horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Б.Хаш-Эрдэнэ: Өндөр ур чадвартай хүндээ өндөр цалин өгөх гэхээр татвар нь өндөр

post-img

NTV телевизийн “Анализ: Засаглал ба Зах зээл” шууд хөтөлбөрөөр Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд яригдаж байгаа асуудлуудыг хөндөн ярилцлаа. Нэвтрүүлэгт Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш- Эрдэнэ нар оролцсон юм.

-Анхаарлын төвд байгаа, цаг үеийн асуудлаар ярилцахаар зав гарган ирсэн та бүхэнд их баярлалаа. Тэгэхээр Татварын хуулийн шинэчлэлийн ажил санал асуулга, хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Ажлын хэсэг үндсэн 3 чиглэлд тусгасан саналаа боловсруулаад, Сангийн яаманд хүргүүлэхээ мэдэгдсэн. Сангийн яам хэзээ бүх саналаа нэгтгэж, Засгийн газарт танилцуулах вэ?

Б.Тэлмүүн:

Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэл нэлээн онцлогтой хийгдэж байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт шаардлагаар бизнес, татвартай холбоотой хуулийг 60 хоног олон нийтээр хэлэлцүүлэх ёстой. Өмнө нь бид хэлэлцүүлэг хийгээд, дараа нь хуулиа боодог байсан бол одоо энэ татварын хуулийг 1-рт саналд үндэслэж хуулийн төслөө боловсруулж дуусгаад, дараа нь хуулийн төслөө “D парламент” дээр тавиад, дахин 60 хоног хэлэлцүүлнэ. Одоогийн байдлаар хууль боловсруулах ажил олон нийтийн эхний шатны хэлэлцүүлэгтэй зэрэг явж байгаа. Олон нийтээс ирж байгаа санал болгон үнэ цэнтэй байна. Бид бүх саналд дүгнэлт хийж, хуулийн төслийг урьдчилсан байдлаар хоёрдугаар сарын 10-даар боловсруулж дуусган, үзэл баримтлалаа батлуулсны дараа олон нийтийн хэлэлцүүлгийн 2-р шатыг эхлүүлнэ. 2-р шатанд 60 хоногийн хугацаанд санал болгож танилцуулагдсан хуулийн төсөл дээр дахин өргөн хүрээний хэлэлцүүлэг явна. Хуулийн заалт, өөрчлөлтүүд дээр ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнөөд, эцэслэсэн байдлаар ЗГ-ын хуралдаанд танилцуулна. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы эхэн үеэр өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ нь ирэх жилүүдийн төсвийн хүрээний мэдэгдлийг 5 сард хэлэлцэхтэй шууд уялдаатай. Олон нийт Татварын хуульд санал өгөх боломж 5 сар хүртэл байна.

-Улаанбаатар хотын худалдааны танхим Татварын ерөнхий газартай хамтарч, бизнес эрхлэгчид оролцсон хэлэлцүүлэг хийсэн. Худалдааны танхимын зүгээс Татварын хуулийн ерөнхий зарчим дээр саналаа өгч байгаа гол зүйл юу байгаа вэ?

Б.Хаш-Эрдэнэ:

-Бид энэ шинэчлэлээр нэлээн эерэг өөрчлөлтүүд гарах болов уу гэж хүлээж байна. Бид 100 гаруй аж ахуйн нэгж, иргэд оролцсон хэлэлцүүлэг хийсэн. Эндээс гарч байгаа саналуудын гол санаа нь юу байна вэ гэхээр татварын хувь хэмжээ бага байгаа юм шиг ярьдаг. Гэхдээ бодит байдал дээр татварын бус дарамт их. Процессын давхардал их байна. Энэ давхардлыг юуны түрүүнд арилгаж, татвар төлөгчдөд болон татварын албаныханд, хэн хэнд нь нээлттэй, ойлгомжтой, энгийн системийг л бий болгох хэрэгтэй. Түүнээс биш зарим нь хөнгөлөлт эдлээд, зарим нь эдэлдэггүй, зарим зардал нь ордог, зарим зардал нь ордоггүй ч гэдэг юм уу. Нэлээд сomplicated /төвөгтэй/ гэх юм уу даа, тийм систем байгааг энгийн ойлгомжтой болгох ёстой.

2-рт худалдаа эрхэлж байна уу, үйлдвэрлэл эрхэлж байна уу хамаагүй, бизнес хийж, орлого олж байгаа бол бүгд адилхан татвар төлдөг болох ёстой. Ийм шударга бус байдал нь зарим аж ахуйн нэгжид дарамт үүсгээд байна. Тийм учраас орлого олж байгаа бүгд татвартөлдөг байх хэрэгтэй. Татварын бааз суурь ингэж өргөжсөнөөрөө эргээд аж ахуйн нэгжүүдүүдийн далд эдийн засаг ил гарах нөхцөлийг үүсгэх ёстой болов уу. Гуравдугаарт, хуулийн хаана нь ямар алдаа гараад байна, тэрийгээ зөв оношлоод, засах ёстой гэдэг байр суурьтай байгаа.

-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дотоодын аж ахуйн нэгжийн татварыг бууруулж, импортын тарифыг өсгөх замаар хүчирхэг үндэстэн болох бодлого хэрэгжүүлэхээ зарлаад зарлиг гаргалаа. Энэ нь үндэснийхээ эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурласан гол үзэл санаагаар реформын шинж чанартай өөрчлөлтүүдийг хийх нь гэж ажиглаж байна. Манай улсын хувьд энэхүү шинэчлэлийн үзэл баримтлалын үндсэн санаа нь юу вэ?

Б.Тэлмүүн:

-2019 оны шинэчлэл ч тэр, 2006 оны шинэчлэл ч тэр. Бид илүү жижиг, дунд аж ахуйн нэгж рүү, татварын суурь тогтолцоо руу чиглүүлсэн. Энэ удаагийн онцлог бол ерөөсөө иргэд, өрхийн ачаалал. Эдийн засгийн өсөлт нэг талдаа гараад, инфляц өндөр байгаа үед энэ өсөлт иргэдийн халаас руу орох, өрхийн хаалгаар орох ёстой. Орлого бага байх тусам хэрэглээнд зарцуулж байгаа мөнгө нь өндөр болоод явчихдаг. Энэ асуудлыг бид нар 1-рт анхаарч байна.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд хамгийн өндөр санал бол мэдээж татвар бууруулах, хөнгөлөх, чөлөөлөх асуудал. Гэхдээ татвар бууруулах, хөнгөлөх, чөлөөлөх бол шинэчлэл гэхээс илүү бодлогын тохиргоо. Энэ удаагийн шинэчлэлийн номер нэг асуудал бол НӨАТ-ын асуудал. Яагаад компаниуд дээр дарамт болоод байна? Компани болгон НӨАТ дээр яагаад гомдол, санал ярьж байна вэ? Уул нь НӨАТ эцсийн хэрэглэгчийн төлдөг татвар. Бизнесийн татвар биш. Тэгэхээр НӨАТ Монголд бизнес эрхлэхэд компанид дарамт болдоггүй сонгодог тогтолцоо руу аваачих хэрэгтэй. НӨАТ-ыг НӨАТ биш болгож байгаа асуудлуудыг цэгцлэхэд анхаарч байна.

Мөн татварын хуулийг биелүүлэхэд хэцүү, хүндрэлтэй байна гэдэг. Бид энэ асуудлыг дараагийн дугаарт онцолж байгаа. Монгол Улсад бизнес эрхлэхэд татвар ачаалал, зовлон болдоггүй байх ёстой. Мэдээж төлөх ёстой татвараа төлнө. Харин татвар нь энгийн, илүү автоматажсан, цахимжсан, хийдэл багатай байх. Хамгийн чухал нь манай татвар, гаалийн байгууллага илүү зөвлөн тусалдаг, анхаардаг, сануулдаг, сургадаг байх. Яагаад заавал алдаа гаргасны дараа хойноос нь шалгалт хийж, акт тавих ёстой юм. Урьдчилаад “Энэ болохгүй байна. Ийм хугацаанд засчих” гээд анхааруулаад, засахгүй бол актаа тавьдаг ч юм уу. Одоо Монголд нэг шинэ бизнес хийх гээд гаднын хөрөнгө оруулагч ирэхэд, өчнөөн асуудал байдаг. Дээрээс нь татвар нэмэлт зардал болдоггүй, ойлгомжтой байх чиглэл рүү анхаарч байна.

3 дахь асуудал бол хуулийн олон заалт хэрэгжих явцад 2 салаа утгаар ойлгогдож, маргаан үүсгэдэг, хүндрэл учруулдаг явдал. Үүнийг бид шинэчлэх ёстой.

6 тэрбумаас дээш орлогоос ААНОАТ 25%-иар төлдөг. Энэ суурь босгыг өсгөх саналыг бизнес эрхлэгчид ярьж байна. Ингэснээр ямар эсрэг өөрчлөлт гарах вэ? Үүн дээр танхимын зүгээс бодлогын гаргалгааг ямар байдлаар томьёолсон бэ?

Б.Хаш-Эрдэнэ:

-ААНОАТ-ын ₮6 тэрбумын босгыг нэмэгдүүлье, дор хаяж ₮20 тэрбум болгох ёстой гэдэг санал гаргаж байгаа юм. Анх ₮6 тэрбумаар баталж байсан үеэс эдийн засаг 2-3 дахин тэлчихсэн. Төсвийн орлого, зарлага нь бас олон дахин тэлчихсэн байгаа. Өнөөдөр бодит байдал дээр бидний санал юу байна вэ гэхээр энэ татварын хуулиудаараа дамжуулаад, компаниудыг жижгэрүүлдэг биш, томруулдаг байх ёстой. Жижиг компани нь дунд зэргийнх болж хөгждөг байх ёстой. Том компаниуд нь илүү гаднаас хөрөнгө оруулалтаа оруулж ирээд, томоохон төслүүдээ хэрэгжүүлээд, зах зээлээ тэлээд томордог байх ёстой.

Тэгэхээр төсвийн орлого бүрдүүлэхэд тооцоо гарна. Яг хэд болгож нэмэх боломжтой вэ. Өөр ямар арга зам байж болох вэ. Хэрэгжих боломжтой орон зай хэр харагдаж байна?

Б.Тэлмүүн:

-Өндөр шатлалын босго бол цаанаа эдийн засгийн хэд хэдэн агуулгатай. 1-р асуудал нь жижиг, дундууд нь илүү том болох, томууд нь бүр өндөр орлоготой болох, бүр улс үндэстэн дамнасан компанитай болох. Энэ асуудлуудыг бид дэмжинэ. 2-рт татварын ачаалал яаж явж байна гэдгийг тооцоолох. 3-т компаниуд жижгэрээд байна гэдэг асуудал, ийм онош ч гэх юм уу. Энэ 3 асуудал дээр бид цогцоор нь дүн шинжилгээ хийх ёстой.

Дунд компаниуд томрох, томууд үндэстэн дамнасан компани болоход юу саад болж байна, бид судалж байна. Татварыг бууруулахыг бол мэдээж зорино. Энэ босгоос гадна өөр зөндөө асуудал байгаа. Гадаадаас хөрөнгө оруулалт, зээлийн эх үүсвэр татах гээд. Жижиг компаниудын зовлон бас өөр. Тэгэхээр бидний онош бол ₮6 тэрбумыг 20 болгосон ч, 30 болгосон ч дараагийн хэрэгцээ байж л байна. Тэгэхээр үндсэн шалтгаанууд дээрээ анхааръя аа. Ялангуяа том компаниудын зовлон, хүндрэлийг шийдье.

Компаниуд жижгэрнэ гээд байгаа. Бид нэлээн судалсан. Жижгэрч байгаа олон шалтгааны нэг энэ мөн. Бас өөр шалтгаан ч бий. Компани олон байснаараа групп компанидаа яагаад ашигтай байна вэ гээд үзэхээр зөвхөн энэ шатлалаас гадна хөрөнгө шилжүүлдэг ч юм уу, харилцан хамааралтай гүйлгээ хийдэг ч юм уу, татвараас зайлсхийх гэх мэт сэдэл байна. Нөгөө талаас Монголд компани нэгдэж нийлэх процесс өндөр зардалтай. Жишээлбэл: Хөрөнгө шилжүүлсэн зарим тохиолдолд татвар авдаг. Аж ахуйн шилжүүлэг хийгдээгүй, ашгийн төлөө борлуулалт хийгээгүй байхад татвар авдаг. Дээрээс нь улсын бүртгэл, Компанийн тухай хууль, бизнесийн эрх зүйтэй холбоотой асуудал дээр хүндрэлүүд байна.

2 дахь асуудал бол 10 болон 25 гэдэг хэт огцом зөрөөтэй 2 шатлал байгаа. Тэгэхээр 10% байснаа шууд 25% болж байгаа нь энэ асуудал яригдах нэг үндэслэл юм. Тэгэхээр бас дундын шатлалууд байвал яах вэ гэсэн хувилбаруудыг бид судалж байгаа.

-Танхим дээр болсон хэлэлцүүлгийн үеэр групп компанийн ноогдол ашгийн татвартай холбоотой асуудлууд яригдсан. Ноогдол ашгийг тухайн үед нь биш, эцсийн эзэмшигчид нь очих байдлаар давхардуулахгүйгээр тооцох боломжтой юу гэсэн санал гарч байсан. Бизнесийг, илүү олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжсэн ямар хувилбар байж болох бол?

Б.Тэлмүүн:

-Ер нь групп компанийн зохицуулалттай холбоотой асуудал л даа. Групп компанийн нэгтгэсэн санхүүгийн тайлан, Компанийн тухай хууль, дээрээс нь оруулсан хөрөнгийн хэмжээгээр хязгаарлагддаг, иргэний болон бусад хуулиараа бие биеийнхээ өмнө ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэх мэт олон зүйлээс хамаарч, нэг цогц асуудал болдог. Нэг л эзний компаниуд эцсийн шатанд нэг л удаа татвар авах нь нөгөө талдаа бие биеийнхээ өмнө хүлээх хариуцлагыг ямар шатандаа яаж үзэх юм гээд нэлээн төвөгтэй. Энэ бол үе үеийн татварын шинэчлэл дээр яригдаж байсан асуудал. Мөн тухайн компанид оруулсан хөрөнгийн тодорхой босгоос дээш бол хөнгөлөх хувилбарууд ч яригдаж байсан. Энэ бол бидний өнөөдөр ажиллаж байгаа гол асуудлуудын нэг нь.

Б.Хаш-Эрдэнэ захирал бизнес эрхлэгч хүний хувьд НӨАТ-ын системийг хэр оновчтой гэж боддог вэ? Босгогүй болгох, хувийг бууруулах гээд аж ахуйн нэгжүүдээс санал гарч байсан.

-НӨАТ бол логикоороо хэрэглээний татвар. Харамсалтай нь бодит байдал дээр аж ахуйн нэгжүүдэд дарамт болоод байна. Зарим салбар хөнгөлөлтөд хамрагдчихсан, эсвэл борлуулалтын орлогоороо босгоноос доор байгаа аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөхгүй учраас суутган тооцох асуудал явсаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид дээр хамгийн хүнд дарамт болчхоод байна. Тэгэхээр янз бүрийн, олон янзын хөнгөлөлтүүдийг болиулчих. Харин НӨАТ-ын хувийг 5% болгочихъё. Бизнес хийж байгаа нь бүгдээрээ төлье. Ингэснээр “gap” буюу үүссэн цоорхойг хаах юм. Нөгөө талаасаа 5% болгож байгаа нь хэрэглээний татвар гэдэг утгаараа НӨАТ-ыг төлж байгаа эцсийн хэрэглэгчид очиж байгаа дарамтыг багасгах юм.

ЗГ-аас тодорхой салбаруудыг дэмжихийг зорилгүй л яах вэ. Тэгэхдээ хэтэрхий хавтгайруулсан олон салбарыг хамруулсан байх нь зохимжгүй юм байна.

-НӨАТ-ыг 5% болгоход ямар болгоомжлол байна вэ. Төсвийн орлого хэр буурах вэ? Мэдээж 2 талдаа тэнцвэртэй шийдвэр гарах ёстой. Энэ дээр та тоо баримт хэлж өгөөч?

Б.Тэлмүүн:

-1-рт 5% болгочихвол төсөв 4 их наяд төгрөгөөр сох дутна. Тэгэхээр зарлагаа хасах юм уу? Энэ бол их мөнгө. Төсвийн алдагдал, зээлжих зэрэглэл, валютын нөөц гээд асуудлууд мэдээж дагуулна. Бид 5% уу, 6% уу, гэхээс илүү асуудлын шалтгааныг ярих ёстой. Зарим аж ахуйн нэгж ибаримт өгдөг, зарим нь өгдөггүй. Энэ нь иргэдэд гомдолтой, аж ахуйн нэгжүүдэд ч хүндрэлтэй. Энэ асуудлаас болж, хүндэрч байгаа нь үйлдвэрлэгчид. 2-рт хөнгөлөлт, чөлөөлөлт НӨАТ-ыг НӨАТ биш болгож байна. Жилдээ бид 400-500 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт олгодог. Үүнээс үүдээд компани төлөх ёсгүй татварын ачааллыг үүрээд, энэ нь бизнесийн том татвар болоод байна. Энэ нь зарим аж ахуйн нэгж дээр болоод байдаг. Заримд нь болдоггүй. Шударга биш байна. Тэгэхээр бид энэ гурван асуудлыг засах ёстой.

НӨАТ-ыг 5% болгох нь энэ 3 асуудлыг засах уу? шийдэх үү?

-Үгүй. Бидний туйлын зорилго 1-рт, НӨАТ компаниудад дарамт болдоггүй байх. НӨАТ төлдөггүй хэн нэгнээс болж нөгөө компани хохирдог байдлыг арилгах. И баримтын системийг ашиглаад НӨАТ төлдөггүй, И баримт өгдөггүй хүмүүсийн асуудлыг захиргааны аргаар биш эдийн засгийн хөшүүргээр шийдье гэсэн байр суурьтай байгаа. Монгол Улс нийтээрээ НӨАТ төлдөг, систем нь доголдолгүй явдаг тохиолдолд компанид санхүүгийн дарамт учрах ёсгүй.

Б.Хаш-Эрдэнэ:

-Ибаримтын системээ ашиглаад, бизнесийн үйл ажиллагааны зардлыг ААНОАТ-аас хасдаг болгочих гэсэн саналыг бид тавьж байгаа.

Б.Тэлмүүн:

Мэдээж татвар төлөгчдийн олон санал байгаа. Олон санал хуульд тусгагдана. Мэдээж хэрэг зарим нь хэмжээ хязгаартай.

Улаанбаатар хотын танхим ХХОАТ дээр ямар байр суурьтай байгаа вэ? Ажлын хэсэг бол дээд хэмжээг 10%-аар тогтооё гэж ярьж байна.

ХХОАТ-ын олон шатлалыг болиулаад, хэдий хэмжээний орлого олсноос үл хамаараад, адилхан төлдөг байя. 10%-иа бол 10%-иа. Энэ нь шударга. Өнөөдөр хүний нөөцийн гүнзгий хямралд Монгол Улс орчихсон байна. Аж ахуйн нэгжүүд өндөр ур чадвартай хүндээ өндөр цалин өгөх гэхээр татвар нь өндөр. Гэтэл бүтээмж муутай ажилтанд өгч байгаа бага цалингаас 10% бага татвар төлдөг. Бид энэ хямралаас гаръя гэвэл өндөр ур чадвартай, өндөр бүтээмжтэй ажилтнуудаа хөгжүүлэх ёстой. Гэтэл ажилтнуудын хувьд энэ intensive нь үүсэхгүй байгаад байна. Би өндөр цалин авбал өндөр татвар төлөх учраас.

Б.Тэлмүүн:

Бага орлоготой хүмүүсийн хэрэглээний зардал өндөр байдаг учраас ХХОАТ дээр тэр лүү чиглэсэн бодлогууд хэрэгждэг. Нөгөө талаасаа бид энийг ажил олгогчийн зүгээс харах ёстой. ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэлийг хамт ярихаас өөр аргагүй. Нэг нь ажил олгогч, нэг нь хувь хүнийх гээд байдаг боловч олгож байгаа, авч байгаа мөнгө гэдэг талаасаа бол ярих асуудлууд. Цалингаасаа суутган татвар төлдөг хүмүүсийн тоо бол жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Цалингийн орлого нэлээн хурдацтай өсөж байна. Манайх чинь орлогын хэмжээ нь өсөхөөрөө өндөр шатлал руу ордог боловч бага байх юм бол яах вэ, бүр орлогогүй бол яах вэ гэдэг асуудал байдаг.

Асуудлыг оновчтой байдлаар шийдэх ёстой. Олсон орлогоо хэрэглээндээ зарцуулж байгаа учраас мөн л НӨАТ яригдана. Тэгэхээр тэр хэсэг дээр татварын ачаалал буурах ёстой. Ганхуяг гишүүний санал болгосон хувилбар байна. “Хүн бүрийн цалингийн эхний 500.000 төгрөгийг 100% хөнгөлье” гэдэг. Орлогын хэмжээнээс үл хамаарч, бүгд хамрагдах боломжтой. Энэ хувилбарыг бид судалж байна.

-Төгсгөлд нь Б.Тэлмүүн даргаас тодруулж асууя. Татварын хуулийн өөрчлөлтийн жанжин шугам нь юу вэ. Ямар нэгэн салбарыг онцгойлон тусгасан зүйл заалтууд байгаа юу?

-1-р том зорилго бол татварын тогтолцоог илүү боловсронгуй болгох. Тэгш шударга болгох. 2-рт, Монгол Улсад хэн ч, ямар ч бизнес хийсэн татвар гэдэг асуудал хүндрэл зовлонгүй, ойлгомжтой байх.

ЗГ-ын мөрийн хөтөлбөр дээр бүсчилсэн хөгжлийн ялгаатай бодлого гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр ер нь аль бүсэд юу байх вэ гэдгийг тэр бүс өөрөө л тодорхойлох ёстой. Бодлогоороо өрсөлддөг байх, хөрөнгө оруулалт татдаг байх гээд тодорхой хэмжээнийхээ төсвийн ачааллыг үүрдэг байх ёстой. Энэ чиглэлээр татвар тогтоодог эрх мэдлүүдийг тодорхой хэмжээнд нэмэх, орон нутгуудад өрсөлдөх, ялгарах боломж, бас хөнгөлж чөлөөлөх боломжуудыг нь илүү гаргаж өгье. Тэгээд ИТХ иргэдтэйгээ зөвшилцөж байгаад “Энэ жилдээ ийм хөрөнгө оруулалтаа хийх юм бол татвараа нэмье, энэ асуудлаа дэмжье, жижиг дундуудыг татъя гэвэл татвараа бууруулж болдог, ажиллах хүчнээ татъя гэвэл хөнгөлөлтүүдийг нэмж болдог байдлаар асуудлыг судалж байна.

-Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн асуудал бол тэргүүлэх чиглэл гэж үзэж байгаа юм байна. Цаг гарган бидэнтэй нээлттэй ярилцсан та бүхэнд баярлалаа. Та бүхний дараа дараагийн хэлэлцүүлгүүд илүү үр дүнтэй болоосой гэж хүсье!

0/1000