БНХАУ АНУ-ын олон нэр төрлийн импортын бараа, бүтээгдэхүүний эсрэг нэмэлт тариф тогтоохын сацуу Америкийн технологийн Google компанийг зах зээлийн өрсөлдөөний хууль тогтоомжуудыг зөрчсөн хэрэгт буруутгаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаагаа мягмар гарагт албан ёсоор зарлаад байна.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын 2-р сарын 1-ний өдөр тогтоосон Хятадын импортод 10%-ийн нэмэлт тариф ногдуулах зарлиг тушаал үйлчилж эхлэх өдөртэй зэрэгцээд БНХАУ-ын зүгээс ийнхүү хариу арга хэмжээ авлаа.
Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн яамны зүгээс Америкийн нүүрс болон шингэрүүлсэн байгалийн хийн импортод 15%-ийн тариф, түүхий газрын тос, ХАА-н тоног төхөөрөмж, хүчтэй хөдөлгүүр бүхий автомашины импортод 10%-ийн тариф нэмж ногдуулахаар болсноо зарлаж, “АНУ-ын авч хэрэгжүүлсэн, нэг талыг барьсан тарифын нэмэгдэл нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон, үүгээрээ тэд өөрсдийн асуудлыг шийдэж чадахгүй хийгээд Хятад-Америкийн хоорондох энгийн явагдаж байсан эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд хохирол учруулж байна” хэмээн мэдэгджээ.
Мөн Хятадын Зах зээлийн зохицуулалтын газрын зүгээс тусдаа хийсэн мэдэгдэлд тус байгууллага нь Америкийн Google компанийг зах зээлийн өрсөлдөөний хууль тогтоомжуудыг зөрчсөн хэрэгт сэжиглэж, мөрдөн шалгаж байгаа гэжээ.
Д.Трамп Мексик, Канадын импортод 25 хувийн тариф нэмж ногдуулахаар болсноо дээрх хоёр улстай яриа хэлэлцээ явуулсны үр дүнд нэг сарын хугацаанд хойшлуулах шийдвэрийг гаргасан юм. Харин Хятадын импортод 10 хувийн нэмэлт тариф ногдуулсан Д.Трамп даваа гарагт Хятадын талтай яриа хэлэлцээ явуулна гэж мэдэгдсэн ч ийнхүү Хятад улс Америкийн эсрэг хариу арга хэмжээ авлаа.
БНХАУ-ын зүгээс авч хэрэгжүүлсэн, Америкийн импортод тавьсан нэмэлт тариф энэ сарын 10-наас хэрэгжиж эхлэхээр болсон байна.