horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Шатахуунаар хараат байх нь цахилгаанаар хараат байхаас илүү аюултай

post-img

Манай улс Оросоос шатахуун болон эрчим хүчний хангамжаараа хараат оршдог орон. Тэр дундаа шатахуун, бензинээр 96 хувь хараат. Хараат байна гэдэг бол бусдын эрхээр л хөдөлнө гэсэн үг. Зах зээлийн нийгэмд хэрэглээгээ бусдаас хараат байлгана гэдэг нь тэдний хүссэн үнээр л худалдан авалт хийж хэрэгцээгээ хангадаг зарчим үйлчилнэ. Магадгүй үнийг нь хангалттай төлсөн ч тэд зогсоож, хааж боож болно. энэ бол тэдний эрх ашиг. Тиймээс аль болох хараат байдлаас гарах бодлого улс орон бүрийн нэн тэргүүний асуудал байдаг. Манай улс сүүлийн жилүүдэд эрчим хүчний хараат байдлаас гарах гэж хичээж явна. Өнгөрсөн онд хэд хэдэн эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад орж, төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон. Цаашид ч эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орох нь тодорхой байгаа. Тиймээс Монгол Улсын хувьд эрчим хүчний хараат байдлаас ойрын жилүүдэд гарчих болов уу. Ингээд эрчим хүч болчихлоо гэж бодъё. Гэтэл үүнээс илүү улс орны хөгжил, нийгэм, эдийн засгийн амьдралд том нөлөө үзүүлдэг гол зүйл бол шатахуун. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбарт түшиглэдэг. Уул уурхайн салбарыг хөдөлгөгч гол зүйл нь шатахуун. Шатахуунаа Орос хаалаа гэхэд уул уурхайн салбар зогсоно. Энэ бол Монгол Улсын хувьд аюул. Иргэдийн хувьд үр хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөхөөс эхлээд бизнес, төр, хувийн хэвшлийн бүх салбарт автомашин амин чухал хэрэгцээ болсон. Хөдөө орон нутагт ч ялгаагүй. Малаа мотоциклиор хариулж, ус, өвсөө зөөх, гэр, бараагаа нүүлгэх зэрэг амьдралын өдөр тутмын хэрэгцээнд автомашин хэрэглэж байна. Товчхон хэлбэл, Монгол Улсад шатахуун, бензин байхгүй болчихвол улсаараа сөнөнө. Ийм том аюул нэгхэн улсын эрх ашигт багтаж байна гэж бодохоор айдас хүрмээр.

Энэ том айдас, эрсдэл хаяанд байхад бид улсаараа яагаад шатахууны асуудалд бодитой ан хаарахгүй байна вэ. Саяхан УИХ-аар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг үргэлжлүүлэн явуулах талаар хэлэлцсэн. Зарим гишүүдийн хувьд санхүүжилт, хөрөнгө мөнгө, зээлтэй холбоотойгоор үүнийг зогсооё гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Үнэндээ Газрын тос боловсруулах үйлдвэр буюу бид өөрсдөө шатахуун, бензинээ хийж эхэлдэг болохын тулд Монгол Улсад үнэ өртөг хамаагүй баймаарсан. Ёстой ямар ч үнээр хамаагүй энэ төслийг бодитой, бүр нэн яаралтай дуусгаж, ашиглалтад оруулах хэрэгтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа олон жил гацсан энэхүү төслийг хөдөлгөж байсан. Одоо Ерөнхийлөгч байх хугацаандаа та энэ төслөө ард түмнийхээ элчийн хувьд шаардаж, шахаж болох бүх боломжоо ашиглан амжилттай дуусгах хэрэгтэй байна. Газрын тосны үйлдвэртэй болох нь монголчуудын хувьд мөрөөдөл. Бусад мөрөөдөлд мөнгө төлдөггүй ч энэ мөрөөдөлд бид юугаа ч харамлах эрх байхгүй. Учир нь энэ мөрөөдөл бидний тусгаар тогтонол.

Э.Мөнхтүвшин

0/1000