horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Д.Трамп АНУ-ын худалдааны түншүүдэд “харилцан тэгш тариф” ногдуулахаа зарлав

post-img

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын худалдааны түнш улс орнуудад “харилцан тэгш тариф” ногдуулах тухай санамж бичигт хоёрдугаар сарын 13-ны пүрэв гарагт гарын үсэг зурсан байна. 

Уг санамж бичигт тэмдэглэхдээ, Америкийн авч буй бодлого нь “худалдааны томоохон хийгээд байнгын алдагдлыг бууруулан”, хоёр талын хооронд оршиж буй шударга бус, тэнцвэргүй худалдааны байдлыг шийдвэрлэхийг зорьж байна гэжээ.

Мөн тэрээр АНУ-ын гадаад худалдааны түнш бүрт “харилцан тэгш тариф” тогтоохыг холбогдох газруудад даатган, шаардсан байна. Д.Трамп Цагаан ордонд санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ хэлэхдээ, “шударга байхын тулд миний бие харилцан тэгш татвар ногдуулахаар шийдсэн, бусад улс орнууд Америкт хэчнээн хэмжээний татвар ногдуулж байна, бид тэдэнд ижил тариф ногдуулах болно, илүү ч үгүй, дутуу ч үгүй” гэсэн байна.

Трампын энэхүү худалдааны шинэ бодлогын дагуу Цагаан ордноос зарим эрс ялгаатай тарифын жишээг татсан байна. АНУ-д үйлдвэрлэсэн автомашинд ЕХ 10%-ийн татвар ногдуулдаг бол АНУ-д гаднаас импортлогдон орж ирдэг автомашинд АНУ 2.5%-ийн тариф ногдуулдаг байна. Түүнчлэн Бразил улс Америкийн импортын этанолд 18%-ийн тариф ногдуулдаг бол ижил төрлийн бүтээгдэхүүнд АНУ ердөө 2.5%-ийн тариф ногдуулдгийг жишээ болгон татсан байна.

Дэлхийн худалдааны байгууллагын мэдээлснээр АНУ-ын худалдааны дундаж тариф 3.4% байдаг бол ЕХ-ны тарифын дундаж хувь хэмжээ 5% байдаг байна.

Канад, Герман, Япон зэрэг Америкийн холбоотон орнууд уг шийдвэрийг эсэргүүцэж, энэ нь олон талт худалдааны тогтолцоог алдагдуулж, улмаар дэлхийн эдийн засгийн хөгжилд саад учруулах учраас АНУ болон түүний худалдааны түнш орнууд энэхүү шийдвэрийн улмаас хүнд хохирол амсах болно гэжээ.

Д.Трампын гарын үсэг зурсан дээрх санамж бичгийн дагуу холбогдох төрийн байгууллагууд 180 хоногийн дотор “харилцан тэгш тариф ногдуулах” тухай төлөвлөгөөг гарган ерөнхийлөгчид тайлагнан танилцуулахыг үүрэгдсэн бол АНУ-ын Худалдааны аж үйлдвэрийн төрийн нарийн бичгийн дарга Ховард Лутник хэлэхдээ, түүний баг дээрх төлөвлөгөөг 4-р сарын 1-нд ерөнхийлөгчийн гарт бэлэн болгож өгнө хэмээн мэдэгджээ.

0/1000