Өнгөрсөн долоо хоногийн дундуур АНУ-ын нийслэл Вашингтон хотод армийн нисдэг тэрэгтэй мөргөлдөн, Потомак голын усанд унаж осолдсон иргэний агаарын тээврийн онгоцны үлдэгдлийг даваа гарагт голын уснаас гарган авсан байна.
Тодруулбал, онгоцны баруун талын хөдөлгүүр болон бусад хэсгүүд, далавчийг голын уснаас гарган авсныг Үндэсний зам тээврийн аюулгүй байдлын албаны зүгээс мэдээлжээ. Харин мягмар гарагт онгоцны урд хэсэг буюу нисгэгчдийн бүхээгийн хэсгийг татаж гаргах зорилготой байгаа гэжээ.
American Airlines-ийн зорчигч тээврийн онгоцонд 60 зорчигч, хөлгийн багийн 4 гишүүн байсан бол мөргөлдсөн армийн нисдэг тэргэнд 3 цэргийн албан хаагч байсан юм. Тодруулбал хоёрдугаар зэргийн ахлах офицер Эндрю Ийвс, ахмад Ребекка Лобак, штабын түрүүч Райн О’Хара нар байсан бөгөөд тэднийг маш туршлагатай нисгэгчид байсан, ялангуяа тухайн хэсэгт байнгын нислэг үйлддэг байсныг нь армийн зүгээс мэдэгдсэн байна.
Уг ослын дараагаар эрж хайх аврах ажлыг хүйтэн цаг агаартай, зайрмагтсан голын усанд шөнийн турш явуулсны дараагаар ослоос нэг ч хүн амьд гараагүйг эрх баригчид мэдээлсэн бол даваа гарагт Вашингтон хотын онцгой байдлын албаныхны зүгээс хийсэн мэдэгдэлд нийт 67 хохирогчийн 55-ынх нь цогцсыг олж, хэн болохыг нь тогтоосноо зарласан байна.
Үлдсэн 12 хүний цогцсыг эрж хайх ажил үргэлжилж байгаа ажээ.