УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өнгөрсөн оны сүүлээр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Үүнтэй зэрэгцэн Гэр Бүл Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайд Л.Энх-Амгалан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”-ийн төсөл өргөн барьсан билээ. Олон нийт тус хуулийн төслийг шүүмжилсэн учир УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар хуулийн төслөө эргүүлэн татсан. Харин Л.Энх-Амгалан сайдын Засгийн газарт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ хэлэлцээгүй байна.
Тэгвэл олон нийтийн шүүмжлэлд өртсөн гадаад ажилтны тоо хэмжээ, ажлын байрны төлбөрийн зохицуулалт хийх талаарх хоёр хуулийн төслийг УИХ хэлэлцэн батлаагүй ч Засгийн газар тогтоол батлан зохицуулжээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар “Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” тогтоол баталсан байна. Тус тогтоолоор гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэл, шинэ хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх энэ тогтоолын хавсралтад заасан 52 аж ахуйн нэгж, байгууллагын 14737 гадаад ажилтныг 2025 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлжээ.
52 аж ахуйн нэгжээс гаднын ажиллах хүч авах 10 аж ахуй нэгжийн жагсаалт,
- Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК- 4300
- “Болдтөмөр ерөө гол” ХХК- 950
- “Монголын алт” /МАК/ ХХК-850
- “Чайна энержи инженеринг групп анхуй электрик повер констракшн хоёрдугаар инженеринг” ГХОХХК- 660
- “Хэнан шинь жян юань барилга инженеринг” ГХОХХК-555
- “Касен пауэр грийн энержи” ГХОХХК- 1300
- “Райд Монголиа” ХХК-600
- Тавантолгой төмөр зам ХХК-500
- Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдах 300МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх дөрвөн аж ахуй нэгж байгаа бөгөөд нийт 1750 ажиллах хүч гаднаас авахаар тусгажээ.
- “Ногоон нуур 1008 айлын орон сууцны төсөл”-ийн нэгж (Төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж)-252 гаднын ажилтан авчрах бөгөөд 2025 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр тусгажээ