоод байна. Өнгөрсөн хугацаанд засгийн эрх авсан нам нь утаанаас ангижруулна гэж амлалт өгч, зарим нь утааны асуудлыг урдаа барьж, эрх мэдэл, албан тушаалд очсон.
Ер нь утаа Монголын иргэдийн зовлон, нөгөө талд хэн нэгний мөнгөний, албан тушаалын эх үүсвэр, бизнес боллоо. Ямартаа ч утааны хяналтын сонсголыг эхлүүллээ. Сонсголоор “Цэвэр агаар сан” төслөөс эхлээд утаагүй зуух, сайжруулсан түлш, “Тавантолгой” ХХК гээд утааны эргэн тойрон дахь төсвийн зарцуулалт, улс төрийн мэдэгдлүүдийг эргэн харж, дүгнэх ёстой.