Бизнес эрхлэхийн тулд хүн төрөөс янз бүрийн зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл авахын тулд тоймгүй олон бичиг баримт бүрдүүлж, байгууллагаас байгууллага, өрөөнөөс өрөөний хооронд шогшин, дугаарласаар 3 сар болж байна. Монголд бол үүнийг хэвийн үзэгдэл гэж үздэг. Ялангуяа төрийнхөн. Тэд бизнес эрхэлж үзсэн биш. Татвар төлөгчдийн мөнгө, газар доорх баялгаа зарж олсон мөнгөөр хүүдэгнэдэг болохоор бизнес эрхлэхэд ямар бэрхшээл тулгардгийг мэдэхгүй. Бизнес эрхлэгчид харин үүнийг гаж тогтолцоо гэж нэрлэж байна.
Зөвшөөрлийн тухай хуулиар олгодог нийт 372 зөвшөөрөл бий. Үүнийг ангилбал:
- Тусгай зөвшөөрөл 251,
- Энгийн зөвшөөрөл 121.
3 жилийн өмнө Зөвшөөрлийн тухай хууль баталж, зөвшөөрлийн тоог цөөлсөн ч эргээд хуулиас давсан баримт бичгүүдээр дарамталж байгаа аж. 251 төрлийн тусгай зөвшөөрлийн 122-ыг нь хуулиас давсан журмаар зохицуулж байна. Үүнийг яаралтай цуцлах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзэж байна. Нийгмийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаанд зөвшөөрөл олгодгийг цуцлах боломжтой. Үүний нотолгоо нь үсчний зөвшөөрөл. 2022 онд нийслэлийн ЗДТГ 74 зөвшөөрлийг цуцалсан юм. Үүнээс болж хохирсон хүн, аж ахуйн нэгж одоогоор алга. Оронд нь стандарт баталж, мөрдүүлэх боломжтой.
Зөвшөөрөл олгох шат дамжлага, шийдэх хугацаа:
- Байгаль орчны чиглэлээр 9 баримт бичиг олгохдоо 42 шат дамжлага дамжуулан, 22 хоногт шийднэ.
- Соёл, боловсролын чиглэлээр 20 баримт бичиг олгохдоо 80 шат дамжлагаар явуулж, 58 хоногт шийднэ.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 19 баримт бичиг олгохдоо 138 шат дамжлага дамжуулан, 60 хоногт шийднэ.
- Эрүүл мэндийн чиглэлээр 33 баримт бичиг олгохдоо 126 шат дамжлагар 40 хоногт шийднэ гэж уг хуульд тусгасан байна.
Гутлынхаа улыг ханзартал гүйж, дансан дахь мөнгөө дуустал хөөцөлдсөний эцэст зөвшөөрлөө яаж ийгээд авна. Гэвч бичиг цаас ингээд дуусахгүй. Гэрээ, бүртгэл, дүгнэлт, гэрчилгээ, лиценз гэх мэт өөр нэртэй баахан цаас ар араасаа хүлээж байдаг. Ийм 10 янзын бичиг баримт байдаг. Энэ бичиг цаасны тухай Зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй ч байгууллагууд дүрэм, журам гаргаад, ийм бичиг цаас бүрдүүлэхээс өөр аргагүй болгочихдог.
Бизнес эрхлэхэд төрөөс авах ёстой бичиг баримт:
- 331 гэрээ,
- 264 бүртгэл,
- 232 дүгнэлт,
- 161 тодорхойлолт,
- 132 гэрчилгээ,
- 46 эрх олголт,
- 30 батламж,
- 30 магадлан итгэмжлэл,
- 14 лиценз,
- 9 сертификат.
Эдгээрийг зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд заавал шаарддаг. Энэ нь зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдөж байна гэж МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Улаанбаатар худалдааны танхим, Монгол дахь Америкийн худалдааны танхим, CEO клуб, Монголын эдийн засгийн форум, Монголын хүнсчдийн холбоо үзэж буйгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Бизнес эрхлэхэд ач холбогдолгүй эдгээр баримт бичгийг хүчингүй болгох, зөвшөөрлийн шат дамжлагыг багасгах, хүсэлтийг хуульд заасан хугацаанд шуурхай шийдвэрлэдэг болгохыг тэд шаардав. Зөвшөөрлийн тухай хууль, Татварын ерөнхий хууль тэргүүтэй гол хуулиудад онцгой анхаарч, эдийн засгийн макро өсөлтийн үед бий болох амжилтаа микро эдийн засагт буюу хувь хүн, аж ахуйн нэгж, нийт бизнес эрхлэгчдэдээ хүртээхийн төлөө цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэхэд үнэтэй санал, санаачилга гаргахыг тэд УИХ, ЗГ-т бизнес эрхлэгчдийн өмнөөс уриаллаа.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од:
-Одоо өгч буй зөвшөөрлийн талыг нь хүчингүй болгож, талыг нь олгох эрхийг МҮХАҮТ-д олгоё. Зөвшөөрлийн асуудлыг ингэж нэг цонхны үйлчилгээгээр шийдэх боломжтой. “Бизнест ээлтэй Монгол” хөтөлбөрийг дэмжиж байна. Бизнесийг боомилж байгаа, бизнес эрхлэхэд саад болж байгаа зүйлсийг халах хөтөлбөр гэж ойлгож байна. Дампуурлын хуулийг шинэчлэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа нэг шалтгаан нь хөрөнгөгүй болоод, гарах болбол яах нь тодорхой бус байна. НДШ-ийг ажил олгогч, ажилтан хоёр төлдөг. Үүнийг 1 болгох ёстой. Аж ахуйн нэгж бол татварын байцаагч биш. ТЕГ-ын ажлыг аж ахуйн нэгжүүдээр хийлгээд байна. Хассан татварыг ажиллагсдын цалин, урамшууллыг нэмэх, бүтээмжийг сайжруулахад зориулах боломжтой. ХХОАТ-ыг дундаж гэж үздэг ч бусад татвар, хураамж, шимтгэлийг оруулбал нэлээн өндөр болдог. Тиймээс яаж цалин нэмэх юм бэ. Одоо Монголд түрээсийн эдийн засаг үйлчлээд байна. Жижиг, дундууд бүгд түрээсийн байртай. Татварын хэмжээг бууруулах, суутгах замаар үүнийг шийдэх ёстой. Ингэвэл ажлын байр бий болгох боломжтой. ХХОАТ, НДШ-ийг хамгийн багаар тогтоох хэрэгтэй. Гадаадынхан гарааны бизнесийг ААНОАТ, НДШ-ээс 4-5 жил чөлөөлж байна. Ингэхгүй бол гарааны бизнес цаашаа томрох боломжгүй.
CEO клубийн ерөнхийлөгч Б.Гантулга:
-Өнгөрсөн 5 жилд би хуулийн төсөл боловсруулах олон ажлын хэсэгт орж ажиллалаа. Бизнесийн орчинд өргөн чөлөө тавиад, удирдах боломж олгох ёстой. Хууль батлах явцдаа энэ өргөн чөлөөг аль болох үлдээх, өөр өөрийн онцлогоор өрсөлдөх боломжийг бизнес эрхлэгчдэд гаргаж өгөх ёстой. Гэтэл хууль батлагдсаны дараа аль нэг агентлагийн дарга, сайд хуульчлах шаардлагагүй гэж үзсэн зөвшөөрлүүдийг журамлачихдаг. Хуулиас илүү өндөр торгуультай болгочихдог. Эргээд нэг агентлагийн даргын үзэмжээр, бизнесийн өргөн чөлөөгөөр биш, нарийхан хонгилоор хоорондоо өрсөлдөх болоод байна. Ийм журам, заавруудыг өөрчлөх, цуцлах хэрэгтэй. Хуульд түүнийгээ “Ямар нэг журмаар зохицуулахгүй” гэж зааж өгөх ёстой юм шиг байна. Тэгэхгүй бол эргээд байцаагч нар ямар нэг журмаар торгодог.
Монголын эдийн засгийн форум, Ч.Ганхуяг:
-ЗГ-т Бүтээмжийн үндэсний хороо гэж байдаг юм байна. Надад сая мэдээ ирлээ. ЭМЯ, БХБЯ, БОУАӨЯ журмаа цуцалсан байна. Тусгай зөвшөөрлүүдээ янз бүрийн нэр хэллэгээр далдлаад, ард иргэдээ хонгилоор чирдгээ зогсоосон байна. 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг хүн 8 сар бичиг баримт хөөцөлддөг. Хайран бензин, цагаа шатаадаг ийм бичиг баримтуудыг цуцлах ёстой. Иргэдээ харанхуй хонгилоор чирэх нь Монгол Улсад ашиггүй. Мөрөөрөө гэмт хэрэг хийж яваа хүнээ Зөрчлийн хуулиар гэмт хэрэгтэн болгоод, цагдаа, прокурор дуудаг болсон. Зүгээр шалгачихгүй, нэр төрийг нь шавартай хутгаад, бизнес эрхлэх боломжгүй болгодгоо болих ёстой.