Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг өнгөрсөн оны 12-р сард цэргийн онц байдал зарлах үеэрээ хэвлэл мэдээллийн байгууллагуудын ус, тог цахилгааныг таслахыг үүрэгдсэн талаар Өмнөд Солонгосын прокурорууд мэдээлжээ.
Юн Сок Ёлыг яллах баримт бичгийг үйлдэж байгаа прокуроруудын зүгээс даваа гарагт дээрх мэдээллийг ил болгосон байна. Прокуроруудын зүгээс Юн Сок Ёлыг төрийн эсрэг бослого, үймээн самуун дэгдээх явдлыг санаатайгаар зохион байгуулсан хэргээр яллахаар болоод байгаа бөгөөд эрх баригчдын зүгээс даваа гарагт түүний шүүх хурлын өмнөх бэлтгэлийн үйл ажиллагааг энэ сарын 20-ны өдөр явуулах товыг тогтоосон байна.
Юн Сок Ёлыг яллах баримт бичигт түүнийг 12-р сарын 3-ны өдөр цэргийн онц байдал зарлахын яг өмнөхөн кабинетын сайд нар түүний эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байр сууриа ар араасаа илэрхийлж, Юн Сок Ёл ч тухайн үед ерөнхийлөгчийн хувиар онц байдал зарлах эрх мэдэл нь түүнд байгаа, цэргийн онц байдал зарлах шийдвэрийг гаргасан, өөрийнхөө үйлдэлд хариуцлагаа хүлээх болно хэмээн хэлж байсныг багтаан оруулсан байна.
Юн Сок Ёлын зарласан цэргийн онц байдалтай холбоотой тушаалд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эрх баригчид хяналтандаа оруулахаар зааж өгсөн байжээ. Харин түүнийг яллах тухай баримт бичигт Юн Сок Ёлыг кабинетын сайд нарт зарим буюу тодорхой хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төв байрны ус, цахилгааныг таслахыг үүрэгдсэн хэмээн бичжээ.
Түүнчлэн уг баримт бичигт Юн Сок Ёлыг Үндэсний ассамблейн байранд цэрэг оруулж, парламентын бүрэн эрх мэдлийг цуцлаж, онц байдлын үеийн тусгай хууль тогтоох байгууллагыг үүсгэн байгуулах гэж байсан хэрэгт буруутгаад байгаа ажээ.
Харин Юн Сок Ёл өөрийгөө тухайн үед цэргийн онц байдал зарлах зайлшгүй шаардлагатай байсан хэмээн зөвтгөж, шүүх хурлын үеэр прокуроруудын эсрэг өөрийгөө хамгаалж, тэмцэх болно гэдгээ илэрхийлээд байна.