horoscope
horoscope
horoscope
userГ. Мөнх-Эрдэнэ

Францын ерөнхий сайд Ф.Байруд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хурааж магадгүй

post-img

Францын ерөнхий сайд Франсуа Байру даваа гарагт 2025 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг парламентын санал хураалтаар оруулалгүйгээр үндсэн хуулийн зүйл заалтыг ашиглан шууд батлах оролдлогыг хийсэнтэй холбоотойгоор лхагва гарагт түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар парламент санал хурааж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.

Тодруулбал, ерөнхий сайд Франсуа Байру Францын үндсэн хуулийн 49.3 дах онцгой зүйл заалтыг ашиглан 2025 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг шууд батлах оролдлого хийснийг тус улсын хэт зүүний үзэл баримтлал бүхий LFI намын зүгээс ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах асуудлыг өргөн барьж, байгуулагдаад удаагүй байгаа Франсуа Байругийн тэргүүлсэн шинэ засгийн газрыг унагах болно гэдгээ мэдэгдсэн байна.

Тус намын зүгээс санал хураалтыг лхагва гарагийн өглөө явуулж магадгүй гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн тус намаас төсвийн хуулийн эсрэг мөн санал хураалт явуулна гэсэн юм.

Харин Социалист намын зүгээс одоохондоо Байругийн засгийн газрын эсрэг санал өгөхгүй байхаар шийдсэн гэдгээ даваа гарагт мэдэгдсэн байна. Тус нам улсын төсвийн тухай хууль батлагдсаны дараагаар л Ф.Байруд итгэл үзүүлэх эсэх буюу огцруулах асуудлыг үргэлжлүүлэн явуулахад бэлэн болно гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Хэт барууны үзэлт Үндэсний хөдөлгөөн намын хувьд шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа бөгөөд сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Байруг огцруулахыг дэмжих, эсэх шийдвэрээ лхагва гарагт гаргана гэжээ.

Ф.Байругийн засгийн газрын боловсруулан, батлуулахаар хүчлээд байгаа төсвийн тухай хуулийн төсөлд 2024 онд 6 хувьд хүрээд байсан Франц улсын төсвийн алдагдлыг энэ жил 5.4 хувьд хүргэж буулгахаар зорьж байгаа бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд Ф.Байругийн засгийн газар төсөвт 30 тэрбум еврогийн таналт хийж, хэт өндөр орлоготой компани, аж ахуй нэгжүүд болон өрхүүдийн татварыг нэмэгдүүлэхээр (20 тэрбум евро) болоод байгаа юм.

Ф.Байругийн өмнөх ерөнхий сайд Мишель Барнье мөн л төсвийн асуудалтай холбоотойгоор түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаарх парламентын санал хураалтын үр дүнд өнгөрсөн оны 12-р сард албан тушаалаасаа хусагдсан билээ.

Францын ерөнхийлөгч Э.Макрон 2024 оны 6-р сард гэнэтийн шийдвэр гарган, Үндэсний ассамблейг тарааж, ээлжит бус сонгууль зарлан явуулсны дараагаас эхлээд тус улсын улс төрийн орчинд хямрал бий болж, богино настай засгийн газрууд байгуулагдан, улмаар задран унасаар байгаа билээ. Үндсэн хуулийн дагуу Э.Макронд ирэх зун хүртэл ахин Үндэсний ассамблейг тараах эрх байхгүй юм.

0/1000