“Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байна. 2023-2024 онд үр үржүүлэх анхан шатны төв, үтрэм барих чиглэлээр нийт 27 иргэн, аж ахуйн нэгжид 11.46 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгожээ. Үүний үр дүнд үтрэмийн багтаамж 11 мянган тонноор нэмэгдээд байна. “Атрын IV аян”-ы хүрээнд энэ зээлийг үргэлжлүүлэн олгохоор ХХААХҮЯ төлөвлөжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон албаны хүмүүс /2025.02.04/ Дархан-Уул аймаг дахь “Газар өгөөж” ХХК -ийн анхан шатны үр үржүүлгийн төв, механикжсан үтрэмийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 3 тэрбум төгрөг дээрээ Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд 2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, цагт 5 тонн үрийн буудай ангилах, цэвэрлэх хүчин чадалтай үтрэм ашиглалтад орууллаа.
Тус компани 2025 оны хаврын тариалалтад нийлүүлэх “Алтайская-325”, “Юнион”, “Бурятская остистая” сортын үрийн улаанбуудайг шинэ дэвшилтэт технологи фото сепаратороор цэвэрлэж байна. Фото сепаратор нь үр тарианы физик шинж чанарт үндэслэн ангилан цэвэрлэдэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж юм.