horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний үнэ өсөөсэй” гэж залбирах хэрэгтэй

post-img

Манай улс энэ оны 1 дүгээр сард нүүрсээ зараад, 472.9 сая ам.доллартой болжээ. Үүний 449 саяыг чулуун нүүрснээс, 23.9 саяыг хүрэн нүүрснээс олсон байна. Энэ бол хүлээлтээс хэт доогуур, чамлалттай тоо. Хятадад зарсан нүүрсний хэмжээ ноднин жилийн яг өдийтэй харьцуулбал 21.1%-иар багасав.

Хилээр гаргасан чулуун нүүрсний хэмжээ

  • 2023 оны 1 дүгээр сард 3.5 сая тонн
  • 2024 оны 1 дүгээр сард 6.6 сая тонн
  • 2025 оны 1 дүгээр сард 5.2 сая тонн

Монголд орж ирж буй валютын хэмжээ ч үүнийг дагаад багаслаа. Зарах барааны хэмжээ багассан бол олох мөнгөний тоо багасах нь ойлгомжтой. Гэхдээ барааны хэмжээ 1/5-ээр багассан байтал мөнгөний хэмжээ ½-ээр багассанд л хамаг учир бий.

Юу гэвэл, манай улс өнгөрсөн оны эхний 1 сард 880 сая орчим ам.доллар нүүрснээс олсон юм. Харин одоо 470. Бараг нь тал нь байгаа биз дээ. Энэ бол нүүрсний үнэ унасныг нотолно. Манай нүүрсний үнэ унаж, хятадууд жилийн өмнөхөөс хамаагүй хямд худалдан авч байна. 

Уул уурхайн биржийн арилжаа, 2025.02.13

Уул уурхайн биржээр “Хангад-Эксплорэйшн” ХХК коксжих чанаргүй, баяжуулсан 25.600 тонн нүүрсээ 2025.02.13-нд тонныг нь 380 юаниар зарах санал тавьсан ч ямар ч худалдан авагч оролцсонгүй. “Эрдэнэс Тавантолгой” компани тус биржээр 57.600 тонн нүүрс зарах захиалга өгсөн ч бас л зарж чадсангүй. 1 тонн нүүрсний доод үнэ 72.4 ам.доллар.

Оны эхэнд тонн нүүрс 100-120 ам.доллар байсан бол одоо 70-80 доллар байна. Манай улс өнгөрсөн жил 83.7 сая тонн нүүрсээ 8.6 тэрбум ам.доллароор экспортолсон. Нүүрсний хэмжээ 2023 оныхоос 20 гаруй хувиар өссөн боловч үнэ нь 2%-иар буурсан юм. 2024 онд Монгол Улс 78 сая тонн нүүрсийг дунджаар тонныг нь 115 ам.доллароор зарахаар төлөвлөж, хэмжээний хувьд зорилгоо давуулан биелүүлсэн ч үнийн хувьд санасандаа хүрч чадаагүй. 103 ам.доллароор өгч, 12 доллар алдсан юм. Одоо харин түүнээс ч хямд зарж байна.

“Хангад-Эксплорэйшн” ХХК 2025.02.14-нд нүүрсний үнээ 20-50 юаниар хямдрууллаа. 2 дугаар сарын 18, 20-нд тонныг нь 380 юаниар зарахаар зарласан коксжихгүй, баяжуулсан 25.600 тн нүүрсээ 360 болгов. 700 юаниар зарах гэж байсан баяжуулсан, сул коксжих 12.800 нүүрснийхээ үнийг 650 юань болголоо.

Уул уурхайн биржийн арилжаа, 2025.02.14

“Энержи ресурс” компанийн баяжуулсан, коксжих 12.800 тн нүүрсийг Уул уурхайн биржээр 2025.02.14-нд худалдаж авсангүй. Тус компани тонн нүүрсээ 900 юаниар санал болгосон юм. “Эрдэнэс Тавантолгой” компани баяжуулсан, коксжих 51.200 тн нүүрс 122 ам.доллароор санал болгосон ч бас л худалдан авагч оролцсонгүй.  

Үнэ буцаад өсөх найдвар бараг л тэгтэй тэнцүү. Учир нь Дэлхийн худалдааны уур амьсгал муудчихлаа. Доналд Трампын импортын татвараас болоод, Хятадаас АНУ руу нийлүүлэх гангийн хэмжээ багасна. Энэ бол бидний хувьд муу мэдээ. Хятад 1 худалдан авагчаа алдвал үйлдвэрлэх гангийн хэмжээгээ тэр хэрээр багасгаж таарна. Ган үйлдвэрлэл багасвал Монголоос авах нүүрсээ багасгана.

Нөгөө талаас Ши Жинпин АНУ-аас авдаг нүүрсэндээ импортын татвар тавьж, Доналд Трампад хариу барьсан. АНУ-аас хятадууд нүүрс авахгүй бол Монголоос арай ахиу нүүрс авч таарна. Энэ бол манайд сайн мэдээ.

Сайн, муу мэдээ тэнцэж байгаа ч манай улсад орж ирэх валютын хэмжээ нэг их нэмэгдэхгүй л болов уу. Нүүрс олборлоход гарах зардал улам нэмэгдэж байхад, зарах үнэ буураад байвал олох ашиг багасна. Нүүрсний үнэ унаснаас үүдэлтэйгээр хятадууд манайхаас өмнө нь өндөр үнээр худалдаж авсан нүүрсээ хүлээж авахаас цааргалах болжээ. Учир нь Уул уурхайн цахим биржээр арилжсан нүүрсээ манай улс тээвэрлэн, хил дээр аваачиж өгдөг. Өнөөдөр арилжсан нүүрсийг хүлээлгэж өгтөл дунджаар 3 сар зарцуулна. Одоо урд хил дээр аваачин өгч байгаа нүүрсийг 3 сарын өмнө биржээр зарсан гэсэн үг.

Нүүрсний үнэ унаснаас болоод улсын төсөв тасрах эрсдэл үүсэж байна. Манай улс энэ жил 83 сая тонн нүүрс тонныг нь 105 ам.доллароор зарахаар төлөвлөж, улсын төсөвт тусгасан. Нүүрсний үнийг 10 жилийн дунджаар тооцож, улсын төсөвт тусгадаг нь яамай. Хэрвээ тэгдэггүй бол ч бид баларна. Гэхдээ л 105 биш, 70 доллароор зарж, 1 тонн нүүрс бүрээс 35 доллар дутаж байна. Улсын төсвөөс ийм мөнгө удаан хугацаанд дутвал эцэстээ бид балрах нь баараггүй. “Нүүрсний үнэ өсөөсэй” гэж Ерөнхий сайд, Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд тэргүүтэн залбирч байгаа гэж найдъя. Бурханхалдун руу Цагаан сараар цувахдаа ч, Шилийнбогд дээр шинийн 8-нд гарахдаа ч ингэж залбирах л хэрэгтэй.

Үнэ өсөхгүй бол нүүрснээс бүрэн хамааралтай монголчууд өнөө жил хамраараа газар хатгаж мэдэх нь. Манай улс гадаадаас олж ирдэг 10 доллар тутмынхаа 6-г нүүрснээс олдог. ГЕГ-ын мэдээллээр, энэ оны 1 дүгээр сард гадаадад гаргасан барааны 44.1% нь чулуун нүүрс, 2.3% нь хүрэн нүүрс байв. Энэ хугацаанд манай улс 1019.2 сая ам.долларын бараа, түүхий эд гадаадад гаргажээ. Энэ нь 2024 оныхоос 23.1%-иар бага. Гадаадаас олж ирсэн валютын 889.7 сая нь буюу 87.3% нь эрдэс бүтээгдэхүүнээс олсон мөнгө.

Эдийн засгаа солонгоруулаагүй, зардаг ганцхан бараатай атлаа бид улсынхаа төсвийг тэнгэрт тулгачихсан байдаг. Жилийн өмнөхөн л 25.3 их наяд төгрөгийн төсөвтэй байсан бол өнөө жил 36 их наядыг үрж эхэлсэн. Төсвөө ингэж хэт тэлснээр үнэ өсөж, эдийн засаг шооконд орох эрсдэлтэйг эдийн засагчид сануулдаг ч улстөрчид тоодоггүй. Улсын төсвөө батлаад, 2 сар өнгөрөхөд л валютын нөөц дундарч, долларын ханш өсөн, юмны үнэ тэнгэрт хадчихлаа. Эдийн засагчдын үг үнэн байсныг харуулах эхний дохио энэ болов.

Ядахад Засгийн газар энэ тухайгаа ард түмэндээ хэлээд, бодит байдлаа ойлгуулчихгүй юм. “Бүх юм сайхан байна” гэж малилзаж явах хойгуур нь ченжүүд  Япон, Солонгосоос үнэтэй машин зөөж, наймаачид Хятадаас гахайн өөх дарж, иргэд гадаадаар зугаалаад, доллар, юаниа дуусгаж байна. Нэг мэдэхэд улсын сан хоосон, иргэдийн данс улайчихсан байвал хэцүү еэ.

0/1000