horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ЭМД-ын шимтгэлийг сэмхэн нэмж, иргэдээс 1%-ийн хулгай хийлээ

post-img

                                     1%-ийн хулгай

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл (ЭМД)-ийг 2025.01.01-нээс нэмжээ. ЭМД-д 1%-ийн шимтгэл төлүүлдэг байсан бол одоо 2%-ийг авдаг болжээ. Шимтгэлийн хэмжээ 1%-иар нэмэгдэв. Хамгийн гол нь энэ тухайгаа хэлэлгүйгээр, цалингаас сэмхэн хулгайлав. 1%-ийн хулгай ч гэсэн хулгай шүү дээ. Хүн бүрээс 1%-ийг хулгайлан цуглуулахад, ЭМДС-гийн мөнгө 2 дахин нэмэгдэнэ.

Хувиараа хөдөлмөр эхэлдэг, ажилгүй хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрт тэдний төлөх мөнгө нэмэгдэнэ. Тэд 2024 онд сар бүр 6600, жилд 79.200 төгрөг ЭМДС-д төлсөн бол 2025 оны 1-р сараас эхлэн, сард 13.200 төгрөг төлж байна.  2024.04.01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхэд, сар бүр 15.840, жилд 190.080 төгрөг төлдөг болно. Тэгвэл ямар нэг байгууллагаас цалин авдаг хүмүүс цалингийнхаа хэмжээгээр ЭМД-ын шимтгэл төлөх тул үүнээс ч өндөр шимтгэл төлж эхэллээ.

ЭМД-ын шимтгэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр

ОнШимтгэл %1 сард, төгрөгөөрЖилд, төгрөгөөр
20191%320038.400
20201%420050.400
20211%420050.400
20221%420050.400
20231%550066.000
20241%660079.200
2025 оны 1-3 сар2%13.20039.600
2025 оны 4-12 сар2%15.840142.560

                                            Шимэгч

Хүүхэд, ахмадууд, халамжаар амьдрагсад, хүүхдээ 2 нас хүртэл нь харж байгаа эх эцэг, цэрэг, ялтан гээд 2.2 сая хүний ЭМД-ын шимтгэлийг төр хариуцдаг. Тэтгэврийн хөгшчүүдийн өмнөөс төр 2023 онд 82.1 тэрбум төгрөг ЭМДС-д төлсөн бол өнөөдүүл нь 678.4 тэрбум төгрөгийн эмчилгээ хийлгэчихжээ. Ахмадууд ЭМДС-гаас авч болох мөнгөнөөсөө 8.3 дахин ихийг авч байна. Төр тэдний мөнгийг нэмж өгөх эсвэл замбараатай болгох хэрэгтэй.

Харьцангуй залуу хүмүүс атлаа ЭМДС-г хоосолдог шимэгч бол хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх нэртэй, ЭМД-ын шимтгэлээ өөрөө төлдөг иргэд. Тэд 2023 онд 21.9 тэрбум төгрөгийн шимтгэл төлөөд, 100.1 тэрбум төгрөг авчхаж. Өгснөөсөө 4.6 дахин их мөнгө. Уг нь Засгийн газар зөвхөн тэдний шимтгэлийг л нэмэх ёстой байв. Гэтэл нийтээр нь шимтгэл нэмж, биеэ эрүүл авч яваа нэгнийх нь мөнгийг биеэ чагнагсдад үрэх нь бодлогогүй хэрэг. Ид хөдөлмөрийн насны хүмүүс атлаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, хамгийн бага шимтгэл төлчхөөд, ахмадуудтай барьцан, эмнэлгээр эргэлддэг энэ хүмүүсээс ЭМД-ын шимтгэл ахиу авах нь шударга.

Эсвэл ЭМДС-д төлсөн мөнгөнийх нь хэмжээнд таарсан үнэтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Жилд 80 мянган төгрөгийн шимтгэл төлсөн бол түүндээ таарсан эмчилгээ хийлгэ. Илүү төлбөрөө өөрөө төл. 3 жил эмнэлэгт үзүүлээгүй, 240 мянган төгрөг хуримтлагдсан байвал түүнийгээ л хэрэглэ. Зарчим ердөө энэ.

Түүнээс 616.1 тэрбум төгрөг шимтгэл төлчхөөд, 192.2 тэрбум төгрөгийн тусламж, үйлчилгээ хүртсэн ажиллагсдын үлдээсэн мөнгийг тэд шимэгчлэх эрхгүй. Түүгээр чинь хүүхэд, хөгшид, цэргүүд, хүүхдээ харж буй хүмүүсийг эмчилнэ. 

         Хамгийн ихийг өгөөд, хамгийн багыг хүртэгсэд

ЭМД-ын шимтгэл Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-д ордог. Энэ бол Засгийн Газрын тусгай сангуудын нэг. Нийгмийн даатгалын сангууд дотроо цугладаг, зарцуулдаг мөнгөний хэмжээгээрээ Тэтгэврийн сангийн дараа ордог, 2 дахь том сан.

Энэ санд хамгийн их мөнгө оруулдаг хүмүүс нь ажиллагсад. ЭМЯ-ны судалгаагаар ЭМД-д хамрагдсан хүмүүсийн 24% нь ажиллагсад байв. Тэд тус сангийн нийт орлогын 69.2%-ийг бүрдүүлсэн атлаа зарцуулсан нийт мөнгөний 13.7%-ийг хүртжээ.

Ингээд харвал ажиллагсад энэ санд өгсөн мөнгөнийхөө үр шимийг бараг хүртдэггүй. За яах вэ. Үр хүүхэд, өндөр настай аав ээжийнхээ эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх мөнгийг төлж байна гэж тайвширъя. Тэд эрүүл байвал би ажлаа тайван хийх юм даа. Би өөрийнхөө төлөө ЭМДС-д шимтгэл төлдөг. Төлдөг ч гэж дээ, надаас хүчээр авдаг. Үр хүүхэд, аав ээжийнхээ төлөө шимтгэл төлж байгаа нь би өөрийнхөө төлөө төлж байгаа гэсэн үг. Иймээс энэ шимтгэлийг цалингаасаа суутгуулахдаа дургүйцдэггүй л дээ.

  Мөнгөний 77%-ийг шимтгэл төлдөггүй хүмүүс хэрэглэжээ

Харин дургүйцдэг нэг юм бий. 2023 оны байдлаар ЭМДС-гийн мөнгөний 77%-ийг шимтгэл төлдөггүй хүмүүс хэрэглэсэн байх юм. Төр тэдний өмнөөс ЭМДС-гийн 27.4%-ийг төлжээ. Эрүүл мэндийнхээ төлөө 1 ч төгрөг төлдөггүй хүмүүс хамгийн ихийг нь хэрэглэж, ЭМДС-г хоосолж байна. 2024 он дуусах яагаа ч үгүй байхад, 10 дугаар сард ЭМДС хоосорсон нь нэг талаас тэдэнтэй холбоотой.

Үнэгүй юманд нугасгүй ийм хүмүүс эмнэлэгт заавал хэвтэх албатай мэт аашилж, хэвтэх шаардлагатай хүмүүсийн орыг эзэлдэг. “Эмнэлэгт танилтай хүнд л тэр ор нь олддог” гэж амтай болгон ярьдаг. Тэр нь үнэн гэдгийг элэгний хавдраа авахуулсан, уушгины хавдартай аавыгаа Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэх гээд чадаагүйн хувьд мэднэ. Ээж маань ч цөсөө авахуулахдаа 2 хоносныг эс тооцвол улсын эмнэлэгт хэвтэж үзээгүй. Ямар нь улсын эмнэлэгт бусдын төлсөн шимтгэлээр ямбалж, ямар нь халааснаасаа мөнгөө төлөөд, хувийн эмнэлэг барааддаг юм.

Ийм асуудал маш олон хүнд тохиолддог. Хүмүүс үүнийг шүүмжилдэг. Гэвч асуудал байсаар, хэн ч шийдэхгүй байлгасаар…

                ЭМДС-г НӨАТ-ын системтэй холбо!

Тэгэхээр одоо эмнэлгийн ор, эмийн жор, эмийн үнийн хөнгөлөлт гээд эмнэлэгтэй холбоотой бүхнийг НӨАТ-ын системтэй холбохыг ЭМЯ, Засгийн Газраас шаардъя! Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд болоод, ЭМЯ-аар тендер зарлуулж, эмийн жорыг НӨАТ-ын системтэй холбуулсан. Тэгэхэд эмийн үнийн хөнгөлөлтөөс 7 тэрбумыг хэмнэсэн гэдэг. Хөнгөлөлттэй эмийн жорыг хэн дуртайд нь бичиж өгдөг нь үүгээр ил болж, эмч нар жороо замбараатай олгодог болсон байна. Эмийн сантай эмч нар өөрсдөө эм хямд авч, эмийн сандаа өндөр үнээр зарж, ашиг олдог гэх хардлага ч байв.

Дараа нь эмнэлгийн ор, оношилгоог НӨАТ-ын системд холбох гэтэл хувийн, улсын 159 эмнэлгийн дарга, захирлууд эсэргүүцэж, Д.Сарангэрэл сайдыг шахаанд оруулан, болиулсан байдаг. ЭМДС-гийн мөнгийг дураараа авдаг нь илрэх гээд байсан учраас тэр.

“Даравч далдайна. Булавч бултайна” гэгчээр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, С.Ундрам, Б.Номинсувд нар албан тушаал, эрх мэдлээ ашиглан, олон эмнэлгээс авлига авч, өвчтөнийх нь тооноос хэтийдсэн санхүүжилтийг ЭМДС-гаас олгож байсныг АТГ илрүүлж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Тэдэнд нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. “Гэгээн манал”, “Нандин ухаан” эмнэлэг гэхэд жил тутам 1-3.6 тэрбум төгрөг ЭМДС-гаас Л.Бямбасүрэнгийн тусламжтайгаар завшиж байсан нь илрээд байна.

Даатгуулагчдын мөнгийг чононд хадгалуулчхаад Засгийн Газар нэмж, иргэдээс 1% шимтгэл хулгайлж байгаа нь гутамшиг. Ядах нь ээ, хэлээд авчихгүй. ЭМД-ын шимтгэл нэмнэ гэж хэлэх гээд ам нь эвлээгүй мөртлөө хулгайлж авахдаа гар нь шаламгай юм.  

Хулгайлсан 1%-иараа төрийнхнийг тэжээнэ

Ноднин ЭМДС-гийн мөнгө хүрэлцээгүй, яагаа ч үгүй дууссан гэдэг шалтгаанаар өнөө жилийн орлого, зарлагыг өндөр дүнгээр нэмсэн. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 2024.07.25-нд 2025 оны төсвийн төсөл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн саналаа УИХ, Сангийн яам, Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. Үүн дотроо ЭМД-ын шимтгэлийг 4% болгон нэмж, ажиллагсдаас 2%, ажил олгогчоос 2%-ийг гаргуулахаар төлөвлөсөн байна. Үүнийгээ олон нийтэд ил тод мэдээлэлгүйгээр шийдвэр гаргагчдад танилцуулаад, шийдүүлчихсэн байна.  

Энэ онд ЭМДС-д 2 их наяд 727.1 тэрбум төгрөг цуглуулж, 2 их наяд 475.6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнийг өнгөрсөн жилийн төсөвтэй харьцуулбал орлого 527.9 тэрбум төгрөгөөр (27.3%), зарлага 542.4 тэрбум төгрөгөөр (25.2%) нэмэгдэнэ. ЭМДС-д энэ жил орох орлогыг 527.9 тэрбум төгрөгөөр нэмж төсөвлөсөн нь цаагуураа 1%-ийн хулгайгаа төлөвлөсөн хэрэг байж л дээ.

Орлого нэмэгдвэл зарлагаа дагуулаад нэмдэг зарчмаар ЭМДЕГ болон ЭМДҮЗ-ийн үйл ажиллагааны зардалд өнөө жил 19 тэрбум 818.3 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Эдгээр байгууллагын зардал уржнан 10 тэрбум байсан бол ноднин 6 тэрбумаар нэмэгдэж, 16 тэрбум болсон. Одоо дахиад 3 тэрбумаар өсөж, 19 тэрбум болон жилээс жилд нэмэгдэж байна. Энэ их зардлыг даатгуулагчдаас хулгайлсан 1%-иараа л нөхнө шүү дээ. ЭМДС-гийн мөнгө хүрэхгүй байгаа бол энэ байгууллагыг татан буулгавал таарна.

0/1000
Зочин

Урд оных төлөх хэрэггүй бна

Зочин

Энэ даатгалыг нөхөн төлүүлдэг ээ болих хэрэгтэй мөнгө угаалт явагдаж байна өвдвөл өвдсөн он оо л төлөх хэрэгтэй