horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Хамас бүлэглэл барьцааны хүмүүсийг суллахаа хойшлуулж, үүндээ Израилыг буруутгав

post-img

Израилын тал гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул барьцааны хүмүүсийг суллах ээлжит ажиллагааг түр хойшлуулж байгааг Хамас зэвсэгт бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Абу Обейда мэдэгджээ.

Төлөвлөгөөний дагуу энэ долоо хоногийн бямба гарагт Газын зурваст хоригдож байгаа гурван барьцааны хүнийг Палестины 90 орчим хоригдлоор солилцох ёстой байсан юм.

Абу Обейда хэлэхдээ, Израил улс тохиролцооны дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл барьцааны хүмүүсийг суллахгүй гээд, Израилын талыг Газын зурвасын хойд хэсэгт гэр орондоо эргэн ирж байгаа палестинчуудын нүүдэл суудлыг хойшлуулах, энгийн иргэд рүү гал нээх, Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх тал дээр ч алдаа дутагдалтай ажиллаж байгааг дурьдан, гал зогсоох тохиролцооны үүргээ биелүүлж, дагаж мөрдөхгүй байгааг онцолсон байна.

Харин Израилын Батлан хамгаалахын сайд Израэл Катц эсрэгээрээ Хамас бүлэглэлийн энэхүү мэдэгдлийг “гал зогсоох тохиролцоог бүхэлд нь зөрчсөн үйлдэл” хэмээн хариу мэдэгдсэн байна.  Мөн тэрээр “зэвсэгт хүчинд Газын бүсэд тохиолдож болох аливаа хувилбарт бэлэн байдлын дээд түвшинд бэлтгэж, Израилын ард иргэдийг хамгаалахыг даалгасан, бид ахиж 2023 оны 10 сарын 7-ны үйл явдал давтагдахыг хүлээн зөвшөөрч болохгүй” гэжээ.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак гал зогсоох тохиролцоонд ямар нэгэн саатал, хойшлуулах асуудал үүсэх нь эрсдэл дагуулах бөгөөд талууд анх тохиролцсон ёсоороо хуваарьт үүргүүдээ биелүүлэх ёстой гэдгийг онцоллоо.

Хамас бүлэглэлийн зүгээс Израилын тал тохиролцооны үүргээ биелүүлсэн тохиолдолд төлөвлөсний дагуу барьцааны хүмүүс болон палестин хоригдлуудыг суллах солилцоог явуулах нь  нээлттэй гэдгийг хэлжээ.

Гал зогсоох тохиролцооны эхний үе шат 1-р сарын 19-нд эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Хамас бүлэглэл Израилын 16 барьцааны хүн болон Тайландын 5 иргэнийг сулласан бол Израил улс 566 палестин хоригдлыг суллаад байна. Эхний үе шатанд Хамасын зүгээс нийт 33 барьцааны иргэнийг суллаж, хариуд нь Израил улс 1900 хоригдлыг суллахаар тохиролцсон юм.

Израил, Хамасын тал хоёул тохиролцоог зөрчсөн үйлдлүүд гаргаад байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Израилын тал нутаг буцаж буй Газын зурвасын хойд хэсгийн оршин суугчдыг нэвтрүүлэх зөвшөөрлийг хоёр хоногоор сунгасан, Палестины хоригдлуудыг зөөвөрлөсөн автобусыг хугацаанаас нь удаасан гэх зэргээр зөрчилтэй үйлдлүүд гаргаад байгаа бол Хамас бүлэглэл бямба гарагт суллах барьцааны хүмүүсийн нэрсийг нөгөө талд гаргаж өгөлгүй удсан гэх зэрэг жижиг зөрчлүүдийг гаргаад байгаа нь энэ удаагийн гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулж болзошгүй эхлэл болоод байгаа ажээ.

0/1000