horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

С.Амартайван: Баяр наадмын үеэр халаасны хулгай 30-40 хувиар нэмэгддэг

Нийслэлийн цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Амартайвантай ярилцлаа.

-Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад хулгайн нийт хэдэн гомдол мэдээлэл бүртгэгдсэн бэ. Нийт хулгайн гэмт хэргийн хэдэн хувийг халаасны хулгай эзэлж байна вэ?

-Өнгөрөгч 2024 онд улсын хэмжээнд нийт 44.676 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 7626 буюу 17 гаруй хувийг хулгайлах төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа юм. Нийт хулгайн гэмт хэргийн 6041 буюу 80 орчим хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн. Үүний 1357 нь халаасны хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Мөн халаасны хулгайн гэмт хэргийн улмаас алдаж байгаа эд зүйлийн 90 гаруй хувь нь гар утас, үлдсэн хувийг хэтэвч, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс эзэлж байна.

-Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан зах худалдааны төвүүдээр хөл хөдөлгөөн ихтэй байна. Энэ үеэр халаасны хулгайн гэмт хэрэг нэмэгддэг үү?

-Баяр ёслолын үеэр халаасны хулгай энгийн үеэсээ 30-40 дахин нэмэгддэг гэсэн судалгаа бий. Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хөдөө орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж, үүнийг даган томоохон зах худалдааны төвүүдээр ч мөн хөл хөдөлгөөн ихэсч, хулгайд эд зүйлээ алдсан иргэдийн тоо өссөн судалгаа гарсан.

-Хохирогчдын дийлэнх нь аль насны хүмүүс байна вэ?

-Өнгөрсөн оны байдлаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 60 гаруй хувийг эмэгтэйчүүд, 20 орчим хувийг бага насны хүүхэд эзэлсэн гэсэн статистик гарсан. Ерөнхийдөө энэ төрлийн гэмт хэргийн улмаас хүүхэд, эмэгтэйчүүд л хохирч байна. Сургуулийн сурагчид халаасны хулгайн хохирогч болж байгаа. Гэхдээ ахлах ангийн хүүхдүүдийн гар утсыг хулгайлах нь харьцангуй бага байдаг бол 6-8 дугаар ангийн сурагчдын гар утсыг хулгайлах явдал нь бага насны хүүхдүүд дундаа түлхүү байна.

-Энэ төрлийн гэмт хэрэг хаана голдуу гардаг вэ?

-Томоохон зах худалдааны төв, нийтийн тээвэр болон бусад хүн олноор бөөгнөрсөн газарт халаасны хулгайн гэмт хэрэг хамгийн их бүртгэгддэг. Энэ гэмт хэрэг нь задгай, хүний нягтаршил багатай газар үйлдэгдэх боломж бага байдгаараа онцлогтой. Хүн олноор цугласан газар халаасны хулгай хийх орчин, боломж бүрддэг. Тухайлбал, ажил цуглах, ажил тарах үеэр автобусанд хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг бөгөөд энэ үеийг халаасны хулгайч нар ашигладаг.

-Халаасны хулгай хийсэн хүнд ямар ял шийтгэл оноодог вэ?

-Энэ тухай Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилсан. Дэлгэрүүлбэл, бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, улмаар хорих ял оногдуулахаар заасан байдаг. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ихэвчлэн зорчих эрх хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс оногдуулж байна.

-Хулгай хийж орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг хэд орчим хүн байдаг юм бол?

-Хулгайн гэмт хэрэгт өмнө нь холбогдож байсан, холбогдож болзошгүй, цагдаагийн байгууллагын байнгын хяналтад байдаг 400-500 орчим иргэн байна. Үүнээс 80-100 орчим хүн нь тогтмол хулгай хийх магадлалтай. Мөн хэрэг үйлдэгчдийн 80 орчим хувь нь бүрэн дунд боловсролтой, эсвэл боловсрол эзэмшээгүй, амар хялбар аргаар мөнгө олох сонирхолтой иргэд байна.

-Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаасаа дурдвал?

-Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлье, урьдчилан сэргийлье, гаралтыг бууруулъя, таслан зогсооё гэсэн зорилго зорилт бүхий арга хэмжээг НЦУГ-ын даргын тушаалаар зохион байгуулаад явж байна. Энэ хүрээнд бид байнгын хулгай хийдэг 80-100 орчим хүнд хяналт тавих, шалгагдаж байгаа хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэх, илрүүлэх, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах ажлыг сайжруулна, хэрэгжүүлнэ г эсэн зорилго тавин ажиллаж байна.

-Дэлхийн улс орнууд халаасны хулгайтайгаа хэрхэн тэмцдэг юм бол?

-Гадаадын улс орнуудад халаасны хулгай харьцангуй бага түвшинд байдаг. Тухайлбал, БНСУ, Япон зэрэг орнуудад энэ төрлийн гэмт хэрэг ховор гардаг. Манай улсад энэ төрлийн гэмт хэргийн гаралт өндөр байгаа нь хүн амын тархалт суурьшил, сэтгэхүй, хувь хүний ёс суртахуун, төлөвшил, орлого зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна.

Олон улсад энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах хамгийн том жишиг бол камержуулалт юм. Гадны орнуудад нэг хүн гэрээсээ гараад ажилдаа очтол хэдэн мянган камерт бичигдсэн байдаг. Тиймээс л тэдгээр улсад энэ төрлийн гэмт хэргийн гаралт багасаад байгаа юм. Үүний нэгэн адил манай улс камержуулалтын дэд төвүүдийг байгуулж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Түүнчлэн камержуулалтаа олон улсын жишигт хүргэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгийг авч ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан гудамж талбай, олон нийтийн газруудыг камержуулах ажил хийгдэж байна, цаашид ч хийгдэнэ.

-Иргэд халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хүн олноор цугласан газраар явахдаа гар утсаа байгаа эсэхийг шалгаж байх нь чухал. Ялангуяа өвлийн улиралд гар утсаа хүмүүс байнга хэрэглэдэг болохоор гадуур хувцасныхаа гадна талын халаасанд хийж явдаг. Ядаж л гар утсаа гадуур хувцасныхаа дотор талын халаасанд хийдэг болох хэрэгтэй.

Иргэддээ зөвлөхөд, нэгдүгээрт, гар утсаа хулгайд алдах, байршил тогтоох болон хамгаалсан тохиргоонууд байдаг. Тэр тохиргоогоо заавал хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, гар утсаа хулгайд алдсан бол заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаарай. Шалгалтын ажиллагаа явуулаад хэсэг хугацааны дараа гар утас нь олддог боловч эзэн нь олддоггүй. Эзэн хохирогч нь тодорхойгүй олон гар утас хураагдаад ирчихсэн байдаг. Иргэд бидэнтэй хамтарч ажиллавал энэ хэргийн гаралт буурах өндөр магадлалтай гэдгийг хэлмээр байна.

Ө.Анхзаяа

0/1000