АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Байден Лос-Анжелес хотноо төвтэй “Creative Artists Agency” хэмээх уран бүтээлийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн байна. Ж.Байден өмнө нь тус агентлагтай 2017-2020 оны хооронд хамтран ажиллаж байсан юм.
CAA агентлагийн дэд тэргүүн Ричард Ловетт Ж.Байдентай ахин хамтран ажиллаж, түүнийг төлөөлөхөөр болсон мэдэгдэлдээ “Ерөнхийлөгч Байден бол Америкийн хамгийн их олны хүндлэлийг хүлээсэн, үндэсний хэмжээний болон олон улсын тавцанд нөлөө бүхий хүн юм. Нийгмийн төлөө насан туршийн амьдралаа зориулсан энэ хүндэт эрхэмтэй дахин хамтран ажиллахаар болсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн онцолжээ.
Өдгөө 82 настай Ж.Байдены хувьд 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсны дараа цаашдын төлөвлөгөөний талаараа чимээгүй явж ирсэн ч өнгөрсөн сард Цагаан ордныг орхин явахдаа хэлсэн үгэндээ “Бид засаг захиргааны албыг орхин явж байгаа ч тэмцлээ хэзээ ч орхихгүй” хэмээн мэдэгдсэн билээ.
CAA агентлагт харьяалагдахаар болсон Ж.Байдены юу хийж, бүтээх нь одоогоор тодорхойгүй байна. Тэрээр өмнө нь уг агентлагт байхдаа “Promise Me, Dad: A Year of Hope, Hardship, and Purpose” хэмээх намтар номоо 2017 онд хэвлүүлсэн. Том хүү Богоо алдсан талаараа бичсэн түүний уг бүтээл тухайн үедээ “New York Times”-ын хамгийн өндөр борлуулалттай номоор тодорч байсан юм.
“Creative Artists Agency” агентлагтай АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, тэргүүн хатагтай асан Мишель Обама, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар хамтран ажиллаж байсан түүхтэй.