Дорнод аймгийн иргэн Э, Г нар бүлэглэн, айлын гэрт нэвтэрч, 308.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан хэрэгт холбогджээ. Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх Э, Г нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрт нь 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г ““ …уушигны хүнд хагалгаанд 2 удаа дараалан орсон … тул ялыг хөнгөрүүлж өгнө үү” хэмээн давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Үүний дагуу тус шүүх тэдний хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Эрүүгийн хуульд зааснаар, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол ял шийтгэлийг хүндрүүлж, 2-8 жил хорих ял оногдуулахаар хуульчилжээ. Түүнчлэн хуульд заасан тодорхой тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж болно.
Анхан шатны шүүх уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хорих ял оногдуулсан нь энэ тохиолдолд хүнд ял биш гэж давж заалдах шатны шүүх үзжээ.