horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Монгол Улс сүүлийн 5 жил авлигын эсрэг дорвитой алхам хийгээгүйг онцлов

post-img

“Транспэрэнси интернэшнл Монгол” төрийн бус байгууллагаас “Авлигын төсөөллийн индекс 2024”-ийг өнөөдөр /2025.02.11/  танилцууллаа.

Жил бүр гаргадаг улс орнуудын авлигын индексийг тодорхойлох судалгаанд энэ жил 180 орныг хамруулжээ.  Судалгаанд хамрагдсан улс, орнуудын дийлэнх нь 50-иас доош оноо авсан байна. Дундаж оноо нь 43 оноо байгаа юм.

Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 180 орноос 114 дүгээрт жагсчээ. Энэ нь өмнөх жилийнхээс долоон байраар урагшилсан үзүүлэлт юм. Авлигын төсөөллийн индексийг 13 эх сурвалжаар үнэлж, Монгол Улс 33 оноо авсныг зарлалаа. Монгол Улс авлигын индексээр сүүлийн таван жилд :

  • 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт
  • 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
  • 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
  • 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
  • 2023 онд 33 оноо авч, 180 улсаас 121 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдэж байжээ.

 “Транспэрэнси-Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргалын мэдээлснээр “Авлигын төсөөллийн индекс” /АТИ/ 2024 онд Дэлхий дахинд санаа зовох хэмжээнд хүрч, улам бүр нэмэгдсээр байгаа төдийгүй авилгыг бууруулах хүчин чармайлт олон улсад суларч байгааг харуулж байна.

Авлигын индексийг хэмжихдээ улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх, авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль, эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг аж.

Монгол Улс 2024 онд авлигын индексээр 7 байраар урагшилсан нь сайн мэдээ мэт боловч авлигын эсрэг хийсэн ажил зэрэг идэвхтэй үйл ажиллагаагаар үзүүлэлтээ бууруулаагүйг судлаачид онцолсон билээ. АТИ-д хамрагдсан 180 улсад авлигын нөхцөл байдал улам газар авсан нь Монгол Улсын авлигын индексийг сайжирсан мэт харагдуулах нэг шалтгаан болжээ.

 “Транспэрэнси-Интернэшнл Монгол” төрийн бус байгууллагаас Монгол Улсад сүүлийн 5 жилийн хугацаанд өгсөн зөвлөмжөө ахин өгсөн байна. Энэ нь өнгөрсөн хугацаанд манай улс авлигын эсрэг дорвитой ажил огт хийгээгүйтэй холбоотой гэдгийг тус байгууллагын хараат бус зөвлөх Д.Тэгшжаргал онцолсон юм. Тусгай зөвшөөрөл, тэр дундаа эрдэс баялгийн салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой авлигын эсрэг зөвлөмжийг онцгой анхаарах шаардлагатайг сануулжээ. Түүнчлэн засаглалын үзүүлэлтээр Монгол зогсонги гарсан бол ардчиллын индексээр маш олон байраар ухарсан байна.

0/1000