Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Завхан аймгийн Сонгино, Нөмрөг сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаа болон ариун цэврийн байгууламжтай танилцлаа. Эдгээр сумын боловсролын байгууллагуудын ариун цэврийн байгууламжийг 2 дугаар ээлжээр “Сантех-Увс” ХХК хийжээ. Ашиглалтад орсноос хойш эвдрэл гэмтэл гараагүй, цэцэрлэг, сургууль жижиг засваруудаа хийж хэвшсэн байна. Харин Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн 2012 онд ашиглалтад орсон ариун цэврийн байгууламжаа өнөөдрийг хүртэл ашиглахгүй байна. Шугамыг ил болгож засах шаардлагатай болжээ. Барилга нь цуурсан тул засах шаардлагатай байна.
Тус сумдын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаа, орчин нөхцөл сайн. Сургуулиуд гүйцэтгэлийн үнэлгээнд II түвшинд үнэлэгдсэн, Сонгино сум 17 багш үнэлгээнд хамрагдсанаас 14 багш урамшуулал авч байгаа бол Нөмрөг сумын сургуулиас үнэлгээнд хамрагдсан багш нар 100 хувь урамшуулал авч байна.
Сургуулиудын ширээ сандлыг шинэчлэх шаардлага үүссэн байна. Нөмрөг сумын цэцэрлэг зориулалтын бус байртай аж.