horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

З.Энхболд: “Энержи ресурс” Засгийн газартай хэлэлцээ хийхдээ илт худал баримт бүрдүүлж байгаад Ухаа худагийг авсан, одоо буцааж өгөх л ёстой

post-img

УИХ-ын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.

—————————————————————————

-Та “Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгсөн” гэж нийгэмд нэлээд шуугиан тарилаа. Эндээс эхлээд ярилцъя?

-“Эрдэнэс Таван толгой” таван бүлэг ордтой. “Таван толгой” гэдэг үг нь таван ширхэг толгойн тухай юм л даа. Сүүлийн хэдэн жил энд хайгуул хийгээд, зургаа дахь толгойг өөрийнхөө нөөцөд бүртгэж авсан байна лээ. Энэ Таван толгойн дөрвөөс буюу ЭТТ ХК-иас Чингис хаан үндэсний баялгийн санд орж байгаа орлого 200 тэрбум төгрөг болчихоод байгаа юм. Яагаад дөрөв болчихов гэхээр нэг ордыг нь 2008 онд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “Энержи ресурс” гэдэг компанид үнэгүй хувьчилсан. Үүнээс болоод сүүлийн хэдэн будлианууд явлаа шүү дээ. Манай их хурлын үед “Энержи ресурс” Хятадын “Шинхуа”-тай хамтарч үлдсэн ордуудыг үнэгүй авах төсөл хийгээд, тэрийг нь манай УИХ-ын (2012-2016 оны) 40 гишүүн эсэргүүцэж зогсоосон. Одоо Баялгийн сан гарсан. “Эрдэнэс Таван толгой” дөрвөн ордоосоо Баялгийн санд хувь нэмэр оруулах биш, алдагдсан Ухаа худаг гэдэг ордоо татаж авчирч нэмэх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл, энд хууль бус зүйл явчихсан.

-Тухайн үед хууль бус юм орж ирж байхад УИХ яагаад зогсоогоогүй юм бэ?

-Манай УИХ-д Ухаа худагийг буцааж авах кноп хүрээгүй юм. Тухайн үеийн Ерөнхийлөгч эсрэг, Ерөнхий сайд эсрэг байсан. Гэхдээ бид асуудлыг даамжруулалгүй, үлдсэн дөрвөн толгойг “Энержи Ресурс”, “Шинхуа”-д өгөхийг зогсоож чадсан. Энэ орд угаасаа л улсын өмч байгаа юм. 460 сая тонн нүүрс өгчихсөн юм билээ.

-Тэмдэглэл гэдгийг тайлбарлахгүй юу?

-Хурал дээр нэг ийм юм яригдаж, бид ингэж тохирсон шүү гэдэг л асуудал болохоос биш 460 сая тонн нүүрсийг хэн нэгэн Дорж, Дулмаад өгөх тухай шийдвэр биш байхгүй юу, хууль зүйн хувьд. Тэр нь угаасаа “Энержи ресурс” гэдэг компани байгуулагдахаас өмнө 1930-аад оноос нүүрс олборлож 1950-1990 онуудад хайгуул хийж нөөц тогтоосон байсан. Улс мөнгөө зараад, хайгуул хийгээд, олборлоход бэлэн болгочихсон орд. Бусад ордуудыг бас л Баялгийн сандаа хуулийн дагуу оруулахыг шаардана. Стратегийн 18 ордын нэг нь Таван толгой. Таван толгойн дөрвөн толгой нь ард түмэнд өгөөжөө өгч байгаа. Тав дахь нь хулгайд алдагдсан. Шинэ залуу хүмүүс УИХ-ын гишүүн боллоо, энэнийхээ учрыг олох хэрэгтэй. Хуулийн дагуу өмч хувьчлал явуулах ёстой байсан. Тэмдэглэлээр олгодог бол би ч гэсэн одоогийн сайд нарыг танина. “Та нар надад нэг тэмдэглэл гаргаад өгчих, би нэг орд авах гэсэн юм” гээд орж болно. Гэхдээ хэн ч ингэж хууль зөрчиж болохгүй л дээ.

-Та “Энэ ордыг үнэгүй өгсөн” гэж хэлсэн. Тухайн үед Засгийн газраас ямар нэг нөхцөл тавьж байсан болов уу?

-Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлээр өгчихсөн. Би тухайн үеийн С.Баярын Засгийн газрыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. “Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд хэлэлцээр байгуулахыг зөвшөөрөв” гээд явуулчихсан. Тэр хэлэлцээрийн үр дүнд гэрээ хийгдсэн байдаг. “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” гэрээ, нэг талаас Монгол Улсын Засгийн газар, нөгөө талаас “Энержи Ресурс” компани байгуулсан. Оршил гэдгийн 1.1 дээр Монгол Улсын Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлалтай Тавантолгойн нүүрсний орд газарт 1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” ХХК эзэмшиж ирсэн байна гээд бичсэн байна (үзүүлэв. сурв). Энэ нь Засгийн газартай хэлэлцээ хийхдээ илт худал баримт бүрдүүлж байгаад авсан гэсэн үг.

-Яагаад илт худал гэж вэ?

-“Энержи ресурс” гэдэг компани лав л 1999 онд байгаагүй юм. Байгаагүй компани хайгуул хийхгүй. Хамгийн гол нь тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийнхөө хувийн компанид 60 жил ашиглаж байгаа, 40 жил олон арван сая шилжих рубль зарцуулж хайгуул хийж нөөц тогтоогоод ТЭЗҮ хийгээд дууссан орд дээр шинээр Х лиценз өгсөн. 1997 оны ашигт малтмалын хуулиар хайгуул хийж дууссан талбайд Х лиценз давхцуулан олгохыг хориглосон байдаг. Ингэж улсын хөрөнгийг албан тушаалаа ашиглан хууль бусаар хувьдаа авсан Х лиценз хэд хэдэн компани дамжин зарагдсаар байгаад Энержи ресурсийн мэдэлд ирснийг тухайн үеийн Засгийн газар нягтлалгүй хууль ёсны лиценз мэтээр албажуулж өгсөн.

-Түрүүн та гэрээний талаар дурдлаа. Ямар хүмүүс гарын үсэг зурсан байна вэ?

-“Энержи Ресурс” компанийн хувь нийлүүлэгчид болох Ж.Оджаргал, “Петровис”-ын захирал, талийгаач Ц.Оюунгэрэл, “Шунхлай”-н Г.Батсайхан, “Моннис”-ын Б.Чулуунбаатар, “Тэнгэрийн цаг”-ийн А.Ганхуяг (талийгаач Очирбат гуайн компани гэв) гарын үсэг зурсан. Энэ таван компани “Энержи ресурс” гэдэг компани байгуулаад, дундуур нь янз бүрийн хүмүүс лицензийг нь янз бүрийн цаг үед шилжүүлээд яваад байсан байдаг.

-Ухаа худагийг ингэж хууль бусаар олгосон явдалд АМГ-ын дарга асан Д.Жаргалсайхан холбоотой гэдэг. Энэ талаар асууя?

-1997 онд Ашигт малтмалын хууль шинээр гарсан. Энэ хуулиар хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон газарт лиценз өгөх хориотой. Жишээлбэл, Цогтцэций суманд газрын хөрсөн дор 6.4 тэрбум тонн коксжих нүүрс байсныг чи, бид хоёр мэдэхгүй. Энд тийм баялаг байгааг Монгол Улсын Засгийн газар мэдэж байсан. Засгийн газрын хариуцсан ажилтан Д.Жаргалсайхан гэдэг хүн энд 6.4 тэрбум тонн нүүрс байгааг мэдэж байсан боловч, хоосон газар гэж тооцоод, Ашигт малтмалын хуулийн 13.4-г зөрчиж өөртөө хайгуулын лиценз бичээд л авчихаж байгаа юм. Тэр нь явсаар байгаад “Энержи ресурс” дээр ирсэн. Энэ ордын 70 хувь нь коксжих, 30 хувь нь эрчим хүчний нүүрс. 19501989 оныг дуустал геологи, хайгуулын ажилд замбараагүй их мөнгө зарсан юм билээ. Тавантолгойн ордыг олж тогтоогоод, уурхай байгуулах нь зүйтэй гэж үзээд, 1990 оны нэгдүгээр сарын 30-нд ТЭЗҮ хийгдэж дууссан. 1990 оны гуравдугаар сарын 08-нд Улс төрийн товчоо огцорлоо. Ингээд Тавантолгой нэг хэсэгтээ мартагдсан байгаа юм. 1997 онд УИХ Ашигт малтмалын хууль баталж, хоосон талбайд хайгуулын лиценз өгөхийг зөвшөөрсөн. Жаргалсайхан гэдэг нөхөр Таван толгойн ТЭЗҮ байгааг мэдэж байсан шүү дээ. Тэр ТЭЗҮ-ийн нэг хувь Улсын архивт бий. “Эрдэнэс Таван толгой” компанид олборлолтоо явуулахад нь зориулж хувилж өгсөн юм билээ.

-Зарим хүн “Юу гэж стратегийн чухал ордыг үнэгүй авах вэ, хууль журмын дагуу л олгосон байж таараа” гэсэн байр суурь илэрхийлж байна. Танд ямар баримт байна вэ?

-Нүүрсний хайгуул зардал ихтэй, олон өрөмддөг, өрөм болгоны дата байна. Өрөмдөөд, хэдэн метрийн дор ямар нүүрс байна вэ, хаанаас нь эхэлж ухах вэ гээд бүх юм нь бэлэн болохыг хэлж байгаа юм. Ийм ордыг “Энержи ресурс” компани хууран мэхэлж авсан. Тэд хайгуул дээр нэг ч өрөм тавиагүй. Яагаад гэхээр нэг портер машин цаасан дотор бүх дата нь байгаа байхгүй юу. Энэ бол улсын өмч, ямар ч маргаангүй. Улсын өмчийг хувьчилж авах гэж байгаа бол Өмч хувьчлалын тухай хуулийн дагуу явна. Би Төрийн өмчийн хорооны даргаар 1996-1999 он, 2004-2005 оны хооронд ажилласан. Өмч хувьчлалын хуулийг анх удаа Монгол Улсад хэрэгжүүлсэн агентлагийн дарга нь би байгаа юм. 1996 оны сонгуулийн өмнө энэ хуулийг түрүүчийн Ардын намын олонх болсон УИХ батлаад, хэрэгжилт нь 1996 оны долоо бил үү найман сарын 1-нд таараад, би наймдугаар сарын 8-нд ажлаа аваад өмч хувьчлалыг хэрэгжүүлж байсны хувьд мэднэ.

Арван тэрбум ам.долларын өр яригддаг?

-1990 он хүртэл Монгол Улс тухайн үеийн ЗХУ-аас 10 тэрбум шилжих рублийн зээл авч улсаа хөгжүүлж байсны нэлээн хувь нь геологи хайгуулын ажилд зарцуулагдсан. Тэр их хөрөнгөөр бүтсэн хайгуулын ажлын үр дүнг тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүс хувьдаа үнэгүй авсан. Нөгөө портер цаасыг чинь аваад явчихаж байна шүү дээ. Тэгээд нүүрсийг нь ухаж, ашиг олоод. Тэр олсон ашгийг нь би фэйсбүүк дээрээ бичсэн юм. Өнөөдөр Таван толгой таван орд тавуулаа ашиглагдаж байгаа. Нэг нь буюу Ухаахудаг хувьд очсон. Нөгөө дөрөв нь улсын мэдэлд ЭТТ ХК-д байна. “Эрдэнэс Таван толгой”-н олборлож байгаа өртөг, зарж байгаа үнийг харвал нэг тонныг нь газар дээр нь 100 ам.доллароор зарж байна. Сайн чанарын коксжих нүүрс. Түүнийг олборлох хөлс, 15 долларт бүх шатахуун цалин зэрэг багтаад байгаа юм. Татварын өмнөх цэвэр ашиг нь 85 ам.доллар болж байгаа юм. Тэгэхээр 460 сая тонн нүүрсээ 85 ам.доллараар үржүүлэхээр 39.1 тэрбум ам.доллар буюу 132 их наяд төгрөг гэдэг тоо гарсан. Мэдээж урьд жилүүдэд үнэ бага байсан. Ирээдүйд 100-гаас ч илүү гарах байх. Тооцоог өнөөдрийн үнээр авсан. Ямар үнэ хүрч болох баялгаа үнэгүй өгч вэ гэдэг л тооцоо.

-Та өөр дээрээ ингэж “гал дуудах” хэрэг байсан юм уу?

-Би тэднийг 132 тэрбум төгрөг аваад явчихаж гэж хэлээгүй шүү дээ. Эсэргүүцэл энэ тэр гаргасан байна лээ. 132 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн экспортолж, татварын өмнөх цэвэр ашиг олох боломжтой ордоо үнэгүй өгсөн байна л гэж буруутгаж байгаа юм. Угаасаа улсын өмч юм чинь энэ ордоо улс буцаагаад авахад буруудах юм ерөөсөө байхгүй. Үндэсний баялгийн сандаа нийлүүлчихвэл 3 сая монголчуудын мөнгө арвижна. Үндсэн хуульд заагдсанаар нийт монголчуудын хувь хүртдэг сангаа томруулъя л гэж байгаа юм. Нэг толгой нь алдагдсан байна, дөрвөн толгойг нь алдагдахаас сэргийлж авч үлдсэн нь 20122016 оны УИХ. Тиймээс “ОюунЭрдэнэ ээ, чи одоо алдагдсан Ухаа худагаа буцааж авчир аа” л гэж бичсэн. Тэрийг тойроод бөөн бужигнаан болоод, “Шунхлай” мэдэгдэл гаргаад, “Бид “Энержи”-д ямар ч холбоогүй” гээд байгаа юм. Холбоотой гэдэг нь Энержи үүсгэн байгуулагч гээд саяын үзүүлдэг Энержи ресурс Засгийн газар хооронд байгуулсан гэрээн дээр гарын үсэг нь байгаа биз дээ.

-Ухаа худагийг одоо буцааж авах боломжтой юу?

-Эд нар хуурамч баримт бүрдүүлээд, лицензийг өөрийн мэдэлд шилжүүлчихсэн. Энэ чинь хууль бус учраас буцах л ёстой. Гэхдээ хулгайн замаар авсан лицензээр Ухаа худагийн уурхай дээр үйл ажиллагаа явуулж байгаа тул зогсоож лицензээ хууль ёсны эзэн ЭТТ ХК буцааж авах ёстой. Оюу толгойн газрын гүнд 1-2 км-ийн дор байгаа баялгийг Монгол Улс мэдээгүй шүү дээ. “Рио Тинто” тэр баялгийг өөрөө олсон учраас Ашигт малтмалын хуулийн дагуу Монгол Улсад хувь өгөхгүйгээр ашиглах эрхтэй. Хар элгийн Рио Тинто сайн дураараа 34 хувийг үнэгүй Монголын Засгийн газар шилжүүлж өгсөн. Харин Ухаа худаг бол Монголын Засгийн газар мөнгөө зараад олсон баялаг. Гэтэл Ашигт малтмалын газрын дарга Жаргаласайханы хувьдаа хууль зөрчин авсныг 1999 оны Засгийн газраас эхлээд 2008 оны Санжийн Баярын Засгийн газар хүртэлх бүх Засгийн газар залруулахыг оролдоогүй. Ухаа худагийг хууль зөрчин өгснөөс хойш 2017 он хүртэл Элбэгдорж хамгаалж, өмгөөлөөд хураалгаагүй. Тэгэхээр хулгайн хөрөнгөн дээр үйл ажиллагаа явуулж буй компани тэрийгээ буцааж өгч л таарна. Хулгайлсан юм, гэхдээ та нар 460 сая тонн нүүрсээ ухаад дуусга гэж хэлж болохгүй шүү дээ. Би яагаад “Рио Тинто”-той харьцуулаад байна вэ гэхээр 34 хувиа сайн дураараа Монгол Улсад үнэ төлбөргүй өглөө. Уг нь тийм үүрэг байхгүй. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордоос 50 хувиа улсад өгөх үүрэгтэй. Энэ хуулиа яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал гарч байгаа юм. Хамгийн гол нь, Оджаргал энийг олоогүй байхгүй юу. Таван толгой, Оюу толгой шиг орд өдөр бүр олдохгүй. Сүүлийн 70, 80 жил хайж байж олоод, нийт үр шимийг нь монголчууд бөөнөөрөө хүртэх гээд явж байсан чинь замаас нь эрх мэдэлтэй хүмүүс ашиглаад, алга болчихоод байна.

-Таван толгой тавуулаа улсын мэдэлд байх ёстой гэж та хэлээд байна уу?

-Тийм ээ. Нэгдүгээрт, энийгээ бүтэн болгож авах ёстой. Хоёрдугаарт, тэр орд дээр Монгол Улсын хамгийн том экспортын бизнес явагдаж байна. Энэ жил манай улсын 82 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөсөн, үүний талаас илүү нь Таван толгойд ногдоно. Гэхдээ нэг тонн нүүрс чинь уурхай дээрээ 100 ам.доллар гээд бодохоор 5 тэрбум ам.долларын бизнес байгаа байхгүй юу. Зэс, алт бага, хамгийн их нь нүүрс байгаа юм. Тэгэхээр нүүрс олборлож, тээвэрлэж, худалддаг бизнесийнхээ дотор бүх монголчууд өөрсдөө орох бололцоотой. “Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцаагаараа дамжаад, хүн болгон ашгийг нь хүртэж болно. Засгийн газар өөрт оногдох 80 хувийн хувьцаагаар тулгамдсан асуудлаа, төмөр зам, засмал зам тавих, Улаанбаатарыг утаагүй болгох бүх ажлуудаа хийж болно. Ийм мэтээр манай УИХ-ын авч үлдсэн Таван толгойн дөрвөн толгойгоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэврээ тавьж байна. Бусад улсын чанартай хөрөнгө оруулалтаа хийгээд болоод байна. Энэ юм угаасаа анхнаасаа тав байж бүтэн болох байсан. “Нэгийг нь аваад явчихсан улсуудыг сайн дураараа буцаагаад өгчих. Наадах чинь угаасаа залилангийн юм болсон байна. Та нар хайгуул хийгээгүй, өрөм тавиагүй. Тэгсэн мөртлөө Х, А лиценз аваад явчихсан. Тэр төрөөс өгдөг цаас чинь зүгээр л цаас байхгүй юу.

“Оюун-Эрдэнэ ээ, нөгөө баялгийн санд дутаад байгаа мөнгө чинь энд явж байна шүү, энийгээ олж ав”

-Газар доор байгаа баялгийнхаа үр өгөөжийг иргэн бүрд тэгш хүртээхийн тулд юу хийх ёстой вэ?

-1996 оноос өмнө өмч хувьчлал яаж авсан нь мэдэгдэхгүй, нэг мэдэхэд хувийнх болчихсон байдаг байсан. Дарга нар нь хуваагаад авчихдаг. Би ТӨХ дарга болоод өмч хувьчлалыг зөвхөн дуудлагаар зардаг болгосон. 1996 оноос хойш дуудлага худалдаа болсон шүү дээ. Стратегийн 18 орд, стратегийн болох боломжтой нийт 40 ордын тухай яриад байна шүү дээ. Улсаас хөрөнгө зараад орд болгосон Таван толгой шиг энэ 40 стратегийн ордыг “Энержи ресурс” ч авч болно шүү дээ. Тэгэхдээ өмч хувьчлалын хуулийн дагуу дуудлага худалдаагаар авах ёстой. Энэ болгоны учрыг шинэ УИХ, Засгийн газар олох байх гэдэг найдлага төрсөн. Би тэгээд фэйсбүүкээрээ дамжуулан “Оюун-Эрдэнэ ээ, нөгөө Баялгийн санд дутаад байгаа мөнгө чинь энд явж байна шүү. Энийгээ олж ав” гэж зөвлөсөн юм. Над шиг хуучин юмаа мэдээд ярих хүн олон байхгүй байна л даа.

-Өнгөрсөн хугацааны алдагдсан боломжийг нөхөх, алдааг засахад хуулийн хүрээнд ямар боломж байна вэ?

-Анхнаасаа хууль зөрчөөд, байгаа баялгийг байхгүй гэж үзээд, дээр нь дахиад хайгуулын лиценз давхардуулаад өгчихсөн. Тэр нь 1997 оны Ашигт малтмалын хуулийг зөрчсөн л байхгүй юу. 2005 онд хууль дахиж шинэчлэгдсэн. Таван толгойн лиценз тойрсон энэ бүх үйл явдал 1997 оны Ашигт матлмалын хуульд нийцсэн байх ёстой. Нийцээгүй учраас буцна гэсэн үг. 30 жилийн турш өнөөдрийн үнээр авбал 132 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн, ийм мөнгө гараад байна. Энийгээ бүрмөсөн ухаад дуусчихаас нь өмнө ав аа. Тэд заавал Ухаа худагийг сонгож авдаг нь бас учиртай юм билээ.

-Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Таван толгойгоос хамгийн их судлагдсан нь Ухаа худаг юм билээ. Хамгийн их өрөм нь. “Өрөм” нь буюу хамгийн их коксжих нүүрстэй хэсгийг нь авчихсан юм байна лээ. С.Баярын Засгийн газар юуг тооцоогүй вэ гэхээр энэ ордыг “Энержи ресурс” олоогүй, хайгуул хийгээгүй, энэ ордын лиценз анх олгогдож байхад “Энержи ресурс” гэдэг компани огт байгаагүй. Тэр болгоныг тооцож үзэхгүй, нөлөөнд орж ийм юм хийснийг нь буруутгаад байгаа юм. Тэрийг надаас өөр санах хүн зөндөө байгаа байх. Яг л энэ үед шүү дээ. Тэгэхээр “Шунхлай” компани огт хамаагүй гэж зүтгэх хэрэггүй. 2008 онд би сөрөг хүчний гишүүн байсан. Таван компанийн нэр яригдаж байгаа боловч 10 компани шүү дээ. Тавыг нь Ардчилсан нам, тавыг нь Ардын нам авсан байдаг. Молекул Батбаярын компани, гишүүн байсан Цэнгэлийн компани. Ерөнхийлөгч агсан Очирбатын компани гээд. 10 байж байгаад 2008 оны гуравдугаар сарын 19-нд гэрээ зурагдах үед тав болчихсон. Нөгөө хэд нь хувьцаагаа зараад гарчихсан юм билээ. Энэ 10 компани тухайн үеийн төр засагт, нам намынхандаа нөлөөлөх байж л дээ. Анхнаасаа хууль зөрчөөд, байгаа баялгийг байхгүй гэж үзээд, дээр нь дахиад хайгуулын лиценз давхардуулаад өгчихсөн.

-Том ордуудаа энэ мэтээр өмч хувьчлалын бус замаар хуваагаад авчихсан нь харамсалтай байна?

-1990 онд байсан том том ордуудыг өмч хувьчлалын замаар хувьчлаагүй, албан тушаалтай улсууд нь хуваагаад авчихсан учраас өнөөдрийн хүндрэл гараад байгаа юм. Оюун-Эрдэнийн Засгийн газар Үндэсний баялгийн сангийн хуулийг санаачилж УИХ-аар батлуулаад өнгөрсөн онд Чингис хаан гэдэг нэртэй сан болголоо. Тэр санд уул уурхайн компаниудаас орлого төвлөрч байна. Үүнтэй зэрэгцээд нөгөө стратегийн ордууд, нөгөө улсын төсвөөр хайгуул хийсэн ордуудын баялгийн санд оруулах хувь нэмэр дутаад эхэлсэн. Засгийн газар тэрийгээ нэхэхээр нөгөө хууль бусаар хувьчилж авсан компаниуд нь ил далдаар дайраад эхэлсэн. Өнөөдрийн байдлыг хөндлөнгөөс нь ажиглахад ийм л байна.

-Стратегийн ордыг хэдэн онд хуульчилсан бэ?

-2004-2008 оны Их хурлын хийсэн ажил. Би тэгэхэд гишүүн байсан.

-Өнгөрсөн хугацаанд бид юун дээр алдсан бэ?

-Нэгдүгээрт, Үндэсний баялгийн сангийн хуулиа гаргаж чадаагүй. Хоёрдугаарт, би фэйсбүүк дээрээ бичсэн байгаа. Хүн болгон И-Монголиа руугаа ороод, Үндэсний баялгийн сан гэдэг цэс рүү орохоор тэрэнд хувь нэмэр оруулж байгаа төрийн өмчит компаниудын төлсөн мөнгөн дүн байгаа юм. Төрийн өмчит компаниудын төлсөн мөнгөн дүнг 100 хувь гэж үзвэл хамгийн их нь буюу 96 хувь нь хоёрхон компанийнх байгаа. Эрдэнэт үйлдвэр 273 тэрбум төгрөг, дараагийнх нь “Эрдэнэс Таван толгой” ХК 200 тэрбум төгрөг оруулж. Бидний сүүлийн 20-иод жил маргасан Оюу толгой нь Эрдэнэтээс гурав дахин илүү хүчин чадалтай үйлдвэр шүү дээ. Гэтэл 300-хан сая төгрөгийн хувь нэмэр оруулж байх жишээтэй. Тэгэхээр хамгийн их буюу 95 хувийг ганцаараа оруулж байгаа Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Таван толгой хоёрыг намайг УИХын дарга байхад хувьчлахыг оролдсон. Аль алийг нь манай Их хурал зөвшөөрөөгүй учраас энэ хоёр улсынх хэвээрээ үлдсэн. Гол нь Баялгийн сан үргэлж баяжиж байх ёстой. Норвегийн баялгийн сангийн тухай яагаад яриад байна вэ гэхээр дэлхий дээр хамгийн шилдэг менежменттэй нь юм.

Д.Эрдэнэтуяа

0/1000