Пүрэв гарагт ХБНГУ-ын Мюнхен хотод автомашинаар олон арван хүнийг дайрч, гэмтээсэн хэрэг гарчээ. Уг халдлагын улмаас наад зах нь 30 хүн бэртэж гэмтсэн байна.
Халдлага орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөөний 10:30 цагийн үед зам тээврийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн эсэргүүцлийн жагсаалын үеэр гарсан байна. Цагдаа нар хэрэгтэнг баривчлахаас өмнө түүний автомашин руу гал нээжээ.
Уг хэргийг 24 настай Афганистаны дүрвэгч Фархад Н гэгч эрэгтэй үйлдсэн болохыг цагдаагийн газар болон орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Сэжигтэнг хэргийн газарт баривчилсан байна.
Мөн цагдаагийн газраас сэжигтний түүх хэт даврах үзэл, терроризмтой холбоотойг тогтоосон учраас уг хэргийн мөрдлөгийг ХБНГУ-ын терроризмын эсрэг тэмцэх албаныхан хүлээж аваад байгааг мэдээлжээ.
German Press Agency агентлагийн мэдээлснээр хэргийг үйлдсэн сэжигтэн 2016 онд насанд хүрээгүй байхдаа Герман улсад ирсэн ч орогнол хүссэн түүний хүсэлтэд дараа жил нь татгалсан хариу өгч байжээ. Мөн түүнийг 2020 оны намар Герман улсаас албадан гаргах ёстой байсныг тус агентлаг мэдээллээ.
Баасан гарагаас ням гарагийн хооронд зохион байгуулагдах Мюнхены Аюулгүй байдлын бага хурлаас нэг хоногийн өмнө, мөн ХБНГУ-ын холбооны сонгуулийн санал хураалт явагдахаас долоохон хоногийн өмнө ийнхүү ээлжит нэгэн халдлага тус улсад гараад байна.
3 долоо хоногийн өмнө Бавари мужийн Ашаффенбург хотод 41 настай эр нярай хүүхдийнхээ хамт халдлагад өртөж, хутгалуулж амиа алдсан хэрэг гарсан бол өнгөрсөн зул сарын баярын үеэр Магдебург хотод мөн халдлага гарч, 6 хүн амь үрэгдэж, 300 орчим хүн гэмтсэн билээ.